Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс "Монгол хэлний зөв бичих дүрмийн толь"-ийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэхүү толийг http://toli.gov.mn/ хаягаар үзэх боломжтой юм байна. Тус толь бичигт 37486 үг орсон бөгөөд үүний 1000 гадаад үг байгаа аж. "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийг эрхлэн гаргахад Академич Л.Болд, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян, Монгол Улсын Ардын багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор М.Базаррагчаа, Ж.Баянсан нарын 28 эрдэмтэн судлаачид оролцсон байна. Эрдэмтэд хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байж, уг толийг бүтээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улс 1941 оноос крилл бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн хэдий ч зөв бичих, үгсээ журамлах асуудал нэлээд хожуу эхэлж, Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд анх журамлаж байв. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч нэгдсэн байдлаар дахин журамлаагүй юм. Харин өнөөдөр 38 мянган үгийг журамлаж, шинээр хэвлэн гаргалаа. Энэ бол хэн нэгний үзэл бодол, хувийн байр сууринаас үл хамаарч, Монгол хэлний журамласан толийг төрөөс эрхлэн гаргаж байгаа нь энэ юм. Өнөөдрөөс эхлээд уг толийг онлайн байдлаар олон нийтэд нээлттэйгээр хэрэглүүлж эхэлнэ" гэж онцолсон юм.
1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” болох 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж хэвшсэн байсан. Харин цаашид үгийн зөв, буруу бичлэгийг энэ толийн дагуу явахаар боллоо.

Монголын Улсын Ардын багш С.Дулам "Сүүлийн хоёр жилийн турш манай эрдэмтэд хүчин чармайлт гарган, ажилласны хүчинд энэ толийг гаргаж чадлаа. Эдгээр эрдэмтэд Акедимч Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтдийн гаргаж байсан толийг дахин шинэчлэн, 38 мянган үгээр журамлалаа. Нутгийн аялгууны үг, нутаг нутгийн онцлогоос үүдээд 200 сая үгийн хэрэглээ байна гэсэн ерөнхий судалгаа байна. Тиймээс бид эдгээр үгийг нийтлэг хэрэглээгээр нь эрэмбэлэн жагсааж, 38 мянга болгон хэрэглэгчдэдээ өргөн барьж байна. Энэ бол хэрэглээний төвшинд бүх нийтээрээ хэрэглэх боломжтой толь юм. Мэдээж эрдмийн маргаан үргэлжилнэ. Энэ маргаан үргэлжилж, дахин эрэмбэлэгдэх хүртэл уг толь бичиг хэрэглэгдсээр байх болно. Олон жилийн турш Монгол хэлний зөв бичих зүйн асуудал маргаан дагуулсаар ирсэн. Хамгийн ихээр маргаан дагуулж байсан үгнүүдийг манай эрдэмтэд тухайлан хэлэлцэж, журамласан. Хамгийн энгийнээр хэлэхэд, 700 үгийн жагсаалтыг хүртэл дахин журамласан үг гэсэн үг. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй. Журамласан толинд үгсийг хэрхэн бичихээр заасныг л дагна гэсэн үг. Би ийм их эрдэмтэн хүн. Энэ үгийг ингэж бичнэ гэсэн үг өнөөдрөөс байхгүй болж байна" гэв.