Интермед эмнэлгийн урилгаар Куба улсын мэргэжлийн эмч нар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт ажиллаж байна. Бид Интермед эмнэлэг дээр гуравдугаар сарын 21-нээс хойш ажиллаж байгаа Куба улсын хэрх, үе мөч судлалын тэргүүлэх зэргийн эмч Эдуардо Флоренциятай уулзаж, ярилцлаа. Тэрээр мэргэжлээрээ тасралтгүй 34 жил ажиллаж байгаа туршлагатай юм байна. Дэлхий дээр 100-200 төрлийн үе мөчний өвчлөл, эмгэгүүд байдаг байна. Үүнээс монголчуудын хувьд түгээмэл өвчилж байгаа ревматойд буюу хэрлэг төст үений өвчлөлийн талаар ярилцсанаа хүргэе.
-Үүний өмнө Монгол Улсад ажиллаж байгаа сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаж болох уу?
-Куба улсаас нарийн мэргэжлийн гурван эмч Интермед эмнэлэгт ирж, ажиллаж байна. Монголчуудын хувьд биднийг маш халуун дотноор хүлээн авч, хамтын ажиллагаа үр өгөөжтэй байна гэж харж байгаа. Интермед эмнэлгийн удирдлагаас эхлээд эмч, эмнэлгийн ажилчид, Элчин сайдын яамныхан маш сайхан хүлээн авлаа. Хамтын ажиллагааны халуун дотно харилцаагаар дамжуулан монголчуудын ажил амьдралтай танилцах боломж олдсонд баяртай байна. Монголчуудын хүн чанар болон эмч, эмнэлгийн ажилчид нь мэргэжлийн чадвар сайтай санагдлаа. Бид саяхан Монголын зүүн аймгуудаар явж, ажиллаад ирлээ. Хэдийгээр богино хугацаатай явсан ч олон хүн үзэж, зөвлөгөө өгсөндөө баяртай байна.
-Монголчуудын хувьд үе мөчний ямар өвчлөл зонхилон тохиолдож байна вэ?
-Ерөнхий бодисын солилцооны болон дегенераци өөрчлөлтөөс үүдэлтэй үе мөчний үрэвслүүд оношлогдож байна. Монгол иргэдийн дунд хэрлэг төст, тулай, хэрх зэрэг үе мөчний өвчлөл зонхилж байна. Эдгээр өвчлөл нь тус бүрнээ шинж тэмдэг болон эмгэг жамын онцлогтой учраас тохирсон эмчилгээг нь хийх шаардлагатай. Ер нь үе мөчний өвчлөлийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр оношилж, зөвлөмжийн дагуу эмчилдэг. Энэхүү ярилцлагаараа дамжуулсан ревматойд буюу хэрлэг төст үений үрэвслийн өвчний талаар дэлгэрэнгүй яръя гэж бодож байна.
Ревматойд үрэвсэл нь системийн өвчин юм. Уг өвчний үед хүний дархлаа өөрийнхөө эд эсийн эсрэг хариу урвал үзүүлдэг. Зөвхөн үе, мөчүүдэд эмгэг өөрчлөлт үүсэхээс гадна бусад эрхтэн системүүдэд нөлөөлдөг. Энэ өвчний үед үзлэгээр гол илэрдэг шинж нь үе мөч сулрах, адил тэгш эрхтнүүд мурийх байдлаар илэрдэг. Үений хэмжээ хавагнаж томорч, тус хэсэг газрын температур нь ихсэж, халуу төөнөх, улайж, үений үйл ажиллагаа алдагддаг. Мөн үений үрэвслээс гадна цус багадалт, арьсан дээрх товруу, уушгины зангилаа, зүрхний хавхлага гэмтэх, бусад шинж тэмдгүүд илэрдэг. Үений үрэвсэлт өөрчлөлтүүдээс хоёр гарын сарвууны үений өөрчлөлт хамгийн ихээр тохиолддог юм. Өглөөгүүр 2 гарын сарвууны үеэр хөшингө болох хэлбэрээр илэрнэ. Амьдралын бусад үйл ажиллагаанд оролцох, хөдөлгөөн хийхэд нэг цаг хүртэлх хугацаанд хөшингө болж, үе мөчний үйл ажиллагааны алдагдал илэрдэг. Онцлог нь үенүүд хоёр талдаа ижил, зэрэгцэн нөлөөлдөг. Тухайлбал, хоёр гар, хоёр өвдөг, хоёр мөр зэргээр үений өвчлөл нь зэрэг илэрдэг.
Бие маш их ядарсан шинж тэмдэг илэрнэ. Амархан ядрах, сульдах, зарим үед халуурдаг. Ийм шинж тэмдэг илэрвэл нарийн шинжилгээ хийлгэж эмчид хандах хэрэгтэй. Уг өвчин нь бүх үеүдийг хамардаг. Хоёр гар, тохой, өвдөгний үе, эрүүний зажлуурын үе, хөл илүү өртөмтгий байдаг.
-Дээр дурдсан шинж тэмдгүүд хэн нэгэнд илэрвэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ ?
-Хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй. Өөрсдөө дураараа, зөвшөөрөлгүйгээр эм ууж болохгүй гэж зөвлөмөөр байна. Ялангуяа өвчний шинж тэмдгийг дарах эм хэрэглэж болохгүй. Учир нь, уг өвчин яг юунаас болж үүсдэгийг одоо болтол нээж олоогүй байна. Тиймээс илэрч байгаа шинж тэмдгийг бүдгэрч, дарагдахаас сэргийлэх үүднээс хамаагүй эм ууж болохгүй. Шинж тэмдгээр өвчнийхөө оношийг бүрэн тогтоосны дараа эмчилгээгээ бүрэн хийлгэх шаардлагатай юм. Нэгэнт эмчилгээ хийлгэж байгаа бол заавал эмчийн хяналтад хийлгэх ёстой гэдгийг сануулмаар байна. Учир нь ревматойд өвчин нэлээд архаг хэлбэрээр илэрдэг. Зарим үед хэсэг сайжраад эргээд сэдрэх гээд байдаг. Мөн ойр, ойрхон хурц хямрал өгдөг. Эмчилгээний гол пирамид нь өвчин намдаах, үрэвслийн эсрэг эмийг, өвчтөний биеийн байдал онцлогоос хамаарч уух болон тариагаар эмчилгээ хийдэг. Мөн өвчтөний биеийн байдлаас хамаарч дархлаа дарангуйлах эмийг хэрэглэдэг. Ревматойд үрэвслийн үед бусад эрхтэн системд нөлөөлдөг учраас нүд, зүрх, уушгины эмч нартай зөвлөлдөж эмээ сонгодог. Сүүлийн үед маш олон төрийн эмчилгээ гарч байгаа. Үүний нэг нь биологийн эмчилгээ байгаа. Сэргээн засах, физик эмчилгээний эмч, сэтгэл заслын эмч, дотрын эмч, уламжлалтын эмч, мэс заслын эмч нартай хүртэл хамтарч ажиллах хэрэгтэй болдог.
-Энэ өвчний үед хүндрэл нь ямар байдлаар илэрдэг вэ?
-Хүн аливаа өвчнөөс байнга урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Ямар ч өвчин нэгэнт сөрөг өөрчлөлтийг биед өгч эхэлсэн бол эргээд хэвийн байдалдаа очиход хүндрэлтэй байдаг. Ревматойд өвчний хүндрэлийн үед хүний үе мөчинд засрашгүй буюу эргэн хэвийн байдалдаа орох боломжгүй өөрчлөлтүүд ордог. Энэ нөхцөлд тухайн өөрчлөлт орсон хэсэгт үе солих хагалгаа хийж, хиймэл үе суулгадаг. Тэгэхээр өвчнийг хүндрүүлэхгүйгээр цагт нь таарсан эмчилгээг нь хийхгүй бол үений өөрчлөлтөөс болж хөдөлмөрийн чадваргүй болох эрсдэлтэй. Тиймээс өвчнөө зөв оношилж, эмчилгээгээ зөв авах нь хамгийн чухал.
-Урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутамдаа юунд илүү анхаарах ёстой вэ?
-Урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал зүйл нь өвчлөлийн учир шалтгаан, шинж тэмдгийг мэдэх юм. Ревматойд өвчин нь яг юунаас болдгийг одоо хүртэл тодорхой болоогүй байгааг дээр хэлсэн. Гэхдээ удамшил, харшил болон хордлого, эмийн зохисгүй хэрэглээ, химийн бодис, дархлаа, хүрээлэн буй орчны зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Гэхдээ аль нь илүү нөлөөтэй вэ гэдгийг одоо хүртэл тодорхой болгоогүй байна.
Сүүлийн үед энэ өвчлөл нь сэтгэлзүйн байдалтай ихээхэн хамааралтай болсон. Сэтгэлийн хүнд цохилтод орох, сэтгэл гутарсны дараагаар үе мөчний өвчин илэрч байгаа тохиолдлууд илүү ажиглагдаж байгаа. Ойр дотнынхоо хамаатан садан, хайртай хэн нэгнээ алдах, сэтгэл зүйн хувьд том өөрчлөлт орж хямрахад ревматойд өвчний шинж илэрдэг. Тиймээс үе мөчний өвчтэй хүмүүст хандаж, өөртөө итгэлтэй, эерэг өөдрөг бодол санаатай, стрессээс зайлсхийх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-Куба улстай харьцуулахад манай улсад үе мөчний өвчлөл хэр байна гэж харсан бэ. Үе мөчний өвчлөлд амьдралын орчин нөхцөл нөлөөлдөг байх л даа?
-Монголчуудын хувьд үе мөчний өвчлөлд цаг уур, хоол хүнсний байдал болон амьдралын хэв маяг ихээхэн нөлөөлж байна. Кубууд их хөдөлгөөнтэй, амьдралын идэвхитэй хэв маягтай, халуун цустай ард түмэн. Монголчуудын хувьд илүү ухаалаг, дэг журамтай ч хооллолтын байдал замбараагүй байна. Үзлэгт ирсэн хүмүүсийн дийлэнх нь өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэдэг, цаг агаарын эрс тэс уур амьсгалд хувцсаа тохируулж өмсөлгүй даарч хөрснөөс өвчнөө сэдрээдэг. Иргэдийн олонхи нь нарны илчийг хангалттай авч чаддаггүйгээс Д витамин болон кальцийн алдагдалтай байна. Энэ нь үе мөчний өвчлөл нэмэгдэхэд нөлөөлнө.
-Ревматойд өвчний хувьд насны зааг ялгаа гэж байх уу. Монголчуудын дунд үе мөчний өвчинг нас ахихад л тохиолддог “насны өвчин” гэж ойлгох тохиолдол байдаг л даа.
-Хүмүүс үе мөч, яс нь янгинаж өвдөхөөр насных гэж ойлгодог. Ревматойд өвчнөөр хэдхэн сартай хүүхдээс эхлээд бүх насны хүн өвдөж болно. Хүүхэд, насанд хүрэгчид, өндөр настан хүмүүст бүгдэд нь илэрдэг. Ер нь үений өвчинд хүүхдүүд илүү их өртдөг. Дөнгөж төрсөн хүүхдэд үений үрэвсэл хэлбэрээр илэрнэ. Олон үеийг хэрсэн маягаар үрэвсүүлсээр сүүлдээ зүрх судасны системд өөрчлөлт өгдөг. Үеүд рүү хэрж өвдөж байгаа юм шиг хэрнээ зүрх рүү хатгаж, хазаж байгаа юм шиг өвдөлт өгдөг. Үе мөчний 100-200 төрлийн өвчин байдаг тул эмнэл зүйн талаас үе мөчний өвчнийг маш сайн ялгах хэрэгтэй. Хүмүүсийн дунд элбэг тохиолддог тулай гээд өвчин байгаа. Монголчууд хоол хүнсэндээ маш их хүхэр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг нь ажиглагдсан. Нөгөө талд улаан мах буюу их хэмжээний уургийн агууламжтай мах хэрэглэдэг. Нийгмийн зарим хэсэг нь архи согтууруулах ундаа ихээр хэрэглэснээс бодисын солилцоонд өөрчлөлт орж, улмаар үе мөчний өвчний хурц хямралд хүргэж байна. Энэ бүхэнд анхаарал хандуулах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, стресс болон сэтгэлийг хямрал, сэтгэл гутралаас ямагт ангид байж, хоол хүнсээ тааруулж, даарч хөрөхгүй байхыг зөвлөмөөр байна. Хэт их стресс, сэтгэл гутралаас үүдсэн өвчлөл дэлхийн дахинд нэмэгдэх хандлагатай байна. Үе мөчний өвчлөл эхний шатандаа бүгд ижил шинж тэмдэгээр илэрдэг тул эрт нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөв онош тогтоолгох хэрэгтэй.