Австралийн Нью Саут Уэльс мужийн Баррингтон зэрлэг амьтдын дархан цаазат газар даваа гаригт тасманий чөтгөрийн долоон зулзага мэндэлсэн байна. Энэ нь Австралийн зэрлэг байгальд 3000 жилийн дараа тасманий чөтгөр мэндэлсэн онцгой үйл явдал юм.
Австрали болон Шинэ Гвинейн эх газарт зэрлэг нохойн төрөл зүйл болох динго нохойн сүрэг олширсноор Австралийн уугуул махчин араатан болох тасманий чөтгөрүүдийн тоо толгой сүүлийн 3000 жилийн турш огцом буурсан гэж үздэг. Тухайлбал, 1990-ээд оны дунд үед хийгдсэн судалгаагаар Австралийн зэрлэг байгальд ердөө 25 мянга орчим тасманий чөтгөр бүртгэгдсэн бөгөөд эрдэмтэд 1996 онд уг араатны нийт тоо толгойн 90 хувийг мөхөлд хүргэсэн “Devil Facial Tumor Disease” гэх хорт хавдрыг илрүүлжээ.
Тасманий чөтгөрийн ойрын төрөл зүйл болох тасманий чоно уг хавдрын улмаас 1930-аад онд бүрэн устаж үгүй болсон байдаг. Улмаар жижиг нохойны хэмжээтэй тасманий чөтгөрүүд нь шөнийн цагаар ан хийдэг дэлхийн хамгийн том махчин амьтан болж үлдсэн байна. Тасманий чөтгөр нь уутат хөхтөн бөгөөд хамгийн аюултай анчдын нэг юм.
Австралийн Засгийн газар болон байгаль хамгаалагчид нутгийн уугуул оршин суугч болох уг араатны төрөл зүйлийг хамгаалан үлдэх ажлуудыг идэвхтэй хийсний үр дүнд өнөөдөр Австралийн эх газарт 26 тасманий чөтгөр аж төрж байгаа аж. Хамгийн сүүлд 2020 оны есдүгээр сард 11 тасманий чөтгөрийг Австралийн зэрлэг байгальд нутагшуулсан байна. Харин Тасманий арал дээрх тасманий чөтгөрийн тоо толгой 25 мянга орчимд хүрээд байгаа аж.
Эмэгчин тасманий чөтгөр нэг дор 20-40 зулзага төрүүлдэг бөгөөд эмэгчингүүд ердөө дөрөвхөн хөхтэй тул зулзагууд өөр хоорондоо өрсөлдөж хооллох шаардлага тулгарч, тэдний дийлэнх нь байгалийн шалгарлаар өлбөрч үхдэг байна. Зулзаганууд гурван сарын турш эхтэйгээ амьдардаг бөгөөд шинээр төрсөн 7 зулзагыг хамгаалж үлдэхийн тулд зэрлэг амьтан хамгаалагчид тэднийг асарч байгаа аж.