Бүтээгч | 4 мин уншина

10 жил гацсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орж, эдийн засагт шинэ сэргэлт айсуй

10 жил гацсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орж, эдийн засагт шинэ сэргэлт айсуй
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 9
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг өнөөдөр нээлээ. Тус төмөр замын бүтээн байгуулалтын ерөнхий захиалагчаар Тавантолгой төмөр зам ХХК, гүйцэтгэгчээр Бодь Интернэшнл ХХК, хөрөнгө оруулагчаар Эрдэнэс Тавантолгой ХК ажилласан юм.
Энэхүү төмөр зам нь жилд 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Уг бүтээн байгуулалтад давхардсан тоогоор 5000 гаруй хүн оролцжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 233 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх бөгөөд анхны хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригджээ.
Төмөр зам ашиглалтад орсноор дараах давуу тал монголчуудад үүснэ.
-Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дөрөв дахин буурна.
-Тээвэрлэлт жигдэрсний дараа ачаа тээврийн хүчин чадал 10-50 сая тонн хүртэл нэмэгдэнэ.
-Манай улсын нүүрснээс олох орлого хоёр дахин өснө.
-Төмөр зам дагасан суурин газрууд бий болж, ажлын байр нэмэгдэнэ.
-Төмөр зам ашиглалтад орсноор 2000 орчим ажлын байр шинээр бий болно.
-Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ.
-Экологийн хохирол 74 хувиар буурна. Мөн “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд төмөр зам дагасан мод тарьж, нөхөн сэргээнэ.
undefined

У.Хүрэлсүх: Энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас байх болно

undefined
Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.
Тэрээр “Манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Монгол Улс 1955 онд ЗХУ-тай хамтран хойд, урд хилээ холбосон төмөр замыг ашиглалтад оруулж байснаас хойш 70 орчим жилийн дараа монголчууд өөрсдөө дэлхийн стандартад нийцсэн энэхүү замыг ашиглалтад оруулж чадлаа. Тавантолгой-Гашуунсухайтын энэхүү ган зам бол  Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас байх болно. Эх орон, ард түмний эрх ашгаас дээгүүр ашиг сонирхол байж болохгүй. Энэхүү бүтээн байгуулалтын ажил олон жил царцаж, бид цаг хугацаа боломжоо алдсан гашуун түүхийг мартаж болохгүй юм. Цаашид Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай.
Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье” гэлээ.
Мөн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам I зэргийн, уулзваргүй, өртөө зөрлөгийн иж бүрэн байгууламжтай, дохиолол холбооны тоон радио системтэй гэх мэт дэвшилтэт технологи, инновац шингэсэн бүтээн байгуулалт хэмээн онцлов. 
undefined

Д.Баясгалан: Галт тэрэг явж байхад ачааг нь жинлэх, нэгдсэн удирдлагын төвөөс бүх өртөө, зөрлөг, сумыг удирдах боломжтой

Үүний дараа “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан үг хэллээ.
Тэрээр "Бид бүхний бүтээн байгуулсан энэхүү төмөр зам суурь бүтэц, дохиолол холбоо, барилга байгууламж, эрчим хүч ус хангамж, хөдлөх бүрэлдэхүүн, засварын тоног төхөөрөмж гэсэн зургаан багц ажлаас бүтлээ. Төсөлд гадаад, дотоодын 624 компани туслан гүйцэтгэгчээр оролцлоо. Энэхүү төсөл нь 22.6 сая метр/куб газар шорооны ажил, 63 мянган метр/квадрат бетон, 745 мянган ширхэг буталмал чулуу, 145 ширхэг ус зайлуулах хоолой, 12 ширхэг мал амьтны нүхэн гарц, нийт 1348 м урт 15 ширхэг гүүр, хоёр түвшний автозам, төмөр замын гарам, 584791 ширхэг төмөр бетон дэр, 308 км үүнээс 261 нь уулзваргүй төмөр зам, 584901 ширхэг төмөр замын бэхэлгээ, 109 ширхэг төмөр замын суман шилжүүлэг, 208 ширхэг гэрлэн дохио, 271 км урт 35 кВт-ын өндөр хүчдэлийн шугамын 12 дэд өртөө, радио холбооны 13 цамхаг, 470 км урт шилэн кабел, 26500 м/кв бүхий барилга байгууламж, 94000 м/кв бүхий 543 ширхэг тоног төхөөрөмжтэй депоны цогцолбор, 5000 тн жинтэй ачаа татах хүчин чадалтай энэ дэлхийн хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй 16 ширхэг зүтгүүр, 25 тоннын даацтай 810 ширхэг ачааны вагоныг нийлүүлэн хүлээлгэж өгч байна.
Бид төмөр замын стандартыг шинэ шатанд гаргалаа. Дурдвал,
-Европын стандартын зам төмөр ашигласан. Төмөр замын гол замын урт 233 км, дэлгэмэл урт нь 312 км. Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл зам тасралтгүй үргэлжилнэ.
-Монгол Улсын хамгийн урт гүүр болох 430 метрийн дан нуруут гүүрийг бүтээн байгууллаа.
-Галт тэрэг явж байхад нь жинлэх автомат байгууламжтай.
-Нэгдсэн удирдлагын төвөөс бүх өртөө, зөрлөг, сумыг удирдах боломжтой.
-Эрчим хүчний хоёр эх үүсвэр бий болгож, реле хангалтын хамгийн сүүлийн үеийн тоноглолоор тоноглолоо” гэсэн юм.
Нээлтийн үг хэлсний дараа төмөр замын бэхэлгээг чангалж, зам дээр галт тэрэг анхны тээврээ хийлээ. 
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн