Арилжааны банкууд 2022 оны зургадугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани болж, олон нийтэд хувьцаагаа арилжах хуулийн хугацаатай байсан. Харин эдийн засгийн нөхцөл байдал болон банкуудын активт үнэлгээ хийх нэрийдлээр IPO гаргах хугацааг нэг жилээр сунгаад буй.
Тэгвэл банкуудын IPO гаргах хугацаанаас урьдаж Монголын хамгийн том арилжааны банк болох Хаан банкны нөлөө бүх хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оржээ. Хаан банкны гол хувьцаа эзэмшигч Савада Холдингс ХК-ийн хувьцаагаа худалдах арилжаа эцэслэгдэж, хөрөнгө оруулагч солигджээ. Тодруулбал, Хаан банкны 45.55 хувийг эзэмшигч Японы Савада Холдингсийн Ерөнхийлөгч Хидео Савада өөрийн хувиа 200 сая ам.доллараар зарж, хувьцаа шилжүүлэх ажил 2022 оны зургадугаар сард хийгдэж дууссан байна. Энэхүү хувьцаа шилжих процесс жил гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн тавдугаар сард Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл өгснөөр эцэслэгджээ.
Ингэснээр, Хаан банкны нийт хувьцааны 55.3 хувийг эзэмшигч нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Савада Холдингс нэрээ Эйч Эс Холдингс компани болгон өөрчилсөн байна. Задалбал, Эйч Эс Холдингс ХК Хаан банкны 45.55 хувь, түүний охин компани Эйч Эс Интернэйшнл /Хонгконгт бүртгэлтэй/ 9.75 хувийг эзэмшигч болжээ.
Эйч Эс Холдингсийн эцсийн эзэмшигч хэн бэ
Эйч Эс Холдингс нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани. Гол төлөв санхүүгийн бизнес эрхэлдэг компаниудын хувьцааг эзэмшдэг холдинг бөгөөд харилцан хамаарал бүхий 7 компанитай. Эдгээр нь Gaitame.com Co., Ltd., H.S. International (Asia) Ltd. (HSIA), H.S. Securities Co., Ltd., H.S. Servicer Co., Ltd., JSC Solid Bank, Khan Bank LLC болон OJSC Kyrgyzkommerts bank зэрэг багтана.
Хаан банкны нээлттэй мэдээллээр бол Эйч Эс Холдингсийн хувьцааг 10 хуулийн этгээд эзэмшдэг аж. Задалбал,
Упсилон Инвестмент Бизнес ХХН / Мета Капитал - 40.6%
Хидео Савада /Хувь хүн/ - 16.1%
Мураяма Тошихико /Хувь хүн/ 2%
Эй Ай Жи Женерал Иншүранс 1.9%
BNYM SA/NV FOR BNYM FOR BNYM GCM CLIENT ACCTS M ILM FE 1.3%
Дайва Секюритис 1.3%-ийг тус тус эзэмшдэг байна.
Жилийн өмнө Хаан банкны том хувьцаа эзэмшигч хувиа зарах асуудал хөндөгдөх үеэр Монголын өөр нэгэн том банкны нөлөө бүхий хувь эзэмшигч оролцсон, нөлөөтэй байх магадлалтай гэдэг мэдээлэл гарч, эцсийн эзэмшигчийг заавал шалга гэдэг шахалт явсан. Энэ шахалт Эйч Эс Холдингсийн 40.6 хувийг эзэмшигч Упсилон Инвестмент Бизнес ХХН / Мета Капиталтай холбоотой байсан. Учир нь, Японы хуулийн этгээд “Упсилон ХХН, Мета капитал” нь 2014 онд Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий /31.2%/ хувьцаа эзэмшигч болох “Юнайтэдбэнкинг корпорэйшн” ХХК-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээлэл явсан байдаг. Үүнийг тодруулах ажлыг Монголбанк хариуцаж, эцэст нь зөвшөөрлөө өгчээ. Өөрөөр хэлбэл, уг мэдээлэл батлагдаагүй учраас хувьцааг шилжүүлэх зөвшөөрлийг Эйч Эс Холдинг ХК-д өгсөн гэсэн үг.
-36.15.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэж заасан. Иймд, Монголбанк энэ заалтад нийцүүлж эцсийн зөвшөөрлийг олгосон байж таараа. Гэхдээ Упсилон Инвестмент Бизнес ХХН / Мета Капитал гэх компанийн мэдээлэл тун хомс, үйл ажиллагааны чиглэл, цаадах эцсийн өмчлөгчийн мэдээл байхгүй байгаа нь эргэлзээ төрүүлсэн хэвээр байгаа юм.
Эйч Эс Холдингсийн ТУЗ-ийн дарга Хаттори Жүничи гэж хэн бэ
Гол арилжаа Хидео Савада Хаттори Жүничи нарын дунд явсан байна. Анх ноён Савада Хаттори Жүничид Савада Холдингсийнхоо хувьцааг санал болгож, арилжаа хийгдсэн аж. Ноён Хаттори Жүничи Савада Холдингсийн хувьцааг худалдан авч, Эйч Эс холдингс болгож нэрээ өөрчилсөн нь энэ юм. Нэгэнт Савадагийн хувийг худалдан авсан учраас Хаттори Жүничи Хаан банкны гол хувь эзэмшигч болсон юм гэсэн үг. Ноён Хаттори Жүничи хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийн гэр бүлийн холдинг компаниудаа зарах замаар хөрөнгө оруулалтаа босгосон гэж тайлбарлажээ. Мөн тэрээр дөрвөн жилийн өмнөөс Монголын жоншны хайгуул, олборлолтын салбарт хөрөнгө оруулалт хийж, Монголын бизнесийн орчинд ажиллаж байгаа нэгэн аж.
Дашрамд дурдахад, 2022 оны эхний хагас жилийн байдлаар Хаан банкны нийт актив 13.5 их наяд, өөрийн хөрөнгийн хэмжээ 1.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд оны эхний хагаст 224 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.