Монголд үнэртэй ус анхлан үйлдвэрлэгчдийн нэг, " Ujin parfums Mongolia" брендийн үүсгэн байгуулагч Б.Ану-Үжинтэй ярилцлаа. Тэрээр АНУ-ын Линколн Их Сургуулийг Олон улсын бизнесээр магистр хамгаалсан төгссөн бөгөөд өөрийн хүсэл мөрөөдөл болсон үнэртний бизнесээ 2017 онд эхлүүлсэн байна. Өөрийн босгосон бизнесээ цааш хөгжүүлэн авч явахын тулд тэрээр “Шарк танк” нэвтрүүлэгч орсноор эргэлтийн хөрөнгө оруулалт авч чадсан билээ.
-Үнэртэй ус хийх санаа хэрхэн төрсөн бэ?
-Би олон улсын гадаад худалдааны менежер мэргэжилтэй хүн, оюутан байхдаа импортыг орлох ямар нэгэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэх юмсан гэж их боддог байсан. Олон жил судалсны эцэст үнэртэй усыг зохион бүтээж үзье, монгол хүн яагаад хийж чаддаггүй юм, яагаад Монголд үнэртэй ус зохион бүтээж болдоггүй юм бэ гэсэн өөрийн хүсэл мөрөөдөлдөө татагдаад үнэртэй ус зохион бүтээе гэж шийдсэн. Ингээд 2017 онд зохион бүтээлтийн ажлаа эхлүүлээд 2018 оны арван хоёрдугаар сард өөрийн нэрийн үнэртэй усаа гар дээрээ авч борлуулж эхэлсэн.
-Саяхнаас эрэгтэй үнэртэй ус гаргаж эхэлсэн гэсэн. Эрэгтэй үнэртэй усны үнэрийн хувьд юуг илэрхийлэхийг зорьсон вэ?
-Ер нь бол би өөрөө маш эмэгтэйлэг хүн учраас эрчүүддээ зориулсан хурц үнэр гаргах нь маш хол санагдаж байсан. Эрчүүддээ зориулсан үнэртэй усны үнэрийг яг ямар үнэртэй байвал таатай байх тал дээр жил гаруй хугацаанд маш олон үнэр дээр ажилласан. Эцэст нь, эрэгтэй хүний эршүүд байдлыг илүү тодотгож өгөх ноотуудыг оруулж өгөхийг хичээсэн. Нэрийн хувьд ч тэр эрэгтэй хүн бол байгалиасаа хүчтэй, зоримог байдаг учраас “Zero one” гэж нэр өгсөн. Одоогийн байдлаар эрэгтэй ус ганцхан төрөл гарч байгаа ойрын хоёр жилдээ багтаагаад төрлийг нь нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үнэртэй ус нь талх шиг өдөр бүр зарагддаг бүтээгдэхүүн биш ямар нэгэн байдлаар дандаа үнэр нь өөрчлөгдөж байдаг учраас маш олон сар жилийн хугацаа шаардлагатай байдаг.
-Эмэгтэй усны хувьд хэдэн төрөл гарсан вэ?
-Эмэгтэй үнэртэй усны хувьд одоогийн байдлаар хоёр төрлийн үнэртэй ус гаргасан байгаа. Ихэнх эмэгтэйчүүдийн цэцэгс болон жимсний үнэрт дуртай байдаг бол маш цөөн тооны эмэгтэйчүүд хув болон модлог үнэртэнд дуртай байдаг. Миний хувьд нийтлэг эмэгтэйчүүддээ зориулсан үнэртэн гаргахыг хичээдэг. Гэхдээ хэдий нийтлэг үнэртэн гаргадаг ч цөөн тооны хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог. Хэрвээ та цэцэгсийн хүрээлэнд байгаа мэт мэдрэмж авахыг хүсвэл "The lady" үнэртэй усыг худалдан авахыг зөвлөж байна.
-Үйлдвэрлэлийн хувьд анх үнэртэй усаа Америкт хийдэг байсан бол одоо эх орондоо үйлдвэрлэдэг болсон гэсэн. Монголд үйлдвэрлэл хийхэд хүндрэл гарч байна уу?
-Үйлдвэрлэлийн хувьд би өөрөө бяцхан лабораторитой. Лабораторидоо үнэртнээ бүтээгээд мэргэжлийн хяналтын лабораториор шинжлүүлж хүний биед аюул, хоргүй гэсэн бичгээ авсны дараагаас үргэлжлүүлээд үнэртнээ үйлдвэрлэж эхэлдэг. Одоогийн байдлаар гурван ажилтантайгаар бизнесээ явуулж байна. Хүмүүс бодохдоо үнэртэй ус хийнэ гэхээр аймар том химийн үйлдвэрт хийдэг гэж боддог юм шиг санагддаг. Манай үйлдвэрийн хувьд гар аргаар цөөн тоогоор хийгддэг учир бяцхан лабораторидоо үйлдвэрлэлээ явуулж байна.
-Таны хувьд “Шарк танк” нэвтрүүлэгт орсноор бизнест нэлээд том өөрчлөлт орсон байх.
-Хөрөнгө оруулалт авч чадсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Нөгөө талаараа бизнесийн хувьд маш олон үүд хаалгыг нээж, олон түмэнд танилцуулж чадсан. Хөрөнгө оруулалт авахаас өмнө буюу бизнесээ дөнгөж эхлүүлж байхад монголчууд тийм ч сайн мэддэггүй, монгол хүн үнэртэй ус зохион бүтээж байна гэхээр ойлголт нь хол байсан санагддаг. Нэвтрүүлэгт орсноос хойш нэлээн нийтэд хүрч, нааштайгаар хүлээж авсан.
-Үнэртэй усны түүхий эд болох ноотүүдээ хаанаас авдаг, хэр үнэтэй байдаг вэ?
-Ихэвчлэн үнэртэй усныхаа ноотүүдээ Солонгос улсаас авдаг. Хил хаагдсанаар хойш үнэртэй ус зохион бүтээх хугацаа нэлээд удааширсан. Тогтоц сайтай үнэртэн гаргахын тулд сайн чанарын эфирийн тос хэрэглэх ёстой. Сайн чанарын хэдхэн мл эфирийн тос 100$ байдаг. Энэ нь мэдээж үнэр хөгжүүлэлтээ хийгээд явж байхад дуусчихдаг. Ерөнхийдөө үнэртэй усанд ордог ноот маань их ховор үнэтэй байдаг учраас үнэртэй усны үнэ ч гэсэн үнэтэй болчихдог. Үнэний хувьд хүмүүс их асуудаг Монголд үйлдвэрлэж байж яагаад ийм үнэтэй байгаа юм бэ гэж. Яагаад гэвэл үнэртэй усанд ордог ноотүүд маань Монголд байдаггүй учраас гаднаас импортоор үнэтэй оруулж ирж угсраад монгол хүн ур ухааныг тэнд шингээгээд үйлдвэрлэдэг. Миний хувьд зах зээл дээр бусад үнэртэй уснуудтай өрсөлдөж ашиг олох гэхээсээ илүү хамгийн доод үнээр хэрэглэгчдэдээ хүргэж үнэртний соёлыг түүхийг зорьж байгаа.
-Үнэртний худалдан авалт хэр байна гэж харж байгаа вэ?
-Хамгийн анх 100 ширхэг үнэртэй ус оруулж ирээд гурван сарын дотор амжилттай хурдан борлуулж байсан. Одоогийн байдлаар бид үнэртэй гаргаад 14 хонож байгаа ч эрэгтэй, эмэгтэй уснууд гайгүй сайн борлуулагдаж байгаа. Хамгийн гол нь үнэртэй ус өдөр тутамд зарагддаг бүтээгдэхүүн биш, сардаа нэг ширхэг ч зарагдах тохиолдол гардаг. Гэхдээ хүмүүс сонирхоод зорьж ирээд авч байгаа нь надад хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг. Үүнээс гадна бидний зүгээс маркетинг хийгээд нийтэд хүргэе гэхээр хэдхэн ширхэг хийгддэг учраас ачааллаа дийлэхгүй хэрэглэгчдээ хүлээлт үүсгэх вий гэхээс айдаг. Тиймээс зөвхөн зорилтод бүлгийн хүмүүстээ цөөн тоогоор үйлдвэрлэхийг зорин ажиллаж байна.
-Бусад брэндийн үнэртэй уснаас ялгарах онцлог нь юу вэ. Танай үнэртэй ус тогтцоо хэр удаан барьдаг вэ?
-Импортоор орж ирдэг үнэтэй брэндүүдийн үнэртэй устай харьцуулахад чанарын хувьд ялгаагүй яг адилхан технологиор үйлдвэрлэж байгаа. Бид үнэртэй усаа бүгдийг нь гар аргаад цөөн тоогоор хийдэг учир үүгээрээ онцлог. Тогтцын хувьд 4-6 цагийн хугацаанд үнэрээ барина. Хүн ер нь ямар ч үнэртэй усыг зөв цагтаа түрхэх ёстой зөв газрууддаа түрхэж чадвал үнэрээ удаан барих боломжтой байдаг. Хүмүүс үнэртэй усыг их цацах тусам их үнэртээд удаан барина гэж буруу бодоод байдаг.
-Үнэртэй усыг зөв газраа зөв цагтаа түрхэх хэрэгтэй гэлээ. Үнэртэй усны зөв хэрэглээний талаар мэдээлэл өгнө үү?
-Үнэртэй ус төрлөөсөө хамаараад тогтцын хувьд янз бүр байдаг. Үнэртэй ус, сүрчгийн тогтцын хамгийн дээд хугацаа бол 8 цаг. Хүмүүс үнэртэй ус, сүрчиг хоёрыг ялгадаггүй нэрсэн ус орсон төрлийг үнэртэй ус, огт ус ороогүй төрлийг сүрчиг гэж нэрлэдэг. Үнэртэй усыг түрхэхдээ биеийн хамгийн дулаан хэсгүүддээ түрхэж өгвөл удаан үнэрээ барьдаг. Түрхэхдээ үнэртэй усныхаа дор биеийн тос түрхэж өгвөл мөн адил тогтоц илүү байдаг. Хүмүүс мэдэхгүй байх үнэртэй усныхаа дор вазелин тос түрхвэл үнэр ер нь арилдаггүй үнэртсээр байдаг. Үс болон өвдөгний арын хонхорхой руу цацаж өгвөл ард байгаа хүнд үнэртэнэ харин чихний ар болон бугуйнд түрхэж өгснөөр урд байгаа хүндээ үнэртэх болно.
-Үндсэн хоёр төрлийн уснаас гадна хувь хүний хүсэлтээр цор ганц үнэртэн хийх санал орж ирдэг үү?
-Хувь хүмүүст зориулсан 10 гаруй үнэртэй ус зохион бүтээж байсан. Тухайн хүний үнэрлэх мэдрэмж дээр тулгуурлаад тулж хийгддэг учраас цаг хугацаа их шаардагддаг. Ингэж зохион бүтээгдсэн хүмүүсийн нэг давуу тал нь эмчилгээний журмаар, сэтгэлзүйн байдлаа тогтворжуулах гэх мэт олон төрлөөр ашиглах боломжтой байдаг.
-Хамгийн анх үнэртэй усаа худалдаанд гаргахад бэлэн болсон мэдрэмж ямар байсан вэ?
-Үйлдвэрлэлээс гараад анхны борлуулалтаа хийхэд бэлэн болсон бүтээгдэхүүнээ гар дээрээ аваад зүүд юм шиг санагдаж уйлаад өөртөө "чи чадлаа" гэж хэлж байсан. Надад итгээд миний үнэртэй усыг худалдан авсан анхны хэрэглэгч нартаа маш их баярладаг.
-Гадаадын зах зээлд худалдаалагдаж байгаа юу?
-Хамгийн анхны эмэгтэй үнэртэй усаа АНУ-д борлуулж байсан. Гэвч ковидын халдвар гарч хөл хорио тогтоосноор гадагшаа гаргаж чадахгүй байсан эх орондоо борлуулж байсан. Одоо эдийн засаг сэргэж байгаа учраас цаашдаа Ази, Европ руу гарах хүсэлтэй байгаа. Энэ бол манай бизнесийн хувьд зөвхөн эхлэл цаашдаа илүү өргөжин тэлж ганцхан үнэртэй ус хийхгүй гэрийн болон тасалгааны үнэртүүлэгч хийх зорилготой явдаг.
-Залуучууд өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх гэхээр санхүүгийн асуудлаас болоод эхлүүлж чаддаггүй шүү дээ. Таны хувьд өөрийн бизнесээ хэдэн төгрөгөөр эхлүүлсэн вэ?
-Үнэртэй ус бол дээд зэргийн бүтээгдэхүүн учраас маш их хөрөнгө болон цаг хугацаа шаарддаг. Миний хувьд өөрийн хадгаламжаа бизнесээ эхлүүлэхэд бүрэн зарцуулсан. Оюутан байх хугацаанд хичээлийнхээ хажуугаар маш олон ажил цалингаа хадгалдаг, мөн сайн сурдаг байсан учраас сургуульдаа сургалтын төлбөрийн тэтгэлгээр сураад оюутны 70 мянга хоёр дахин нэмж аваад огт үрэхгүйгээр хуримтлуулж төгсөхдөө 25 сая төгрөгийн хуримтлуулж чадсан. Энэ бүх хуримтлалаа өөрийн хүссэн бизнесээ эхлүүлээд бүрэн зориулсан. Залуустаа хандаж хэлэхэд, сайн сураарай. Сайн сурч чадвал мөнгөө хадгалах илүү их боломж нээгдэнэ. Өөрийн мөрөөдлийн бизнесээ эхлүүлэхийн тулд их бага гэлтгүй хуримтлуулж байгаагаараа. Мөн мөрөөдөхөө битгий зогс, бодит болгохын тулд арга замуудыг шантралгүй хайгаарай. Залуу хүмүүст байх хамгийн гол нь зүйл бол зориг. Зоригтой байснаараа хэзээ нэгэн цагт чи яагаад ч харамсахгүй харин зориггүй байсныхаа төлөө харамсах үе ирж магадгүй.
-Маш зоригтой шийдвэр гаргасан байна шүү. Бизнес нь санаснаар болж ашгаа олж чадсан уу, шантрах үеүд байсан уу?
-Ашгаа олж чадаагүй. Гэхдээ надад хийгээд цаашлах чин хүсэл байсан учраас шантраагүй. Анхны жилийн хугацаанд миний үнэртэй ус яг машины эсвэл ариун цэврийн өрөөний үнэртүүлэгч шиг болоод ер санаанд нийцэхгүй байсан. Үүнээс би шантарч огт болохгүй юм байна, нэгэнт шийдсэн юм чинь зоригтой байх ёстой гэж бодсон. Нэгэнт зориглоод эхлүүлсэн зүйлдээ бууж өгөхийг хүсээгүй учраас бага багаар урагшилсаар өнөөдрийн энд хүрсэн байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа, танд амжилт хүсье.