Олон хэлтэй байх тусмаа хүн илүү их боломж, давуу талыг олж авдаг. Ажил болон амьдралын бүхий л шатанд хэн олон хэлтэй нь хос морь хөлөглөсөнтэй адил хурдаар ахиж дэвшиж буй нь үүнийг батална. Манай улсад нийт 30 гаруй улсын Засгийн газрын томоохон боловсролын тэтгэлэг зарлагддаг. Монголчууд өргөдлөө явуулахад нээлттэй зуны хөтөлбөр, ОУ-ын залуучуудын чуулга уулзалт, хурал зэрэг 100 хувийн тэтгэлэгтэй хөтөлбөрийг нийлүүлбэл энэ тоо 1000 хол гарна. Эдгээр бүх боломжийн тухай мэдээллийг авч, олон зуун залуучуудаас онцгойроход хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Наанадаж өргөдөл, эсээ бичих, тэтгэлгийн ярилцлагад орох үед өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхэд хэлний мэдлэг хамгийн чухал юм. Бүх хүнд нээлттэй эдгээр боломжийг олж авахыг зорьж буй ч хэлний мэдлэгээсээ болоод тодрон гарч чадахгүй байгаа өндөр чадвартай хүн бүрт зориулж Улаанбаатарт байх Англи хэлний онцлох хоёр сургалтын тухай мөн өдөр тутамдаа хэрхэн хэлний мэдлэгээ сайжруулж болох аргыг хуваалцъя.
Жич: Энэхүү нийтлэл ямар нэг байгууллагыг сурталчлах зорилгогүй, төлбөртэй бус бөгөөд өөрийн бодит туршлага дээр үндэслэн өөрт хамгийн таалагдсан, үр дүнтэй байсан сургалтаа онцолсон болно.
1.Англи хэлний анхан шатнаас гүнзгий шат хүртэл мэдлэг олгох- “A-Star English” сургалтын төв
Анги дүүргэлтээ 6-8 хүнээр хязгаарладаг нь энэхүү төвийн нэг давуу тал бөгөөд сургалт дууссан ч суралцагчдадаа байнгын зөвлөгөөг онлайнаар болон ганцаарчилж өгдөг. Суралцагчдын хэлний мэдлэгийн сул болон давуу талууд дээр тулгуурлан нарийн төлөвлөгөө боловсруулж, жинхэнэ шалгалттай адилхан загвар тестийг шалгалт хүртэл долоо хоног бүр авдаг. Хэлний шалгалтад хүссэн оноогоо авах эсэх нь тухайн хүний хэр үр дүнтэй бэлдсэнээс мөн ерөнхий Англи хэлний мэдлэгээс хамаарна. Нэг сарын хугацаанд бэлдээд IELTS-ийн шалгалтад 6.5 оноо, гурван сарын хугацаанд бэлдээд 8.0 оноо авах эсэх нь тухайн хүнээс шалтгаалах ч зөв сургалтын арга барилаа олоогүй, шалгалтын стратегийг мэдэхгүйгээр сайн оноо авч чадахгүй. A-star English сургалтын төв мэргэжлийн TESOL (ОУ-ын Англи хэл заах эрх) зэрэгтэй, олон жил IELST-ийн шалгалтад суралцагчдыг бэлтгэж буй дадлага туршлагатай багш нартай учраас гацаад буй төвшинг тань нэг шатаар ахиулна гэдэгт итгэлтэй байж болно. Мөн төлбөрийн хувьд харьцангуй боломжийн, уян хатан нөхцөлийг санал болгодог. Англи хэлний зургаан төвшингөөр зааглаж олон анги гаргаагүй нь нэг талын хэт ашгийн төлөө байдаг ихэнх сургалтаас ялгарах онцлог нь ч боломжит анги сонголт нь хаагдчихсан, ихэнх хичээл нь эхэлчихсэн учраас сонирхож буй хүмүүс есөн сар хүртэл шинэ бүртгэл нээгдэхийг хүлээх шаардлагатай болжээ.
2. Англи хэлийг хамгийн үр дүнтэй аргаар заахыг эрхэмлэдэг- FARO edu сургалтын төв
Энэхүү сургалтыг комедиан гэдгээр нь илүү мэдэх Б.Идэр-Одын байгуулсан төв гэдгээр нь хүмүүс мэддэг. Өнгөрсөн сараас эхэлж FARO edu төв Малайз улсын ELS сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Анги сонголт, хичээллэх хуваарийн өргөн сонголттой нь энэхүү сургалтын давуу тал юм. Англи хэлний анхан шатнаас ахисан төвшний дүрмийн мэдлэг олгох анги, IELTS-ийн өмнөх болон шалгалтын анги болон ярианы болон үг цээжлэх ангийг мэргэжлийн багш нар удирдан ордог. Бага болон дунд ангийн хүүхдүүдэд зориулан Faro сургалтын төв энэ зуны турш Янзага хүүхдийн зуслантай хамтран англи хэлний хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэн ажиллах болжээ. Уншуулж бичүүлж сургах хүүхдийн ангийн хоёр дахь ээлж энэ сарын 17-27-ны хооронд хичээллээд дуусаж байгаа юм байна. Цэвэр агаарт хүүхдээ амрангаа боловсролд нь анхаарах хүсэлтэй эцэг, эхчүүдэд таалагдах нь гарцаагүй болов уу.
Англи хэлийг хэрхэн үр дүнтэй сурах вэ?
Хэл бол өдөр тутмын хэрэглээ учраас өөрийгөө сурч буй хэлдээ бүрэн уусгаж өгөх шаардлагатай. Өдөрт дор хаяж нэг цагийг гадаад хэл дээр мэдээ үзэх, сонсоход зарцуулбал сонсгол болон ярианы чадвар сайжирдаг. Ядаж л дуудлага нь үгнээсээ тэс ондоо үгийг яаж зөв дуудахыг мэдэж авна. Эргэн тойронд нь унаган англи хэлтэй хүн байтугай өдөр бүр хамт ярьчих хүнгүй бол ярианы чадварыг сайжруулахад хамгийн төвөгтэй. Гэхдээ хазгай мурий, хэлтэрхий (broken english) англи хэлтэй байсан ч хамаагүй өөртэйгөө ярих нь үр дүнтэй байдаг. Хэдий хажуугаас буруу, зөвийг нь хэлж өгөх хүнгүй байх нь дутагдалтай ч хажуудах хүнээсээ ичээд биеэ баримттай хүнд өөрийгөө задлах том туршлага болдог юм шүү. Орчин нөхцөлөөр хязгаарлагдах явдал амьдрал дээр их тохиолддог ч бууж өгөлгүй байгаа боломждоо тааруулж, аливааг эвтэйхэн аргалаад явчих арга ухаанд англи хэлээ сайжруулах явцдаа суралцах болно. Гол нь анх эхэлсэн нэг чигт сэтгэлдээ бат зогсож, өдөр бүр цаг гаргах нь хамгийн чухал гэдгийг дахин сануулъя. Сурч буй хэл дээрээ ном унших бол үнэхээр шилдэг аргын нэг. Тухайн хэлний өгүүлбэр зүйн бүтцийг танихаас гадна шинэ үгийг тогтооход тустай байдаг. Шинээр цээжилсэн үгээ ашиглахгүй л бол тэр дорхноо мартагддаг. Харин уншиж буй номд тань тааралдсан шинэ үг бүрээ тэмдэглэж аваад уншиж дууссаныхаа дараа тольдож харах хэрэгтэй. Дараа нь уншсан номоо залхуурахгүйгээр дахиад уншвал номын утга агуулгыг илүү сайн ойлгохоос гадна шинэ үгийг тогтооход тустай юм. Анхлан хэл сурч буй хүмүүст тохирох мөртлөө сонирхолтой телевизийн сувгууд гэвэл (Deutsche Welle international channel, Food network, National geographic) юм. Германы телевизийн ОУ-ын сувгаар сонирхолтой нэвтрүүлгүүд их гардаг мөн үйл явдлын мэдээллийн хөтөлбөр ч бий. Нэвтрүүлэгч болон сурвалжлагчид нь хэт хурдан ярьдаггүй, цэвэрхэн тод дуудлагатай учраас англи хэл сурч буй ямар ч төвшинтэй хүнд таалагдах болов уу. Хүн бүрийн сонирхол өөр учраас кабелийн телевизээ нэг бүрчлэн гүйлгэн үзэж байгаад өөрт тохирох, таалагдах сувгаа мэдэж аваарай. Эцэст нь англи хэл сурах нь сахилга бат, сэтгэлийн хатыг хүнд төлөвшүүлэх давуу талтай гэж дүгнэн тууштай хөдөлмөрлөөрэй.
