Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Судалгаа: Эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэмэгдэхгүй байгаа голлох шалтгааныг ингэж тодорхойлжээ

Судалгаа: Эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэмэгдэхгүй байгаа голлох шалтгааныг ингэж тодорхойлжээ
Нийтэлсэн 2020 оны 3 сарын 20
Монгол Улсын Засгийн газар, Жендерийн Үндэсний хорооноос Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгах, эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх талаар бодлогын зөвлөмж гаргажээ.
Зөвлөмжийг нийт хүн амын дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх судалгаанд үндэслэн гаргажээ. Судалгаанд эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал дутмаг байгааг онцолж байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэмэгдэхгүй байгаа голлох шалтгааныг ингэж тодорхойлжээ.
-Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв гэж мэддэг ч дадал, хэвшил муу байна.
-Эрэгтэйчүүд эмнэлэгт очоод үзүүлэх зориулалтын кабинет байдаггүй, хэнд үзүүлэхээ мэддэггүй.
-Уламжлалт зан үйлээр эрэгтэйчүүд гэр орноо авч явна, хүчтэй байна гэдэг шалтгаанаар нэрэлхүү зангаасаа болж эрүүл мэнддээ анхаардаггүй гэжээ.
Харин ярилцлагад оролцогчид эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо сэтгэлзүй, физиологи, хорт зуршлын хэрэглээ, ёс суртахуун, шашин шүтлэг, эмнэлэгт үзүүлэх хандлагаараа ялгаатай гэж бодож байжээ. Жишээ нь:
-Эрэгтэйчүүд эмэгтэй хүнээс бие физилогийн хувьд өөр. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү хүч чадалтай, тийм учраас хар ажил, уул уурхай барилга дээр ихээр ажилладаг.
-Эрчүүд эмэгтэйчүүдээс сэтгэл зүйн хувьд муу. Стрессээ гадагшлуулдаггүй, иймд стрессээ гадагшлуулах, сэтгэлээ тайвшруулахын тулд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт буруу зуршлуудыг сонгодог.
-Ёс суртахууны хувьд эрэгтэйчүүд их нэрэлхүү байдаг. Эр хүн хүчирхэг байх ёстой, эр хүн өвддөггүй гэх мэт буруу үзлээс болоод эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эмнэлэгт эмчлүүлэх зэрэгтээ муу байна.
Судалгаанаас монгол эрчүүдийн талаар баримтуудыг хүргэе. Үүнд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн 18-26 насны 9356 эрэгтэй хүн хамрагджээ.
-Боловсролын төвшин нэмэгдэхэд эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг хэрэгтэй гэж үзэх хувь, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт ихэсдэг байна.
-Судалгаанд оролцсон нийт эрчүүдийн 55.4 хувь нь 18 насандаа согтууруулах ундаа хэрэглэж үзжээ.
-Биеийн жингийн ангиллаар харахад таргалалтын зэрэг нэмэгдэхэд дасгал хөдөлгөөн хийдэг хувь нэмэгдэж байна.
-Судалгаанд хамрагдсан эрчүүдийн 96.6 хувь нь зөв хооллолт эрүүл мэндэд чухал гэж үздэг ч 23.1 хувь нь тогтмол, 59.1 хувь нь хааяа зөв хооллодог, 17.9 хувь нь огт зөв хооллодоггүй байна.
-Насны бүлгээр харвал интернетээс мэдээлэл авах нь насны бүлэг нэмэгдэхэд багасч байгаа бол телевизээс мэдээлэл авах нь эсрэгээрээ нэмэгдэж байна.
-Судалгаанд оролцсон тамхи татдаг эрчүүдээс сүүлийн 24 цагийн хэрэглээг тодруулахад 72.1 хувь нь 1-9 ширхэг тамхи татсан гэжээ.
-Гурван эрэгтэй тутмын нэг нь ямар нэг байдлаар амь эрсдэхээр тохиолдолд өртөж байжээ.
-Судалгаанд хамрагдсан эрчүүдийн 43.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байжээ. Харин тэднээс 12 хувь нь эрхэлж буй ажлаа маш эрсдэлтэй гэж үзсэн байна.
-Боловсролын төвшингөөр
            Бүрэн дунд боловсролтой – 55.2 хувь
            Бакалавр болон түүнээс дээш – 14.6 хувь
            Техникийн болон мэргэжлийн – 13.3 хувь
            Суурь боловсролтой – 10.7 хувь
            Бага боловсролтой – 3.7 хувь
            Боловсролгүй – 2.5 хувь
-Гэрлэлтийн байдал
            Огт гэрлээгүй – 74.9 хувь
            Батлуулсан – 7.6 хувь
            Батлуулаагүй гэр бүлтэй – 9.6 хувь
            Найз эмэгтэйтэй – 6.5 хувь 
           
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн