Монгол-Япон улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл 2023 оны гуравдугаар сард дуусна. Төслийн хэрэгжих хугацаанд МУИС, ШУТИС-ийн багш судлаач оюутан нийт 1000 гаруй хүнийг Японы их дээд сургууль болон Коосэн сургуульд суралцуулахаар төлөвлөсөн юм.
Хөтөлбөр гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд,
-Нэгд, Коосэн буюу Үндэсний технологийн коллежид 200 оюутан элсүүлэх,
-Хоёрт, Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр буюу Япон Улсын төрийн 10 их дээд сургуульд бакалаврын оюутнуудыг шилжин суралцуулах,
-Гуравт, багшлах хүний нөөцийн бэлтгэх, сургалт, судалгааны ажлын агуулгыг сайжруулах хамтарсан судалгааны хөтөлбөр багтаж байна.
Коосен сургуульд оюутан элсүүлэх бүртгэл маргааш эхэлнэ
2018-2019 оны Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрт оюутан элсүүлэх бүртгэл Улаанбаатар хотод 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 21-ний Бямба гариг хүртэл www.mjeed.edu.mn сайтаар бүртгэх юм байна. Мөн урьдчилсан сорилыг дөрөвдүгээр сарын 21-ний /Бямба гариг/ 10 цагт ШУТИС-ийн хичээлийн II байранд зохион байгуулна. Орон нутагт тухайн аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 18 цаг хүртэл бүртгэж, нэгтгэсэн мэдээллийг Төсөл хэрэгжүүлэх нэгжид файлаар хүргүүлнэ. Урьдчилсан сорилыг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн /Бямба гариг/ 10:00 цагт бүх аймгуудад нэгэн зэрэг зохион байгуулна. Ирээдүйд инженер болох сонирхолтой төгсөх ангийн сурагч бүр оролцох боломжтой учраас “1000 инженер” төслийн албан ёсны сайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч, урьдчилсан сорилд оролцох боломжтой юм.
Төсөлд хамрагдсанаар оюутан ямар боломжийг ашиглах вэ
Энэ асуудлаар “Инженер технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрайгаас тодрууллаа. Тэрээр, “Төсөлд хамрагдсанаар сурагчдын хувьд олон боломж нээгдэнэ. Төслийн сорил, шалгуурт тэнцсэн тохиолдолд ШУТИС-д бэлтгэл сургалт явагдаж байгаа бөгөөд энд коллежийн оюутан 1.5 жилийн хугацаатай вакамжуулсан сургалтад, бакалаврын оюутан 2.5 жилийн хугацаатай Япон багштай Япон хэлний вакуумжуулсан сургалтад хамрагдах юм. Дараа нь, Японы их дээд сургуульд элсэн суралцах шалгалт өгнө. Бакалаврын оюутан шилжин суралцах шалгалт өгнө. Уг шалгалтдаа тэнцсэн оюутнууд Японд очиж суралцана.
Япон улсад элсэн суралцах оюутны амьжиргааны зардал, сургалтын төлбөр, нэг удаагийн ирэх очих онгоцны тийзийн зардал зэргийг Боловсролын зээлийн сангаас гаргадаг. Тухайн оюутан Японд сургуулиа амжилттай төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ хувийн болон улсын байгууллагад амжилттай ажилласан тохиолдолд тухайн зээл нь тэтгэлэг болон хувирна. Оюутанд ачаалал үүсэхгүй учир хувийн зүгээс сахилга баттай, идэвхи зүтгэлтэй суралцаж туршлага хуримтлуулан ирж эх орондоо эзэмшсэн мэдлэг, туршлагаа ашиглан бүтээн байгуулалтад оролцох үүрэгтэй юм. Коосэн оюутан Японы үндэсний 51 Коосэнд элсэн 3 жил суралцаж бакалаврын өмнөх мэргэжлийн дипломтой болж нарийн мэргэжлээр ажиллах юм. Харин бакалаврын хөтөлбөрт элсэн суралцсан оюутан ШУТИС-ийн гуравдугаар курсээс Японы 10 их, дээд сургуулиас сонгон суралцаж хос дипломтой төгсөнө” хэмээлээ.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хувьд энэ жил анхны элсэгчдээ Япон улс руу илгээж байгаа юм. Гурван жилийн өмнө ШУТИС-ийн тус хөтөлбөрт элсэн суралцсан 56 оюутан Японы их дээд сургуулиудад суралцахаар тус улсыг ирэх дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт зорихоор болсон байна. Тэдний нэг болох Kobe-Aкashi Kosen оюутан Д.Батболдоос хөтөлбөрт хэрхэн хамрагдсан бэ, хөтөлбөрийн онцлог юу вэ, сорил шалгалтдаа хэрхэн бэлтгэсэн бэ гэдгийг тодрууллаа.
Тэрээр хэлэхдээ, “Миний хувьд Ерөнхий боловсролын 81-р сургуулийг төгссөн. Төгсөх жилээ ямар сургуульд орох вэ гэдгээ судалж байсан. Ингээд ШУТИС-ийн цахим хаягтай танилцаж байхдаа ‘Инженерийн дээд боловсролын төсөл’ буюу ‘1000 инженер’ хөтөлбөрийн талаар мэдээлэл олж авсан. Бэлтгэл Коосэн хөтөлбөрт ЭЕШ оноо математик, физик 650-аас дээш байх, урьдчилсан шалгалтад 50-иас дээш оноо авсан байх ёстой байсан. Ингээд Монголдоо 1.5 жил Япон хэл сурч, суурь мэргэжлийн хичээлээ үзээд Японд очиж 3 жил суралцах юм байна гэж ойлгосон. Монголдоо болон Японд мэргэжлээрээ суралцаад мэргэжлийн чадварлаг боловсон хүчин болж эх орондоо ажиллах ёстой. Эхний семестртээ ерөнхий суурь хичээлээ үзээд хоёр дахь семестрээс Япон хэл болон математик зэрэг мэргэжлийн хичээлээ гүнзгийрүүлэн үзсэн. Японд элсэн суралцахын тулд EJU болон TOEIC шалгалтыг өгөх ёстой байдаг. Зургаадугаар сард болон арван нэгдүгээр сард шалгалт өгсөн. Миний хувьд нэгдүгээр сард шалгалтын хариугаа авч, сургуулиа сонгосон. Одоо Kobe хотын Akashi Kosen-д механикийн инженер чиглэлээр суралцахаар тус улсыг зорих гэж байна.
Хөтөлбөрийг сонгохоосоо өмнө Япон хэл огт үзэж байгаагүй. Хөтөлбөрт хамрагдаад 1.5 жилийн дотор Япон хэлний N2 зэрэг авсан. Бусад оюутнуудын хувьд зундаа амардаг. ШУТИС-ийн Коосэн бэлтгэл ангийн хүүхдүүдийн хувьд амралт гэж байдаггүй. Өвлийн болон зуны эрчимжүүлсэн сургалт гэж давхар хичээллэдэг. Бид анх хөтөлбөрт хамрагдахдаа юу ч мэдэхгүй байсан. Энэ Коосэн хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн амьдралын зорилгоо тодорхойлж чадсан. Хөтөлбөрийн багш болон хариуцсан ажилтан нар зөвлөгөө их өгдөг.
Хичээлээ үзэж, дасгал ажиллахаас гадна шалгалтдаа бэлтгэхдээ өнгөрсөн онуудын шалгалтын материалыг их ашигладаг. Мөн Япон хэлний шалгалтандаа унасан хүүхэд бидний дунд ерөөсөө байхгүй. Математик болон физикийн шалгалт дээр ганц хоёр зөрүү гарсан тохиолдол л бий. Одоо энэ хөтөлбөрийг сонирхож байгаа, энэ жилийн хөтөлбөрт элсэх оюутнуудад хандаж хэлэхэд багш нарын хий гэсэн зүйлийг цаг тухайд нь хийхэд шалгалт тийм ч хүнд санагдахгүй. Сэтгэл зүйн хувьд эхэндээ маш хэцүү. Шахуу цагийн хуваарьтай. Өглөө 7 цаг 40 минутаас ороод орой 17 цаг 50 минут гэж тарсан ч гэртээ харих боломжгүй. Багш нартаа даалгавраа асуугдана, орой даалгавраа хийнэ. Тэгээд шөнө нь гэртээ хариад л өглөө нь хичээлдээ ахиад ирнэ. Зун болохоор амраахгүй. Бусад хүүхдүүд 3 сар амарч байхад бид 7 хоног биеэ амраагаад л эрчимжүүлсэн сургалтдаа хамрагдсан. Шалгалтад ороод хуулах боломж ерөөсөө байхгүй. Тэр том танхимд нэг оюутан, олон хянагч багш болон камертай. Тиймээс хичээлээ л сайн бэлтгэж, өөрөө бэлэн байх ёстой гэж хичээллэдэг. Энэ бүхний үр дүнд л шалгалтдаа тэнцэж одоо суралцахаар явах гэж байна гэж бодож байна. Япон улсад очоод гурван жил сураад ирнэ. Тэндээс инженер хүн ямар байх ёстой вэ гэдгийг мэднэ, тэдний ажиллах, суралцах арга барилтай танилцана гэх мэт олон зүйл мэдээд ирнэ гэж бодож байна” хэмээлээ.