УНТЭ-ийн Нүдний их эмч Б.Түвшинтөгстэй ярилцлаа.
-Сүүлийн үед нүдний эмчид үзүүлэхээр ирж байгаа өвчтөнүүдэд зонхилж буй өвчлөл юу байна вэ?
-Залуучуудын дунд нүдний хугарлын гажиг буюу хараа муудах нь элбэгшсэн. Мөн биеийн эрхтэн системийн эмгэгээс шалтгаалж аутоэмүний өвчин элбэг байна. Ялангуяа бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү, сүрьеэ шалтгаанаар нүдний үрэвсэл үүсэх, өөрчлөлтөд их өртөх болжээ. Оффис ажил эрхэлдэг хүмүүсийн дунд нүдний ядаргаа олширсон.
Түүнчлэн техник технологитой харьцах болон архидан согтуурах үедээ нүдээ их гэмтээж байна. Ингэхдээ нүдний ухархайн бүрэн бүтэн байдлаа алдаж, алим нь хагарах, зовхины урагдал гэмтэл, ухархайн ясан хана хугарсан зэрэг гэмтэлтэй зонхилон тохиолдож байна.
Харин настай хүмүүс дунд болор цайх, харааны төв хэсгийн өөрчлөлт, хараанд оролцдог шар толбо нас ахилтаас хамаарч өөрчлөгддөг. Артерын даралт ихсэх, цусан дахь сахар ихсэх зэрэг шалтгаанаар нүдний хараанд өөрчлөлт орж байгаа. Мөн Монголын цаг уураас үүдэж нүдний даралт ихсэх өвчин их тохиолдож байна.
-Нүдний ядаргаа элбэг байна гэлээ. Энэ нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Нүд ядрах үед хол ойрын хараа бүрэлзэх, хааяа нэг зүйлийг хоёр болгож харах, нүд аргах, өвчин орох, гэрэл гялбамхай, нулимс гоожих зовуурь илэрдэг. Даамжирвал толгой эргэх, дотор муухайрах шинж ч илэрч болно.
-Энэ нь юунаас үүддэг вэ?
-Нүдний ядаргаа гэдэг бүх биеийн ядаргаатай адилхан. Нүд хөдөлгөдөг булчин, хараанд оролцдог булчингийн чангарлаас үүсдэг. Ямар шалтгаанаас чангараад байна вэ гэвэл, холын эсвэл ойрын зайд удаан хугацаагаар хараа шаардсан ажил хийж харааг ачаалуулснаас болж үүсэж болно. Харанхуй газар удаан сууж, гэрэл багатай орчинд удаан хараа шаардсан ажил хийх нь ч нөлөөлнө. Үүнд, ихэвчлэн дэлгэц удаан харахаас гадна ном удаан унших ордог. Холын зайд удаан хугацаагаар машин барих ч нөлөө үзүүлнэ. Хугарлын гажигтайтай буюу хараа муутай хүмүүс шил зүүхгүйгээр онийж, аливаа зүйлийг хүчилж харснаас болж нүд ядарна. Мөн харааны хэвийн бус нөхцөлд буюу хэвтэж байгаад утас оролдож, ном унших нөлөөлнө. Хэвийн байрлал гэдэг нь нүдний эгц түвшинд 33 см-ээс дотогшгүй зайг хэлж байгаа хэрэг. Үүнээс дотогш нэвтэрсэн бол хэвийн бус нөхцөл гэгдэнэ.
-Нүдний ядаргаа даамжирвал ямар эрсдэлтэй вэ?
-Даамжирвал хараа улам муудна. Зовууриуд ариахгүй. Хэрэв хол, ойрын хараа муу бол хугарлын гажигтаа таарсан нүдний шил зүүх хэрэгтэй. Тэгэхгүй бол нүд дух орчимд өвдөлт мэдэрсээр байна. Нүдний ядаргаа даамжирвал зовууриуд хүчтэй болно, хараа улам муудах эрсдэл нэмэгдэнэ. Ийм зовуурийг хүчтэй болгохыг хүсэхгүй.
-Тэгвэл урдчилан сэргийлэх ямар аргууд байдаг вэ?
-Нүдээ ядраахгүй байлгая гэвэл чангараад байгаа булчинг суллаж, булчингийн чангарлыг тавируулах шаардлагатай. Хэрэв ойрын зайд байнга юм уншиж, хичээл давтаж, ажил хийдэг бол 20/20 дүрмийг мөрдөх хэрэгтэй. 20 миниут нүдээ ачаалуулсан бол 20 минут холын юм харж амраах, дасгал хийх чухал. Нүдэнд сунгалтын дасгал гэж байдаг. Энэ нь дээш доош, баруун зүүн эргэлдүүлж, дөрвөн зүг найман зовхист хөдөлгөж, сунгахыг хэлнэ.
Эрүүл агаарт гарч холын бараа ширтэх хэрэгтэй. Хэрэв хүн ам төвлөрсөн газар байдаг бол өндөр барилга дээрээс алсыг харж болно.
-Нүдэнд өөх, мах ургах, шарлалт үүсэх нь дунд болон ахимаг насны иргэдэд элбэг тохиолдог юм билээ. Энэ нь юунаас үүддэг вэ?
-Өөх мах ургаж байгаа хамгийн түгээмэл шалтгаан бол нарны хэт ягаан туяаны нөлөө байдаг. Түүнээс гадна байгаль цаг уурын хуурай уур амьсгал нөлөөлнө. Тамхи, агаар сэрүүсгэх кондишн зэрэг нөлөөлж болно. Эдгээр нь нүдийг нэгэн байдлаар үрэвсүүлж, цочроож хуурайшуулах ч эрсдэлтэй.
-Үүнээс хэрхэн урьчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?
-Үүнээс хамгаалж урьдчилан сэргийлье гэвэл нарны хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй. Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай “UV protection 400” гэсэн бичигтэй шил байдаг. Хэрэв “UV protection 200” гэх мэт бууралттай байвал нарны туяанаас 50 хувь хамгаалж байна гэсэн үг. Энгийн туяа бууруулах хар өнгийн шил биш. Мөн нүд рүү салхи үлээх, хэвийн байдлыг алдуулах зүйлээс хол байх хэрэгтэй. Эмийн сангуудад жоргүйгээр олгодог нүдний хиймэл нулимс, дусаалгыг тогтмол хэрэглэх шаардлагатай. Эмийн сангаас жоргүйгээр олгож байгаа нүдний дусаалга таны нүдэнд чийгшил өгч, нулимсыг орлож байгаа хэрэг. Үүнийг суудлын ажил хийж, нэг цэгт удаан төвлөрдөг хүмүүс хоёр цаг тутамд дусаана.
-Нүдний дусаалгыг тогтмол хэрэглэвэл нүд өөрөөсөө шингэн ялгаруулж чадахгүй, дусаалга дусаахгүй л бол нэхэх зэрэг сөрөг нөлөө бий юү?
-Нүд цавчлах бүртээ шингэнээр тоглог бүрхэвчээ хангаж байдаг. Үүнийг илүү дэмжиж, чийглэг байлгахад нүдний дусаалга дэм болдог. Нүд хуурайшаад байвал дусаалгад дадсан байна гэж ойлголгүй нүд шингэн нэхээд байна гэж ойлгоод дусаалга хэрэглэх хэрэгтэй. Нүд хуурайшиж байснаа хэт их чийг өөрөөсөө гадагшлуулахаас өмнө гаднаас нь дусаалга дусааж тэнцвэржүүлнэ. Дасан зохицох, гаж нөлөө үзүүлэхгүй. Зөвхөн нүдний шингэнийг дэмжиж байгаа л хэрэг. Байнга тогтмол хэрэглэж болно.
-Мөн сүүлийн үед иргэнд нүдний хараагаа тэглүүлэх нь ихэслээ. Үүнд та нарийн мэргэжлийн эмчийн хувьд ямар зөвлөгөө өгөх вэ. Иргэд ихэвчлэн цахим орчноос мэдээлэл авч түүнийхээ дагуу энэ мэс заслыг сонгох нь бий?
-Нүдний шил зүүж дадаагүй хүмүүс хийлгэвэл тохиромжтой. Шилэндээ дадсан, тогтмол зүүж сурсан хүн тэглүүлэхгүй байж болно. Энэ нь мэс заслын аргаар эвэрлэг бүрхүүлийг нимгэлж харааг тэглэдэг. Уг хагалгаа үүсээд 10 гаруй жил болж байгаа залуу шинжлэх ухаан. Тиймээс хожуу үед буюу 20, 30 жилийн дараа ямар эрсдэл гарах нь тодорхой судлагдаагүй. Тэгэхээр яг хараагаа тэглүүлэх талаар иргэдэд уриалж чадахгүй нь.
-Ярилцлагын төгсгөлд иргэдэд хандаж, хараагаа сайжруулах, муутгахгүй байх талд зөвлөгөө өгөхгүй юү?
-Хугарлын гажиг удамшлын шинжтэй бол засаж сайжруулах боломжгүй. Харин буруу амьдралын хэв маягаас үүдэн нүдний булчинг хэт зангируулах зэргээс болж хараа муудах эрсдэлтэй байгаа бол дэглэм барьж, дасгал хийгээд байвал эрт харааны шил зүүхээс сэргийлж болно. Нэгэнт хараа муудсан бол шил зүүхээс өөр ямар ч арга байхгүй. Шил зүүх заалттай иргэд шилээ тогтмол зүүж, хараагаа муутгахгүй байхыг хичээгээрэй. Мөн нүдний дусаалга хэрэглэж хэвшээрэй гэж зөвлөе.