Open iToim app
Улс төр | 4 мин уншина

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ‘Эрдэнэс’ бонд гаргаж дууслаа

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ‘Эрдэнэс’ бонд гаргаж дууслаа
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 18
УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэх, бонд гаргах ажлын хэсгийнхэнтэй уулзаж, мэдээлэл сонслоо. Ажлын хэсгийн тэтгэврийн зээл тэглэх "Эрдэнэс" бонд гаргах гэрээ хэлэлцээрийн ажил өнөөдөр дууссан байна. 
УИХ-ын дарга Г.Занданшатар: Хөгжлийн банк, Монголбанк, "Эрдэнэс силвер ресурс", Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, арилжааны банкууд хамтраад тэтгэврийн зээл тэглэх бонд гаргах нүсэр ажлыг дуусгаж байна. Энэ бол 418 мянган харилцагчтай холбоотой нүсэр ажил. Хууль зүйн талаасаа ч, санхүү эдийн засгийн талаасаа ч маш их тооцоо судалгаа, яриа хэлэлцээр шаардсан, олон тал оролцсон нүсэр ажил. Банкууд гурван сая хадгаламж эзэмшигчдийн нэрийн өмнөөс, Монголбанк эдийн засгийн тогтвортой байдал, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тэтгэвэр авагчдын эрх ашгийн үүднээс олон эрх ашгийн уулзвар дээр энэ ажлыг шийдэж байгаа учраас нэлээд нүсэр ажлыг амжилттай зохион байгууллаа. "Эрдэнэс силвер ресурс" компани ТЭЗҮ-ээ батлуулаад, Хөгжлийн банк баталгаа гаргасан, Эрдэнэс Монгол компани зохион байгуулах хууль эрх зүйн бүх ажлыг хэрэгжүүллээ. Нөгөө талаас арилжааны банкуудыг хохироож болохгүй. Алдагдалтай хэлцэл хийж болохгүй. Аль аль талаасаа олон эрх ашгийн дунд энэ асуудал амжилттай шийдвэрлэгдэж байна. Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж байна.  Өнөөдөр бонд гарсан. Нарийвчилсан асуудал дээр арилжааны банкуудтайгаа тохирч байна. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Тэтгэврийн зээлийн дундаж хүү 16.7 хувь байсан. Үүнийг зургаан хувийн хүүтэй бондоор сольж байгаа учраас хүүгийн зөрүү гарч байна гэсэн асуудал яригдаж байгаа. Банкуудын хувьд энэ ашигтай шийдэл биш.  Гэхдээ нийгмийн хариуцлагын үүднээс арилжааны банкууд хандаж байгаад баяртай байна. Ажлын хэсгүүд хурдтай, хариуцлагатай ажилласанд талархал илэрхийлье.
undefined
"Эрдэнэс силвер ресурс" компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр: “Эрдэнэт силвер ресус” компани тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордын хуучин эзэмшигчдийн хуулийн байгууллагад хандсан асуудал хөндөгдөж байсан. Бид зохих журмын дагуу “Жи Пи Эф” ХХК-тай ярилцаж, өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байсан гомдлоосоо татгалзсан. Мөн холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгох хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзаж, хуулийн дагуу хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар бид Салхитын алт, мөнгөний орд дээр нэмэлт ТЭЗҮ боловсруулж, ордын цэвэр өгөөж нь татвар орсон дүнгээр 569 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гарч байгаа. Тухайн ордын гуравны нэг буюу бага хэсэг дээр хийгдсэн тооцоолол. Цаашид эрэл хайгуулаа нэмэгдүүлж, одоо байгаа нөөцөө 2-3 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.
undefined
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Шинэ оны өмнө ҮАБЗ тэтгэврийн зээлийн зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу УИХ-аас тусгайлан хууль баталсан. Тэтгэврийн зээлийг зургаа хүртэлх сая төгрөгийг тэглэх хууль гараад үйлчлээд явж байна. Банкны системийн зээлийн багцад тэтгэврийн зээл багагүй хувь хэмжээг эзэлдэг. Банкны системийн тогтвортой байдал, цаашдын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Монголбанк оролцож байгаа. Тэтгэврийн зээлийг "Эрдэнэс Монгол" компаниас гаргах бондоор солиход хууль эрх зүйн хувьд хэрхэн зөв солих, хүүний зөрүү, ирээдүйд учирч болох алдагдал ч гэдэг юм уу, бүхий л тооцоо судалгааг хамт хийж байгаа. "Эрдэнэс Монгол" компаниас гаргах зургаан хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай бонд, тэтгэврийн зээл хэлбэрээр гарсан зээл хоёр солигдоход олон улсын бүртгэлийн талаас ямар бичилт хийгдэх, ашиг алдагдлын зөрүү гарвал хэрхэн явах, Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ хэрхэн нийцүүлэх вэ гэдэг шийдлийг олсон.  Бонд гараад банкны баланс дээр байгаа тэтгэврийн зээлээр солигдохоор болж байна. ҮАБЗ-ийн шийдвэр гарсантай холбоотойгоор Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Хуулиар зургаан сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл олгох ёстой. Тэтгэврийн зээлийг хязгаартай хүрээнд олгох боломж байгаа. Арилжааны банкууд хуульд нийцүүлэн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Монголбанкнаас гурван сарын тэтгэврийн урьдчилгаа авч болно гэж үзэж байгаа. Урьдчилгаа хүүтэй байх албагүй, тодорхой шимтгэл хураамжтай байж болно.
undefined
Хаан банкны төлөөлөл: УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор Хаан банк тэтгэврийн зээлийг суутгаагүй байна. Бондыг хүлээж авсны дараа бичилтүүдийг хийнэ гэсэн хүлээлттэй байсан. Өнөөдрийн байдлаар 540 салбарын орчим 2,4 сая хадгаламж эзэмшигчтэй бөгөөд эдгээр хадгаламж эзэмшигчийнхээ эрх ашгийг аливаа гэрээ хэлэлцээрт тусгах ёстой. Нийт тэтгэвэр авагчдын 62 орчим хувь нь Хаан банкаар дамжуулдаг бөгөөд гуравдугаар сарын тэтгэврийг олгох, Цагаан сарын баярын өмнө тэтгэврийн зээл тэглэх асуудалд оролцоод явна.
Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн: Төрийн банк өнөөдрийн байдлаар 330 гаруй суманд 504 салбар нэгжээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 223 тэрбум төгрөгийн зээлийн багцтай байснаас 180 орчим тэрбум төгрөг нь зургаан саяас доош үнийн дүнтэй тэтгэврийн зээл байсныг тэглэж, тэтгэврийг нь олгосон. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хууль гарсантай холбогдуулан хуулийн дагуу тэтгэврийн зээл тэглэх ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллаж байгаа.
 
undefined
“Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү: Манай компанийн хувьд стратегийн үр ашигтай ордуудыг эргэлтэд оруулж, эдийн засагт өгөөж өгөх үүрэгтэй төрийн өмчит компани. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор хуулийн хугацаанд Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж, "Эрдэнэс" бонд нэртэй үнэт цаас гарсан. Одоо арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр зургаан сая хүртэл тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Үүнээс гадна тэтгэврийн зээл аваагүй 195 мянган иргэнд авдугаар сарын 1-нд "Эрдэнэс" бонд олгох ажлын бэлтгэл ажил хийгдээд, үндсэндээ бэлэн болсон. Ойрын хугацаанд бонд арилжаалах гэрээнд арилжааны банкуудтай гэрээ хийж, энэ ажил дуусна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн