Улаанбаатар Сонгдо эмнэлгээс гаргасан хамар битүүрлийн талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Хамар яагаад битүүрдэг вэ
Хамар битүүрэх үндсэн хэд хэдэн шалтгаан бий. Гадаад орчны агаарын бохирдол, харшил, хамрын бүтцийн өөрчлөлтөөс хамар битүүрч болно. Гэмтлийн улмаас, хамрын таславч муруй байх, хамрын дайврын үрэвсэл, архаг гайморит зэрэг шалтгаан байдаг. Зарим хүний хамар хэдэн улирлаар битүүрч байхад, зарим нь зөвхөн зуны улиралд битүүрдэг гээд янз бүр. Хамар бол гаднаас агаарыг дамжуулж хүний биед оруулж байгаа амьсгалын эрхтэн. Агаар ямар байхаас шалтгаалаад шүүх, халаах, чийглэх үүрэг хамарт байдаг. Хамрын нүх ээлжилж амьсгалдаг. Өөрөөр хэлбэл нэг тал нь хоёр цаг ажиллаад, нөгөөх нь хоёр цаг гэх мэтээр цикл хэлбэртэй гэсэн үг.
Хамрын дотор гурван самалдаг байдаг. Доод самалдаг нь гаднаас орж ирж байгаа агаарыг хамгийн их гаднаас орж ирж буй бактери, вирус гээд нүдэнд харагдахгүй тоосыг өөртөө татаад, цэвэрлэдэг. Бид найтаах үед цуглуулсан бактерийг гаргаж байна гэсэн үг юм. Мөн хүйтэн агаарыг халааж, хуурай байвал чийглээд организмд цэвэр агаар орж ирдэг. Энэ агаараар бид амьсгалдаг. Түүнээс биш шууд бид агаараар амьсгалдаггүй. Тэгэхээр ийм чухал эрхтэн юм. Удаан хугацаанд хамар битүүрч явснаас болоод сүүлдээ үнэр, амт мэдрэхгүй болдог. Үнэрлэхүй буурвал эргэн сэргэх боломж бараг байдаггүй. Тиймээс хамрын битүүрэлтийг мэргэжлийн эмчид үзүүлж, яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Хамрын дусаалга хараанд муугаар нөлөөлдөг үү
Хамрын дусаалга хоёр янз байдаг. Харшлын гаралтай болон судас агшаах, хамар онгойлгох зориулалттай. Харшлын гаралтай, гормоны үйлчилгээтэй дусаалга нь хамар дотор мах ургасан тохиолдолд хэрэглэдэг. Энэ төрлийн дусаалгыг удаан хугацаагаар хэрэглэх юм бол нүдний дагуу байрладаг судсууд нарийсч хараа мууддаг. Тэгэхээр дусаалга хэрэглэхдээ заавал эмчийн зааварчилгаагаар хэрэглэх нь зүйтэй.
Хүүхдийн хамрыг сорж цэвэрлэхийг хориглоно
Хүүхдийн хамрыг цэвэрлэхдээ аппаратын тусламжаар нусыг нь соруулж болно. Эсвэл 0.9%-ийн натрийн хлорид уусмал хамарт нь дусааж цэвэрлэж болно. Хамгийн гол нь нусыг нь нийлгэж сургах нь чухал. Түүнээс биш өөрөө сорж болохгүй. Хүүхэд ч гэсэн нэг ертөнц болохоор түүнд байгаа бактерийг аав, ээж нь авч байна гэсэн үг. Тэгэхээр хамрын үрэвсэл авах аюултай. Хүүхдийн нян, насанд хүрсэн хүний нян хоёр өөр. Хүүхдийн өвчнөөр насанд хүрсэн хүн өвдвөл илүү хүнд өвддөг учраас хамрыг сорж цэвэрлэж болохгүй.