Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн тэргүүтэй 9 гишүүн өргөн барьжээ. Нэмэлт өөрчлөлтөөр, аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг тухайн байгууллагаас нь олгодог болохыг нэмэлт өөрчлөлтөөр оруулахыг тусгасан байна.
Одоо мөрдөгдөж буй хуулиар дараах тусламжийг олгодог.
60.1.Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
60.2.Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно.
60.3.Төрийн албан хаагчид энэ хуулийн 60.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нөхцөл, журмыг Засгийн газар тогтооно.
Тайлбар: Төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэний амь насанд урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан хохирол учруулсан бол энэ хуулийн 60.2-т заасан буцалтгүй тусламжийг түүний ар гэрт мөн адил олгоно.