Open iToim app
Хөндөх сэдэв | 3 мин уншина

Н.Номтойбаяр: Талийгаач Г.Батхүү миний өрөөнд 10-15 минут саатаад 'ах нь яарч байна' гээд гарсан

Н.Номтойбаяр: Талийгаач Г.Батхүү миний өрөөнд 10-15 минут саатаад  'ах нь яарч байна' гээд гарсан
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 20
 УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин мэдээлэл хийж, Г.Батхүү агсныг Төрийн ордонд хамгийн сүүлд уулзсан гишүүнийг МАН-ын гишүүн гэж мэдэгдсэн. Тэрээр "Та бүхэн удахгүй хэнтэй уулзсаныг нь мэдэх байх. Цагдаагийн байгууллага сүүлийн 20 минутад хэнтэй уулзсаныг нь тогтоосон байна лээ. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүний өрөөнд орсон байна лээ. Тэр хүн "бид хоёр манай өрөөнд уулзсан, уулзалт нь 20 минутад үргэлжлээд гарсан" гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ" гэсэн юм.
Тэгвэл Г.Батхүү агсны хамгийн сүүлд уулзсан гишүүн нь Н.Номтойбаяр байсан байна.  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүтэй уулзсан талаар асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрээр “Юуны өмнө талийгаач Г.Батхүүгийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Энэ бол зөвхөн Ардчилсан намын хувьд бус Монголын ард түмний хувьд харамсалтай, золгүй явдал тохиолоо.
Миний хувьд уг хэрэг явдал болдог өдөр талийгаач Г.Батхүүтэй хамт Засгийн газрын ордны яг энэ коридороор ярилцаад хамт алхаад явж байсан. Мэдээж бид өмнөх парламентад хамт ажиллаж байсан. Мөн ижилхэн авто спортоор хичээллэдэг, сонирхолтой гэдгийн хувьд талийгаач “дүүгийн өрөө хаана билээ” гээд миний өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Бид тэр үеэр Монголын “Off-Road” холбооны ажлын талаар ярилцсан.
Түүнээс хамгийн сүүлд уулзсан ардын намын гишүүн гээд буруутныг хайгаад, эргэлзээд байх хэрэггүй ээ. Цаг хугацааг тооцож үзвэл талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь яах аргагүй би болж байгаа. Тухайн үед миний өрөөнд би, талийгаач, миний зөвлөх гээд гурван хүн байсан. Талийгаач Г.Батхүү миний өрөөг ганцаараа орхиж гарсан. Дараагаар нь миний бие, зөвлөхийнхөө хамтаар гурваас дөрвөн минутын дараа өрөөнөөсөө гарч 19 цаг 18 минутад бүлгийн хуралдаанд орсон. Бүлгийн хуралдаанд ороод картаа хийхээр автоматаар цагийн бүртгэл хийж байдаг.
Цагдаагийн байгууллагаас надаас гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Би тухайн үед талийгаачтай хаана хэдэн цаг, хэдэн минутад таарсан, юу ярьсан гээд холбогдох шаардлагатай мэдээллүүдийг өгсөн.
-Тухайн үед таныг халамцуу байсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-Хятад руу айлчлалаар явсан гишүүдтэй өдрийн хоол хамт идсэн. Тэр үеэр иймэрхүү байдлаар Си Зиньпин даргатай уулзлаа, ийм ийм бэлэг дурсгалын зүйл авлаа гээд авчирсан юмнаасаа задалсан зүйл байгаа. Түүнээс халамцуу байгаагүй.
-Талийгаач тантай уулзах үеэрээ сэтгэл санааны болон ямар нэгэн онцгой зүйл ажиглагдсан уу?
-Зүгээр байсан. Жин нэлээн хассан харагдсан. Бид 2016 оны сонгуулиас хойш огт тааралдаагүй байсан юм. Харин нүүрнийх нь судас нэлээн улаалттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа л гэсэн зүйл хэлсэн.
-Талийгаач үргэлж бие хамгаалагчтай явдаг байсан гэсэн. Тантай уулзахдаа ганцаараа явж байсан уу?
-Тийм, ганцаараа явж байсан. Яг талийгаач бурхан болсон тэр газар л камергүй болохоос ордон чинь тэр чигтээ камертай шүү дээ. Мөн намайг бүлгийн хуралдаанд орохоор явж байхад үүдэнд нь сэтгүүлчид байсан. Камертайгаа зураглаач, сэтгүүлч гээд 7,8 залуу зогсож байсан. Төрийн тусгай хамгаалалтынхан ч байсан.
-Тухайн үед хүн маргалдаж, чанга ярьж байсныг сонссон гэх сэтгүүлчид байгаа. Таны хувьд үүнтэй холбоотой юу?
-Тийм зүйл байхгүй.
-Таныг бүлгийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй маргалдсан гэх яриа байгаа. Энэ талаар яриач?
-Маргалдаан байнга болж байдаг. Тэр өдөр бол МАН-ын хоёр гишүүнийг намаас хөөнө гэсэн асуудлаас болж үл ойлголцол үүссэн. Ер нь сүүлийн үед таалагдахгүй бол намаас хөөдөг нэг ийм зүйл шинээр бий болчхоод байна шүү дээ. Миний хувьд ч өнгөрсөн жил үүний хохирогч болоод явж байсан. Угаасаа сүүлийн үед удирдлага, хувьцаа тараах болон мах, өргөн хэрэглээний үнийн өсөлттэй холбоотой маргаан их гарч байгаа.
-Хамгийн сүүлд талийгаачтай уулзсан хүний хувьд та яагаад ийм зүйл болов гэж бодож байна?
-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Учир нь би хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь биш ээ. Тиймээс хэргийн тухай мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтан нь өгөөд явах биз ээ. Түүнээс би сургаар мэдээлэл өгч болохгүй ээ.
-Тантай уулзаж байхдаа өөр хүнтэй уулзана гэж ярьж байсан уу?
-Миний өрөөг орхихдоо гадаа хүн хүлээж байгаа ах нь яарч байна гээд гарсан. Их л яаруу гарсан. Миний хувьд цагдаа биш болохоор өөр зүйлд хариулах боломжгүй. Мөн талийгаачийн ар гэртэй ойр дотно байдгийг сайн мэдэх байх. Тиймээс эмгэнэл илэрхийлж ажил явдалд оролцохоор гэрт нь очоогүй байж хэвлэлийн хурал хийж ийм мэдээлэл өгсөндөө хүлцэл өчиж байна.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн