Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Налайхад төрж, өссөн Засаг дарга С.Амарсайхан танаас асууя

Налайхад төрж, өссөн Засаг дарга С.Амарсайхан танаас асууя
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 2
Нийслэлийн гэр хорооллын 202 мянган өрх жилд 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг. Тэндээс  ялгарч байгаа утаа нь Улаанбаатарын агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Иймд нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгжүүд энэ өвөл түүхий нүүрс түлэхгүй. Хориглосон Засгийн газрын тогтоолтой.
Өвөлдөө угаартаж үхэхээсээ өмнөхөн амжиж хавартай золгодог хотынхонд Засгийн газрын шийдвэр таалагдав. Харин түүхий нүүрс зарж амь, амьжиргаагаа залгуулдаг хэсэгт, ялангуяа Налайхын уурхайчдыг гонсойлгож байна. Тэгэхдээ нийтийн эрх ашгийн төлөө тэд орлогын өөр эх үүсвэр хайхаас өөр замгүй. Иймд Налайхын уурхайчдын зарим нь барилга, цагийн ажилд ажиллаж байгаа бол нөгөө хэсэг нь уурхайд ажиллах зөвшөөрөл өгөхийг хүлээж сууна.  
2016 онд уул уурхайн салбарын ажил, үйлчилгээг цэгцлэх шаардлагатай гэж Налайх дүүргийн удирдлагууд дүгнэн анх удаагаа “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийг ашиглажээ. Асуулгад санамсаргүй аргаар 1000 хүн сонгоод түүнээс дахин 500 хүнийг шигшин хоёр өдрийн турш санал асуулгын хариулт авчээ. “Налайхын уурхайг бүр мөсөн хаах нь зөв үү...? гэсэн асуултад иргэдийн 300 гаруй буюу 70 хувь нь “Хаая” гэсэн санал өгчээ. Иргэд болон төрөөс Налайхын уурхайг “хаая” гэдэг ч учиртай. Уурхай нээх болон хаах цагт аваар осол гардаг нь дэндүү эрсдэлтэй. Тэд олон хүний амь нас, эрүүл мэндийг илүүд үзсэн хэрэг.
Их уурхай дэлбэрснээс хойш нүүрс олборлох боломжтой газарт лиценз өгч, нөөц ихтэй газрууд хувь хүний мэдэлд шилжүүлсэн. Лицензийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас өгчээ. Ингээд нийт 27 компани лицензийнхээ эрхийн дагуу арвин их нөөцтэй Налайхын нутаг дэвсгэрт малтлага хийж, ашигласаар өдийг хүрч. Хамгийн том бөгөөд 200 га газар “Сүмбэр худаг” компанид харьяалагддаг. “Сүмбэр худаг” компанитай дүүргийн удирдлагууд гурвалсан гэрээ байгуулж Налайх дүүргийн иргэдийг хоёр жил ажиллуулах боломжтой болгосон байна. Гэтэл энэ жил гэрээний хугацаа дууссан учир Налайхын ажилчдыг ажиллуулахгүй гэсэн мэдэгдлийг компанийн зүгээс дүүргийн удирдлагуудад хэлжээ.
Налайх дүүргийн удирдлагууд Ашигт малтмалын хуулийн дагуу уурхай ажиллуулах зөвшөөрлийг нөхөрлөлийн зарчмаар өгч байсан байна. Өнгөрсөн жил найман нөхөрлөлд 72 уурхайд 1200 гаруй уурхайчин ажиллажээ. Налайх дүүргийн тохжилт, нийтийн хэрэгцээний мэргэжилтэн Э.Пүрэв-Очир “Энэ жил 5-6 нөхөрлөл байгуулан ажиллах хүсэлтээ өгсөн уурхайчид байна. Урьд урьдын жилүүдтэй харьцуулахад зөвшөөрөл өгөх уурхайн тоо буурсан нь нийслэлд түүхий нүүрс оруулж болохгүй учир санал хүсэлт гаргасан нөхөрлөлд зөвшөөрөл олгож магадгүй гэж үзэж байгаа. Нийт 30 гаруй уурхай ажиллана  гэсэн үг” гэв. Жилд 600 мянган тонн нүүрсийг нийслэлд оруулдаг байсан бол энэ жил хот руу нүүрс орохыг хориглосноор эрэлт буурч байгаа учир цөөхөн уурхай ажиллуулах аж. Тэдгээр уурхайчид Налайх дүүргийн 7000 өрхийн хэрэгцээ, Төв аймаг, Эмээлт, Хонхор, Гачуурт зэрэг нүүрс оруулахыг хориглоогүй бүсийн хэрэгцээг хангах ёстой юм.
Тэгэхээр энэ жил 700 гаруй уурхайчин хийж сурсан ажилдаа ажиллаж амьжиргаагаа залгуулах юм байна. Харин үлдсэн 500 гаруй уурхайчин ямар ажил хийж аж төрөх вэ? Үйлдвэрлэл үйлчилгээ хөгжөөгүй Налайх дүүрэгт ажлын байр одоог хүртэл алга. Тэртээ 1990-ээд онд Улаанбаатар хотын аж үйлдвэрлэлийн төв байсан налайх дүүрэг өнөө цагт засаг захиргааны халамж, анхаарлаас гарч, алслагдсан дүүрэг гэдэг утгаар айлын шоовдор хүүхэд шиг л байх болж.
Дүүргийн иргэдээс авсан санал асуулгын үр дүнгээс дүүргийн удирдлагууд гарц хайж хэд хэдэн боломж олжээ. Налайхын уурхайчдыг өөр уурхай руу шилжүүлэх /Багануур, Оюутолгой гэх мэт/, Уурхайчдыг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран мэргэжилтэй болгох, Уурхайчин бүрт гарааны бизнесийн мөнгө олгох. Энэ нь 10 жилийн хугацаанд хүүгүй төлж дуусгах ёстой 20 сая төгрөг өгөх гэсэн санаачлагыг  Засгийн газарт уламжилжээ. Гэвч Засгийн газраас ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй байгаа тухай дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Алтангэрэл өгүүлсэн юм.
Уурхайчдыг ажлын байртай болгох үүднээс Хөдөлмөрийн биржид ажлын байрны зарлал тавьж, ажиллах боломж байдаг боловч уурхайчид уурхайдаа ажиллах хүсэлтэй байдаг гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс бүх уурхайг ажиллахыг нь хориглоод 60 гаруй хүнийг Налайхын зам засварын ажилд оролцож болох байсан хэдий ч хоёр, гуравхан хүн л ажилласан байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үнэ төлбөргүй сурах зуны сургалтын анги нээсэн боловч уурхайчид мөн л очоогүй аж.
Гэхдээ аливаа асуудалд гарц ямагт байдаг даа. Налайх дүүргийн ажлын байрны дутагдлыг багасгах гол гарц нь “Налайхын барилгын материалын парк” хэмээх байгууламжийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Парк нь  барилгын салбарт ашиглах хаалга, цемент, шил, цонх гэх мэт барилгад хэрэглэх материалыг үйлдвэрлэх, худалдаалах газар юм. Дүүргээс тэрхүү паркад Налайхын иргэдийн 80-90 хувийг үйлдвэр, үйлчилгээний газартаа ажиллуулна гэсэн болзолтойгоор газар олгожээ. Хэрэв парк ажиллаж эхлэвэл дүүргийн 2000 гаруй иргэн ажлын байртай болох юм. Гэвч дахиад нэг асуудал урган гарчээ. Энэ нь тэдгээр үйлдвэр, үйлчилгээний төв баригдах газарт тог цахилгаан, ус, зам зэрэг дэд бүтцийн асуудал байгаа аж. Паркын ажлыг хурдасгаж ажилгүй уурхайчдаа ажилтай болгох нь хамгийн зөв гарц. 
Хэрэв Налайхын уурхайг ажиллуулсаар байя гэвэл нүүрсний нөөц хангалттай байгаа. Гэхдээ нөөц нь газрын долоо, наймдугаар үед буюу 100 метрээс илүү гүнд байгаа нь нүүрс гаргахын тулд жоотуу, хүрз бариад малтах үе ард хоцорч, техник технологи ашиглахаас өөр аргагүйд хүрсэн аж. Налайхын нүүрсний үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь ч энэ. Гадаадын технологийг оруулж ирж нэгдсэн удирдлагатай ганц том уурхай байгуулах эсвэл уурхайг бүр мөсөн хааж хойч үедээ үлдээх гэсэн сонголт бидэнд тулгараад байна. Тэгвэл одоо ажилгүй уурхайчдаа яах вэ. Тун удахгүй шинэхэн цастай золгох гэж байна. Өрхийнхөө орлогыг бүрдүүлдэг уурхайчид юу хийх вэ? энэхүү асуултад налайх дүүрэгт төрж өссөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танаас хариу хүсч байна.
Сэтгүүлч: Ц.Дуламсүрэн
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн