Доллараар биш, төгрөгөөр цалингаа авдаг учраас доллар өсөх нь хамаагүй гэж Та бодож байж магад. Мөн машингүй юм чинь шатахууны үнэ өссөн ч надад нөлөөлөхгүй гэж бас бодож байна уу. Хэдий та доллараар гүйлгээ хийдэггүй, шатахуун авдаггүй ч эдгээр бүтээгдэхүүний үнэ 10 төгрөгөөр өсөхөд таны өдөр тутамдаа хэрэглэдэг мах, гурил будаа, талх, бусад бараа бүтээгдэхүүний үнэ төдий хэмжээний төгрөгөөр нэмэгдэнэ. Тэгэхээр эдгээр барааны үнэ танд хамаагүй юм шиг хэрнээ хэтэвчнээс тань гарах төгрөгийн худалдан авах чадварт шууд нөлөөлнө.
Өөрөөр хэлбэл, нийт ард түмэн доллараар гүйлгээ хийдэггүй ч Монгол шиг импортын эдийн засагтай улсад төгрөг суларч, ам.долларын ханш чангарах нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх гол сэдэл болдог. Тиймээс доллар өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурна. Хоёр жилийн өмнө нэг доллар 2000 төгрөгтэй тэнцэж байхад арван мянган төгрөгөөр 7 кг цагаан будаа худадан авдаг байлаа. Өнөөдөр доллар 2560, бензины үнэ 1885 төгрөг болж нэмэгдсэнээр арван мянган төгрөгөөр 4.5 кг цагаан будаа авч байх жишээний. Доллар болон бензиний үнэ ийм л байдлаар таны худалдан авах чадварт нөлөөлдөг.
Нөгөө талд иргэдийн гар дээрээ авдаг цалин, орлого нэмэгдвэл өөр хэрэг. Гэтэл сүүлийн таван жилийн хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 750, иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний үнэ 212 төгрөгөө нэмэгджээ. Харин иргэдийн авдаг цалин, тэтгэвэр дорвитой нэмэгдсэнгүй.
Шатахууны үнэ 2016 он гарсаар бараг түүхэндээ анх удаа 100-150 төгрөгөөр буурсан. Тус онд Аи-92-ын үнэ 1550 төгрөгт хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн хямд үнэ байлаа. Харин өнөөдөр буюу хоёр жилийн дараа зөвхөн АИ-92 шатахууны үнэ 355 төгрөгөөр, долларын ханш 560 гаруй төгрөгөөр нэмэгджээ. Ханш болон бензиний үнэ 100 хувь эдийн засгийн суурь хүчин зүйлээс шалтгаалан өссөн гэхээс илүү эрх баригчдын болчимгүй мэдэгдэл, бодлого үйл ажиллагаанаас болж өссөн тал бий. Гэтэл горыг нь эрх баригчид биш, ард түмэн үүрдэг нь харамсалтай.