Саяхан л хотод ирсэн болов уу гэмээр улаан дээлтэй өвгөн “Зүүнсалаа”-ны автобусны сандал дээр тухлан суужээ. Өвөрт нь гэнэт утасны дуу хангинан дуугарахад өвөө, “Төрийн минь сүлд өршөө" хэмээн уулга алдан цочив. Тойрч зогссон хэдэн залуусын нүүрэнд жогтой инээмсэглэл тодорлоо. Өвгөн утсаа авах гэж мунгинаж, мунгинаж арайхын учрыг нь олоод чихэндээ ойртуулж “Өө охино аав нь суусан. Авсааан” гэж чанга, чанга орилон утсаар ярина. Харин дэргэд нь зогсох залуу “Сүлд ч гэж сүг цаашаа. Сүлдтэйсэн бол Төрийнхөө ордны гадаа цаг түгжрэхгүй биз” гэж амандаа бувтнав. Өвгөн гэнэт толгойгоо залуу өөд өргөж “Цөг цаашаа, хүү минь. Төрийн минь хишиг буян” хэмээн нэг гараараа залбирах мэт үйл хийв. Өвөө, эмээтэй хүүхдүүд өнгөрсөн цагийн түүхийг сонсох азтай юм даа гэж битүүхэн атаархаж явдаг миний чихийг “Төрийн минь буян хишиг” гэх энэ үг дэлдийлгэж орхив. Бүүр болоогүй ээ, энэ үг өвгөний үйлдлээр амилсан мэт санагдлаа.
Өндөр настны амнаас ерөөл болж урсах, дундаж настны амнаас хараал болон гарах “төр” гэдэг зүйл хорин настнуудын хувьд хэрхэн тодорхойлогддог юм бэ?
Монгол Улсын 2017 оны сонгуулийн ирцээс дүгнэхэд залуусыг 10 хүн тутмын 3 нь санал өгч байхад, ахмадуудын 10 хүн тутмын 9 нь санал өгчээ. Иргэдийн оролцоогүйгээр ардчиллын мөн чанарыг илэрхийлж боломгүй билээ. Тиймээс сонгуулийн идэвхээр нь хэмжвэл ардчиллын үнэ цэнэ унасаар байна гэж дүгнэж болох юм.
Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг 15-34 насныхан эзэлдэг учраас “Залуусын хот” ч гэж нэрлэгддэг. Хоёр жилийн өмнө Удирдлагын академийн судалгааны баг Конрад Аденауэр Сангийн захиалгаар Залуучуудын Улс төрийн оролцоог өргөн хүрээнд судалсан байдаг. Судалгааны дүгнэлтээс харахад залуучуудын 60 орчим хувь нь өөрийн оршин суугаа тойргоосоо сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчийг таньдаггүй, мэддэггүй. Харин 40 гаруй хувь нь өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнийг таньдаггүй байна.
Мөн залуучуудын дийлэнх олонхи нь улс төрийн өнөөгийн амьдралыг хэт эмх замбараагүй, улс төрийг хоосон шоуны шинжтэй гэж дүгнэжээ. Тиймээс ч залуучууд улс төрийг сонирхдоггүй гэж дүгнэсэн бөгөөд үүнд улс төрд болон улстөрчид итгэдэггүй гэсэн шалтгаан зонхилон нөлөөлсөн гэж судалгааны тайланд онцолжээ.
Иймд сэтгүүлчийн сониуч зандаа гэнэт хөтлөгдөн, ажилдаа ирэх замдаа зарим залуусаас одоогийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын нэрийг асууж үзлээ. Санамсаргүй түүж, хариулах нэгнээс нь л асуулаа. Таньдаггүй ээ. Харин Ерөнхийлөгчийн нэрийг бол олонхи нь мэдэж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын нэрийг, мөн сурч байгаа болон ажиллаж байгаа чиглэлийнхээ салбарын сайдын нэрийг мэдэхгүй нь олон таарав. Дарга нар болохоор ард түмний өмнөөс, миний ард түмэн гээд л биднийг төлөөлж яриад байдаг атал, ард түмнийх нь нэг хэсэг болсон шинэ үеийнхэн тэднийг нэрлэж мэдэхгүй байна. Тэд таньж, мэдэж байх албагүй л дээ. Шинэ үе улс төр сонирхохгүйгээр өмнөх ажлаа л сайн хийвэл сайн хэрэг. Тэгэхдээ өнөөдөр талх, таксины үнэд хүртэл улс төр нөлөөлж байхад, улс төрийн хамгийн “том дарга” нарын нэрийг мэдэхгүй байна гэдэг бас арай л санагдав. Тэгэхдээ тэдгээр дарга нарыг нэрийг мэдэхгүй нь залуусын буруу биш. Харин залууст, шинэ үед танигдаагүй нь тэдгээр том дарга нарын л буруу гэж бодож байна.