Норвегийн уран зураач Эдвард Мункийн “Хашгираан” бүтээл нь урлагийн түүхэн дэх хамгийн хосгүй, алдартай зургуудын нэг юм. Уран зураачийн амьдрал бүхэлдээ эгэл дардан, тайлагдашгүй оньсого мэт өнгөрсөн байдаг. Харин түүний хамгийн суут бүтээл нь одоо хүртэл хүмүүсийн төдийлөн мэдэхгүй олон нууцыг агуулдаг аж.
Английн нийслэл Лондон хотод байх Их Британийн музейд Эдвард Мункийн бүтээлүүдийн эх хувь болон ноорог зургуудыг дэлгэн тавьсан “Эдвард Мунк: Хайр ба эгдүүцэл” үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 11-нд нээлтээ хийж энэ оны долдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх аж. Энэ арга хэмжээ нь Англи улсад 45 жилийн дараа болж буй агуу уран зураачийн анхны том хэмжээний үзэсгэлэн юм. Үзэсгэлэнг зохион байгуулагч урлаг судлаач Жулиа Бартрум хэлэхдээ “ Хүмүүс ‘Хашиграан’ зурагт орилж буй хүн дүрслэгдсэн байдаг гэж боддог. Гэхдээ та Эдвард Мункийн эх хувийг харах юм бол өөр зүйл дүрслэх гэж оролдсон болохыг нь мэдэх болно. Энэхүү бүтээл нь түүнийг сэтгэл хөдлөлийн тусгал юм” гэсэн байна.
Үнэндээ зураач уг бүтээлдээ Норвегийн нийслэл Осло хотод нар жаргаж буй агшныг харж буй дурсамжаа үлдээсэн аж. Харин цусан улаан тэнгэр нь түүний сэтгэл санаа тухайн үед түгшиж байсныг илэрхийлдэг байна. Эдвард Мүнк “Хашиграан” бүтээлийнхээ ноорог зурагт Герман хэлээр “Би байгаль дэлхий тэр чигтээ хашгирч байгааг мэдэрсэн” гэж бичиж үлдээжээ. Гэхдээ уран зурагт дүрслэгдсэн хүн хоёр гараараа чихээ дарж байгаа нь байгалийн хашиграаныг үгүйсгэдэг гэж урлаг судлаачид үздэг байна.
Энэ талаар Жулиа Бартрум “Зурагт дүрслэгдсэн долгиолсон гялбаа нь түүний мэдрэмжийн дүр төрхийг илтгэдэг. Тиймээс хүмүүс уг бүтээлийг буруу ойлгохоос өөр аргагүй байдалд хүрдэг. Хар, цагаан нооргийн ард сэрээгээр сийчиж, чичрүүлж байгаа өнгө аяс нуугдаж байдаг. Та Хашиграанаас өөрийн сэтгэл хөдлөлийг ч олж харж болно. Учир нь хүн бүр л цөхрөнгөө бардаг” гэсэн аж.
Мөн уг бүтээлийг олон жилийн турш улс төрийн сонирхлоор буюу цөмийн зэвсгийг хориглох кампанит ажил зэрэгт ашиглаж ирсэн нь хүмүүст буруу ойлголт төрүүлэх үндэс болдог байна. Гэтэл Эдвард Мүнк олон нийтийг уриалах зорилгоор “Хашиграан”-ыг туурвиагүй бөгөөд өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхийг зорьсон аж.
Эдвард Мүнк маш зожиг, ганцаардмал нэгэн байсан юм. Тэрээр өөрийн нооргоос бүтээлүүдээ хуулбарлан буулгах үедээ тухайн үеийн сэтгэл хөдлөлөө алдахгүй, тогтвортой байлгах гэж ихэд хичээдэг байсан аж. Түүний бүтээл бүр нь маш олон, гүн гүнзгий утга санааг агуулж байдаг учир өөр зорилгоор ашиглахад хялбар байдаг. Тиймээс та Эдвард Мүнкийн бүтээлүүдийг хувийн сэтгэл хөдлөлдөө уялдуулан мэдрэх хэрэгтэй. Харин улс төрийн зорилгоор хэзээ ч мэдэрч, ашиглаж болохгүй гэдгийг Жулиа Бартрум нэмж хэлсэн байна.
Эдвард Мункийн талаар зарим сонирхолтой баримтыг дурдъя. Тэрээр 1863 оны арванхоёрдугаар сарын 12-нд Норвегийн Адалсбрук тосгонд төрсөн байдаг. Түүний хүүхэд нас хийгээд амьдралд нь гунигт хагацлаар дүүрэн байсан аж. Ердөө таван настай байхад нь ээж нь сүрьеэ өвчнөөр нас барсан бөгөөд үүнээс есөн жилийн дараа уг өвчнөөр эгчийгээ алдсан байдаг аж. Суут бүтээлүүдэд нь гүнзгий дүрслэгдэн үлдсэн байдаг уй гашуу, сэтгэл гутрал, хар бараан нь түүний амьдралын туршид тээж явсан гунигт дурсамжуудтай нь холбоотой гэж үздэг байна.

Эдвард Мунк нь модерн уран зургийн загалмайлсан эцэг, бэлэг тэмдэг нь юм. Түүнийг XX зууны Америкийн агуу зураачид, поп артын анхдагчид болох Энди Уорхол, Жаспер Жонес нарт хамгийн ихээр нөлөөлсөн хүн гэж үздэг. Гэхдээ түүний зарим зургууд өөрөөс нь ч илүү алдартай байдаг. Учир нь тэрээр маш ганцаардмал, зожиг, нэр төр хөөцөлдөж явдаггүй, эгэл даруу, ядуу нэгэн байсан юм. Түүнийг амьдралынхаа туршид 1.000 гаруй уран зураг, 4.000 гаруй гар зураг зурсан гэж үздэг. Гэхдээ 1944 онд нас барах үед нь нурах шахсан гэр, урлангаас нь 15.000 орчим зураг, бүрэн хэмжээний уран зохиол, богино өгүүллэгүүд, захидал, шүлэг, бясалгалын тухай болон түүний сонирхдог зүйлс, амьдралыг үзэх үзлийн тухай 13.000 орчим хуудас гар бичмэл олсон байна. Мөн хамгийн сонирхолтой нь түүхэнд анхны тохиолдол ч байж болох өөрийн “Seilfie” гэрэл зургуудыг авсан байжээ.
Энэ бүхнээс түүнийг ганцаардмал бусадтай харьцаж өөрийгөө илэрхийлдэггүй нэгэн байсан ч Эдвард Мунк гэх бүхий л зүйлийг зурж, бичиж үлдээсэн гэж дүгнэдэг байна. Тэрээр амьдралынхаа туршид хэзээ ч өнөөдрийнх шигээ ийм алдартай нэгэн байгаагүй юм. Түүнийг амьд ахуйд зөвхөн урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүс л ойлгож, биширдэг байжээ.