Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Дэлхийн хамгийн том цахим спортын төвийг Хятадын Ханжоу хотод байгуулжээ

Дэлхийн хамгийн том цахим спортын төвийг Хятадын Ханжоу хотод байгуулжээ
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 28
БНХАУ-ын Жэзян мужид байрладаг олон мянган жилийн настай түүхэн дурсгалт сүм дугантай, аялал жуулчлалын төв Ханжоу хотод дэлхийн хамгийн том цахим спортын цогцолборыг байгууллаа. Шинэ цогцолбор 3.94 сая квадрат метр талбайтай бөгөөд энэ нь 68 дундаж хөл бөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээ аж.
Цогцолборыг байгуулахад 280 сая ам.доллар буюу хоёр тэрбум гаруй юань зарцуулсан бөгөөд олон улсын цахим спортын холбоод Ханжоу хотын захиргаатай хамтран ажиллажээ. Тус цогцолбор энэ сарын 16-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн байна.
Цогцолборт БНХАУ-ын алдарт “LGD Gaming” “Allied Gaming”  зэрэг цахим спортын нийгэмлэгүүд хамтарсан оффис байгуулан ажиллаж байгаа бөгөөд “LGD Gaming”-ын “League of Legends”-ын шигшээ багийн төв байрлах аж.
БНХАУ-ын Засгийн газрын мэдлийн People.cn агентлагийн мэдээлснээр тус төвд цахим спортын 10 мянга орчим мэргэжлийн тамирчид цуглаж, сууршин, хоорондоо өрсөлдөх сонирхлоо илэрхийлжээ. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор БНХАУ-ын татварын орлогыг нэг тэрбум юаниар нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм.
Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр 2022 он гэхэд Ханжоу хот дахин 14 цахим спорт цогцолбор нэмж байгуулахаар төлөвлөн, 15.45 тэрбум юань  буюу 2.22 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Эдгээр шинэ төслүүдэд цахим спортын сэдэвт цэцэрлэгт хүрээлэн, цахим спортын академи, зочид буудал, тоглогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилготой эмнэлэг зэрэг багтсан байна.
Ханжоу хотод ирэх 2022 оны Азийн наадам зохион байгуулах бөгөөд энэ наадмаар цахим спорт анх удаа Азийн наадмын  албан ёсны спортын төрөл болох юм. Форбес сэтгүүлийн мэдээлснээр 2021 он гэхэд цахим спортын нийт орлого 1.65 тэрбум ам.доллар болж өсөх бол үүний 18 хувийг БНХАУ дангаар хангана хэмээн үзэж байгаа юм. 
Мөн дэлхийн хамгийн том видео тоглоомын компани болох Tencent Хятадын зүүн хэсгийн Вуху хотыг шинэчлэн барихаар болсон бөгөөд хотын шинэ төсөлд олон тооны цахим спорт хүрээлэн багтсан байна. Энэ оны нэгдүгээр сард Taicang компани мөн Хятадын зүүн хэсэгт цахим спорт цогцолбор байгуулахаар болсон юм.
Эх сурвалж: Quartz
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн