Хүүхдийн хөгжил төлөвшилтийн тухай ойлголт ном зохиол, эрдэмтдийн бүтээлүүдэд 0-5 насыг хамгийн ихээр чухалчлан үзэж хүний хөгжлийн алтан үе ч гэж нэрлэсэн байдаг. Тэгвэл аав ээжүүдийн хамгийн чухал хүсэл нь хүүхдээ ирээдүйд аз жаргалтай амжилттай бие хүн болгон өсгөж хүмүүжүүлэхийг зорьдог. Бага насны хүүхэдтэй хэрхэн харьцах вэ гэсэн сэдвээр “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийн сэтгэл судлаач Б.Номинтой ярилцлаа
-Бид хүүхдийн хөгжил төлөвшилтийн талаар тэр дундаа бага насны хүүхэдтэй хэрхэн зөв харьцах ёстой вэ гэдэг талаар уншигчиддаа тодорхой мэдээлэл өгөхийг зорьж байгаа. Ер нь хүүхдийн хөгжил гэдэг маш том ойлголт. Үүнийг багцлаад хаанаас, юунаас эхлэх нь зөв бэ гэдгээс яриагаа эхлүүлцгээе.
-Оюун ухаан, танин мэдэхүй, нийгэм сэтгэлзүйн хөгжлийн хувьд хүүхдийн 2-7 насыг үйлдэл төлөвшихийн өмнөх шат буюу ирээдүйн бүх дадлын суурь нь бий болдог маш чухал үе гэдгийг тогтоосон байдаг л даа. Сүүлийн үед тархи судлалын талаарх материалуудад ч энэ талаар олон сонирхолтой баримтуудыг батлан харуулсаар байгаа. Учир нь хүний тархины хөгжлийн 70-80 хувь нь энэ насанд явагддаг. Тиймээс бид амжиж хөгжил төлөвшилтийн зөв суурийг бий болгох мэдээллийг тархины шинээр үүсч буй тэдгээр холбоосуудад өгснөөрөө бүх амьдралынх нь турш давуу тал болох чадваруудыг тэдэндээ бий болгох боломжтой. Ер нь бол зургаан нас хүрэхээс өмнө хүүхдийн амьдралын зохиол бэлэн болсон байдаг гэдэг үг байдаг.
-Яг энэ чухал үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа юун дээр илүү анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-0-1 настай хүүхдийн хувьд ээж бол маш чухал байдаг. Хүүхдийг өсгөж байгаа хамгийн ойр байдаг хүмүүсийн зан байдал нь хамгийн чухал байдаг. Энэ үед хүүхэд бусадтай хэрхэн харьцаж байхдаа өөртэй итгэлтэй байх уу, бусдыг уучилж чадах уу, орчиндоо хэрхэн дасан зохицож чадах уу, өөртэй итгэлтэй байж чадах уу гэдэг ч юм уу маш олог хүчин зүйлс хүүхэдтэй хамгийн ойр байгаа ээж, аав, эмээ гэх хүмүүсээс хамаарч байдаг. Зөв харилцаа гэдэг нь тухайн хүүхдийн хэрэгцээг хангаж байх ёстой байдаг. Монголчуудын дунд нэг тогтсон ойлголт байдаг. Удаан уйлах нь сайн, хүүхдийг хатуужилтай болгохын тулд 3, 4 настай хүүхдийг дураараа загнаж, уйлсан ч хамаагүй уйлуулаад орхи гэдэг ч юм уу өрөөсгөл ойлголттой байгаад байдаг. Гэтэл энэ насан дээрээ их уйлаад байгаа хүүхэд илүү түрэмгий болдог. Тиймээс хамгийн нэгдүгээрт хүүхдийг удаан уйлуулахгүй байх дээр анхаарах хэрэгтэй. Хүүхэд ямар ч шалтгаангүйгээр уйлна гэж байдаггүй. Орчны болон ойр дотны хүмүүсийн уур амьсгалыг хүүхэд сайн мэдэрдэг учраас өөрт тааламжгүй байдал үүсэж эхлэхэд хүүхэд уйлдаг. Энэ үед хүүхдийг асарч байгаа хүн маань хүүхдийг маш сайн ойлгодог, мэдэрдэг байхын бол хүүхдийн хэрэгцээ нь хангагдаж байна гэсэн үг.
Харин 1-3 насанд хүүхэд маш дураараа байдаг учраас өөрийн хүссэн зүйлийг хийж, эвдэрч, сүйтгэх гэх мэт зүйлсийг хийж эхэлдэг. Энэ бүх зүйлийг эцэг эхчүүд анхнаасаа хүлээн зөвшөөрч ойлгох ёстой. Яагаад гэвэл хүүхэд хөгжиж, юмсыг танин мэдэж байгаа учраас тоглоомыг заавал эвддэг. Ямар нэгэн зүйлийг худалдаж авахын тулд мөнгө хэрэгтэй гэдгийг мэддэггүй учраас хүссэн зүйлээ нэхдэг. Яг одоо өөрийн хүслээ биелүүлэх гэж үзэж байгаа энэ байдал нь хэвийн үзэгдэл учраас эцэг эхчүүд стресстэхгүй байх хэрэгтэй. Ингээд 3 наснаас эхлээд хүүхэд өөрөө энийг аажмаар ойлгоод хязгаарлаад ирдэг. Энэ үед нь сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Юмыг таньж мэдэх идэвхтэй байх үед нь эцэг эхчүүд маань хүүхдийг айлгах, цочоох, зандрах, шийтгэх, ичээх, бие махбодод нь гар хүрэхэд хүүхэд "би ийм идэвхтэй байх нь буруу юм байна" гэсэн сэтгэхүйг бий болгож өгдөг. Ингэснээрээ хүүхэд ирээдүйд өөртэй итгэх итгэлгүй зориггүй болдог. тэгэхээр эцэг эхчүүд энэ насны хүүхэдтэй харьцахдаа хамгийн гол нь тэвчээртэй байх ёстой юм.
-Эцэг эхчүүд хүүхдээ бусадтай харьцуулаад байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх үү?
-8-аас доош насны хүүхдүүдийн ялгаатай байдал маш их. Зарим хүүхэд уншиж чаддаг байхад зарим нь уншиж чадахгүй байх гэх зэрэг ялгаатай талууд байдаг энэ нь хэвийн үзэгдэл. Харин хэтэрхий зөрүүтэй өөр байх юм бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Жишээ нь 5 нас хүрчхээд хэлд орохгүй байвал санаа зовох асуудал мөн. Харин бусдын хийж чадаад байгаа зүйлийг таны хүүхэд хийж чадахгүй байх нь тийм ч санаа зовох асуудал биш. Энэ асуудлаас болоод эцэг эхчүүд хоорондоо зөрчилддөг. Хүүхэд нь бусдаас хоцорч байгаа нь хэн нэгний буруу болгох гэж бие биедээ буруу өгдөг. Энэ байдал нь хүүхдийн сэтгэхүйд муугаар нөлөөлж би бусдаас муу юм байна гэдэг зүйлийг өөртөө суулгадаг. Тиймээс эцэг эхчүүд мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах нь хамгийн чухал. Зааж өгөөгүй сургаагүй байж хүүхдээ болохгүй байна гэж үзэж болохгүй. 4, 5 настай хүүхдийг саропон сампин гээд сургалтуудад суулгаж байгаа. Энэ нь тийм ч оновчтой зүйл биш. Яагаад гэвэл бүх хүүхдүүд тэдгээр сургалтад суух хэмжээний бие мах бодийн хөгжил нь бэлэн болоогүй байдаг. Гэтэл 4, 5 настай хүүхдээ сургалтад сургачхаад манай хүүхэд чадахгүй байна, болохгүй байна гээд хүүхдээ хурдан хөгжүүлэх гээд яараад байдаг. Хүүхэд бүрийн сурах арга барил өөр байдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй.
-Нэгээс хоёрдугаар ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ хичээлийг нь хийлгэх гэж нэлээн л юм болдог. Хүүхэд нь чадахгүй ойлгохгүй тохиолдолд хүүхэдтэй гар хүрэх, загнах тохиолдол гардаг. Тэгвэл энэ насны хүүхэдтэй яаж харьцах хэрэгтэй вэ?
-Сургуулийн нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүддээ бид онцгой анхаарах ёстой. Яагаад гэвэл хүүхэд бага анги буюу нэг, хоёр, гуравдугаар ангидаа юмыг хэрхэн яаж сурах, сурах явцад нь эцэг эхчүүд хэрхэн дэмжлэг өгч байгаагаас хамаарч тэр хүүхэд ирээдүйд ажилдаа дуртай байх, хичээл ном гэдэг зүйлийг сонирхох уу, хийсэн ажлаасаа таашаал авдаг болох уу гэдэг нь хамаардаг байгаа. Хүүхдүүд сургуульд орохдоо өөрийгөө том хүн болж байна гэж бодож сэтгэл хангалуун ордог. Гэтэл сургуульд ороод үүрэг хариуцлага хүлээгээд гэрийн даалгавар хийх зэрэг ачааллыг авдаг. Энэ үед нь эцэг эхчүүд дэмжлэг өгөхийн оронд хүүхдээ "чи хийх ёстой, чадах ёстой, чи залхуурч байна" гэх мэтээр шаардаж, дарамталж эхэлдэг. Энэ нь маш буруу зүйл. Эцэг эхчүүд эхний гурван сар хүүхдэдээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. 15 минут амраагаад 20 минут хичээлийг нь хийлгэх зэргээр амралтыг өгч байх шаардлагатай. Хүүхэд хичээлээ буруу хийсэн байж болно. Энэ бол ерөөсөө аймшигтай зүйл биш. Хүн болгон алдаа гаргадаг. Алдаа хийж байж хүн сурдаг. Тэр хүүхдийн хувьд бүх зүйл шинэ байгаа учраас алдаж байгаа. Тэгэхээр энэ тал дээр тайван хандаж, хүүхдэдээ урам зориг өгч байх хэрэгтэй. 20 үгнээс 5 үгийг нь зөв бичээд бусдыг нь алдсан байсан ч алдсан 15 үгэн дээр биш, алдаагүй байсан 5 үгийг нь онцлоод эерэг хандлагыг төрүүлэх хэрэгтэй. Харин алдаагаа дахиж гаргахгүй байхын төлөө хамтдаа дахин оролдоод үзье гэдэг байдлаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Харин алдсан алдааг нь онцлоод байх юм бол хүүхэд алдаа хийхээсээ айдаг болно. Цаашлаад идэвхгүй болж эхэлнэ. Тиймээс эцэг эхчүүд загнаж, зодохынхоо өмнө өөрийгөө хянаж тэвчээртэй тайван байх хэрэгтэй. Таны хүүхдийн гэрийн даалгавар чухал биш харин алдаа гаргаад алдаагаа засаж сайжруул дэвшиж байх нь илүү чухал шүү гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.