УИХ-ын дарга Г.Занданшатар Ээлжит бус чуулган зарлаж, Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Өнөөдөр Төрийн ордонд Татварын багц хуулийн төслөөр аж ахуйн нэгж, холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг боллоо.
Энэ үеэр Монголын үйлдвэрчний эвлэлээс тодорхой саналуудыг тавьж, Сангийн яамнаас хариулт авсан юм. Зарим төрлийн татварын хөнгөлөлт, урамшууллыг олгохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан олгох санал гаргав. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдэх бүрт дүйцүүлэн олгох хөнгөлөлт урамшуулал нэмэгддэг байхаар зохицуулахыг хүслээ.
Харин иргэд, аж ахуйн нэгжээс НӨАТ-ын урамшууллын сугалааг больж, буцаан олголтын хувь хэмжээг хоёр хувь байгааг 5 хувьд хүргэх санал гаргасан байна. Хэлэлцүүлгийн үеэр НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх боломжтой эсэхийг Сангийн сайдаас тодруулсан юм. Мөн орон сууцны буцаан олголтын хувь хэмжээ гурван сая байгааг төсөлд хоёр дахин нэмж, зургаан сая болгохоор тусгажээ. Гэхдээ энэхүү буцаан олголтын хэмжээ 10 сая болгох боломжтой юу гэдгийг тодруулав.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг таван хувь болгох ямарч боломжгүй. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь хэвээр нь хадгална, өөрчлөхгүй. Ер нь дэлхий дээр НӨАТ-ын буцаан олголт өгдөг 2, 3 улс л байгаа. Үүний нэг нь Монгол Улс. Цаашдаа татварын хөнгөлөлт, урамшууллаа илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Эхлээд татварын бүрдүүлэлт, тогтолцоогоо сайжруулах шаардлага бий. Ингэснээр татварын хөнгөлөлтийг салбараар нь дэмжих боломжтой болно. Эсрэгээрээ татварын тогтолцоогоо сайжруулаагүй байж хөнгөлөлт, урамшууллаа нэмэгдүүлбэл эргээд тогтолцоогоор нураах эрсдэлтэй” гэлээ.