ШХАБ-д элсэх, эсэх асуудалд УИХ-ын гишүүд ийм байр суурьтай байна
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 6
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын ээлжит хурал энэ сарын 9, 10-нд Хятадын Циндао хотод болно. Энэ удаагийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох бөгөөд Гадаад харилцааны яамнаас бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Манай улс тус байгууллагын гишүүнээр элсэх ёстой гэдэг байр суурийг Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан гадаад бодлогын асуудлыг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцсэн төдийгүй манай улс ШХАБ-ын гишүүн болох нь зөв, эсэх тухайд УИХ дахь намын бүлгүүд хуралдан, байр сууриа нэгтгэсэн. ШХАБ-д элсэх, эсэх эцсийн шийдвэр гараагүй ч Засгийн газар элсэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг Засгийн газрын зарим гишүүн илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүд энэ асуудалд ямар байр суурьтай байгааг хүргэе.
Д.Цогтбаатар: Гадаад харилцааны яам мэргэжлийн төвшинд нарийвчилсан судалгаа хийж байна

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: ШХАБ-д Энэтхэг, Пакистан улс нэгдэж, 2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгийг боловсруулснаас хойш энэ байгууллагын талаар нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байна. Тиймээс Гадаад харилцааны яам мэргэжлийн төвшинд нарийвчилсан судалгаа хийж байна. Нээлттэй судалгаа хийж, байр сууриа эцэслэн гаргана. Хуучин нэг л байр суурьтай байдаг байсан бол өнөөдөр тал талаас нь мэргэжлийн төвшинд судалж үзээд тодорхой байр сууриа гаргана. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна гэдэг өнцгөөс хандаж, ярилцсан. Манай улс ШХАБ-ын хүрээнд ажиглагч орны статустай. Манай улсын хувьд хамтын ажиллагаагаа шат шатандаа ахиулж байгаа. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байгаа. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
ШХАБ-т элсвэл Монгол Улс хоёр том хөршийн нөлөөнд автаж байгаа мэт харагдана
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Шанхайн хамтын ажиллагааны байгуулага жинхэнэ утгаараа цэргийн байгууллага биш. Гэхдээ энэ байгууллагын үүссэн, хөгжсөн түүх, одоо байгаа байдал, цаашаа ямар чиглэлээр хөгжих вэ гэдгийг нь хараад байхад нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлал байна гэж үзэж байгаа. Ер нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх үү, үгүй юү гэдгийг олон талаас нь харж судлах ёстой. Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлага дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад ялгаагүй. Харин гадна талдаа Монгол Улс хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана. Энэ байгууллага хаашаа хөгжих гээд байгааг сайтар харах ёстой. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Тусгаар тогтнол гэдэг бол зүгээр нэг НҮБ-ын гишүүн байхаас илүү бодит байдал дээр бие даасан бодлого явуулж чадах уу гэдэг асуудал байдаг. Монгол Улс 1990 оноос хойш гурав дахь хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гурав дахь хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй.
Б.Энх-Амгалан: Манай улс томоохон төслүүдээ хөдөлгөе гэвэл ШХАБ-д элсэхээ шийдэх л ёстой
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Бид ШХАБ-ыг ярихаасаа өмнө олон улсын харилцааны чиг хандлага хаашаа явж байгааг харах ёстой. Өмнө нь дэлхий нийтээрээ олон туйлт харилцаагаар явж байсан. Өөрөөр хэлбэл, дэлхий хавтгай болж байгаа учраас глобалчлал явуулах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байжээ. Энэ нь ч манай улсад үр дүнгээ өглөө. Харин өнөөгийн нөхцөл байдлыг харахад олон улсын харилцаа Европын холбоо, Арабын холбоо, Евразийн холбоо гэх мэт бүс нутгийн шинжтэй болж байна. Бүс нутгаараа манай улс төв Азидаа хамаардаг. Далайд гарцгүй улс. Харин ШХАБ-ын гол хоёр түнш нь Орос, Хятад Улс. Тиймээс манай улс бүс нутгийнхаа харилцаанд нэлээд идэвхтэй байр суурьтай байх зарчмын асуудал бий. Гэхдээ энэ асуудлыг олон талаас нь судалж үзэх ёстой. Бидний хүнд хэцүү байсан үед хандивлагч болж хамт байсан олон орон бий. Тиймээс энэ орнуудтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг зөв тооцоолох нь чухал. Үүнээс гадна ШХАБ гэж ямар байгууллага болох талаар хүмүүс өөр өөр байр суурьтай байдаг. Зарим нь цэргийн байгууллага гэдэг бол зарим нь цэргийнх биш гэдэг. Харин энэ байгууллага цэргийнх биш гэдгээ зарлаж, Энэтхэг, Пакистан Улсыг гишүүнээр элсүүллээ. Манай улсын хувьд бүс нутгийн харилцаагаа хөгжүүлэх, тэр дундаа Монгол, Орос, Хятадын дундуур явуулах эдийн засгийн коридорын асуудлыг сайжруулах, томоохон төслүүдээ хөдөлгөе гэвэл ШХАБ-д элсэхээ шийдэх л ёстой. Хэзээ нэгэн цагт Монгол Улс ШХАБ-ын гишүүн болно гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Тиймээс бид судалж, төрийн нарийн бодлого явуулах нь зүйтэй.
Д.Тэрбишдагва: ШХАБ-д Энэтхэг, Пакистанаас өмнө манайх элссэн бол манайд төмөр зам тавьж өгөх боломж ч байсан
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Монгол 14 жил ШХАБ-ын ажиглагч улс байлаа. Энэ хугацаанд ямар ч үр дүн гарсангүй. Жил бүр Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нь дэмий очдог гэх шүүмжлэлийг УИХ-аар ярьдаг. Гэтэл хоёр хөрш Монголыг тойруулаад замаа, нефтиэ, газаа барьчихлаа. Энэ бүхэн манайд оройтоод, бараг хэрэггүй шахуу тал руугаа орж байна. ШХАБ-д 2017 онд Энэтхэг, Пакистан элсэхээс өмнө манайх элссэн бол олон талын хэлэлцээр болон манайд төмөр зам тавьж өгөх боломж ч байсан. ШХАБ гэж ярихаар манайхан Хятад гэж боддог. Гэтэл энэ дотор дэлхий багтчихаад байна.
Ч.Улаан: ШХАБ элсэх нь эдийн засаг талаасаа давуу талтай
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Монгол Улс ШХАБ-д яагаад элсч болохгүй гэж. Би хувьдаа онц харшлах зүйл байхгүй гэж бодож байна. Харин ч эдийн засгийн хамтын ажиллагааны интеграцид идэвхтэй оролцох тал дээр бидэнд олон давуу тал гарч ирэх боломжтой. Би эдийн засаг талаас нь харж байна шүү. Улс төр талаасаа ямар байхыг мэдэхгүй байна.
Ё.Баатарбилэг: ШХАБ-д болгоомжтой хандах ёстой
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: ШХАБ-ыг байгуулсан цагаас эхлэн Монгол Улс ажиглагчийн байр сууринаас хандаж эхэлсэн. Хөрш орнуудын зүгээс Монголыг ажиглагч биш жинхэнэ гишүүнээр элсээч гэсэн санал тавьж байсан гэсэн мэдээлэл ч байдаг. Монгол Улс ажиглагчаар байх, гишүүнээр байх хоёр нь ямар ач холбогдол, хор хөнөөлтэй вэ гэдэг нь тодорхой биш байна. ШХАБ бол төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, хөрөнгө, санхүүжилт олгодог байгууллага биш. Энэ бол Зүүн хойд азийн бүс нутгийн улс төрийн чиглэлээр бодлого зангиддаг улс төрийн нэгдэл гэж би ойлгодог. Энэ байгууллагын гол тулгуур нь БНХАУ, ОХУ, Энэтхэг улс байдаг. Монгол Улс бол төвийг сахисан, гуравдагч хөршийн бодлого явуулдаг улс. Ийм нөхцөлд ШХАБ-д болгоомжтой хандах ёстой. Сүүлийн өдрүүдэд энэ байгууллагад элсэх нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн дунд их явж байна. ҮАБЗ юу гэж үзэж байгаа, энэ байгууллагад элсвэл гуравдагч хөрш, томоохон зээл тусламж үзүүлдэг гуравдагч орнууд ямар байдлаар хандах зэрэг олон асуудал байна. Тиймээс маш болгоомжтой хандахгүй бол Монгол Улсын олон улсын тавцан дах байр сууринд нэлээд өөрчлөлт орох болов уу гэж харж байна.
Г.Тэмүүлэн: Зарчмын хувьд ШХАБ-д элсэх нь Монгол Улсын гадаад бодлоготой нийцэхгүй
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Аливаа улс үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийнхаа асуудлаар тэр дундаа гадаад бодлогын асуудал дээр нэгдмэл бодлоготой, нэг цонхны бодлогоор хандах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогынхоо хүрээнд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нэг цонхны бодлогоор нэг үг, бодлоготой, нэг амаар дуугардаг байх ёстой. Яагаад вэ гэвэл гадаад бодлого нь тухайн улс орны эдийн засаг, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалтай шууд хамааралтай асуудал учраас хариуцлагатай хандах учиртай. Аль нэг институцийн бодлого гэж байх ёсгүй, Монгол Улсын нэгдмэл бодлого энд үйлчлэх ёстой. ШХАБ-ын хувьд Монгол Улс ажиглагчийн статустайгаар оролцоод 14 жил болж байна. ШХАБ дахь манай улсын оролцоо цаашид ямар байх вэ гэдгийг өмнө нь “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэсэн ганцхан өгүүлбэрээр тодорхойлж ирсэн. Зарчмын хувьд ШХАБ-д орох нь Монгол Улсын гадаад бодлоготой нийцэхгүй. ШХАБ чинь НАТО-гийн эсрэг зогсох зорилготой байгуулагдаж байсан цэрэг, улс төрийн байгууллага. Хэрэв гишүүнээр орох эсэх асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа бол ямар давуу, сул талтай. Яагаад Монгол Улс одоог болтол ажиглагчаар оролцож, анхааралтай ажиглаж ирсэн гэдгийг нухацтай үнэлж цэгнэж байж шийдэх асуудал.
Д.Сумъяабазар: Засгийн газар ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустайгаар 13-14 жил явчихлаа шүү дээ. Бид ажиглаад л байдаг. Бусад улс орон элсч ороод, хөгжөөд байдаг. Хамтарч нэгдээд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад байдаг. “Бүс зам”, “Эдийн засгийн коридор” гэх мэтийн хүрээнд харилцан ашигтай ажиллаж байна. Засгийн газраас энэ байгууллагад элсч орох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Удахгүй УИХ-д энэ асуудлыг оруудлах байх.
Дашрамд сонирхуулахад, ШХАБ нь Орос, Хятад, Казахстан, Тажикстан, Кыргызстан, Узбекстан улсын төрийн тэргүүн 2001 онд үндэслэн байгуулсан бүс нутгийн олон улсын байгууллага юм. ШХАБ-д багтаж буй орнуудын нийт нутаг дэвсгэр нь 30 сая хавтгай дөрвөлжин километр буюу Евроазийн бүх нутгийн 60 хувийг эзэлдэг бол оролцогч улсуудын хүн ам нь нэг тэрбум 455 сая бөгөөд хүний нөөцөөрөө манай гарагийн бүх хүн амын дөрөвний нэг нь болдог. Тус байгууллага дэлхийд АНУ-ын дараа ордог бөгөөд Хятадын эдийн засгийг оролцуулаад хүчирхэг эдийн засгийн нөөцтэй аж.