Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 40 байр урагшилжээ

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 40 байр урагшилжээ
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 5
АНУ-ын нийслэл Вашингтон Д.С хотноо төвтэй консерватив бодлогын судалгааны “The Heritage” сан пүрэв гаригт “Эдийн засгийн эрх чөлөөний индекс 2021” судалгааны тайланг танилцууллаа.
Цар тахлаас улбаатай хямралуудыг үл харгалзан өнгөрөгч онд дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний дундаж индекс хоёр дахь жилдээ дараалан 61.6 гэсэн дээд амжилтаа хадгалсан байна. Эдийн засгийн эрх чөлөөний индекс 2021 судалгааны тайлантай бүрэн эхээр танилцах. Энэ удаагийн “Эдийн засгийн эрх чөлөөний индекс” судалгааг Сингапур улс 89.7 оноогоор дахин тэргүүлжээ. Тус улсын эдийн засгийн эрх чөлөөний нийт үзүүлэлт өнгөрөгч оноос 0.3 пунктээр өссөн байна. Тэдний араас Шинэ Зеланд - 83.9, Австрали - 82.4, Швейцар - 81.9, Ирланд -81.4 оноор тус тус эхний тавд бичигджээ. Эдгээр улс нь эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн эрх чөлөөтэй орнуудад тооцогдож байгаа юм.
undefined
Тэгвэл Зимбабве, Судан, Куба, Венесуэл болон Хойд Солонгос зэрэг улсууд эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр сүүл мушгисан хэвээр байна.
АНУ-ын хувьд өнгөрөгч онд төсвийн хяналтаас гадуурх зарцуулалт нэмэгдэж, хууль хүн бүрд тэгш үйлчлэх зарчим алдагдах болсноор “Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-ээр гурван байр ухарч, 74.8 оноогоор 20-д эрэмбэлэгджээ. Энэ тус улсын түүхэнд дэх эдийн засгийн эрх чөлөөний хамгийн муу үзүүлэлт болсон юм.
Харин манай хоёр хөршийн хувьд ОХУ 61.5 оноогоор 92-д бичигдсэн бол БНХАУ 58.5 оноогоор 107-д эрэмбэлэгдсэн байна. Хойд хөршийн эдийн засгийн эрх чөлөөний нийт үзүүлэлт өнгөрөгч онд 0.5 пунктээр өсжээ. Харин манай урд хөршийн нийт үзүүлэлт 1.1 пунктээр буурч, эдийн засгийн эрх чөлөө багатай орнуудын тоонд багтсан хэвээр байна. Мөн The Heritage” сан Бээжингээс тавих эдийн засгийн хяналт улам бүр өсөн нэмэгдэж, эдийн засгийн бүрэн эрхт хяналтыг хэрэгжүүлж чадахгүй байгаа гэх шалтгаанаар Хонконг болон Макаог “Эдийн засгийн эрх чөлөөний индекс 2021” судалгааны тайланд эрэмбэлээгүй аж. Хонконгийн хувьд 2020 оны судалгаанд Сингапурын араас дэлхийд хоёрт эрэмбэлэгдэж байв.
undefined
Монгол Улсын хувьд “Эдийн засгийн эрх чөлөөний индекс 2021” судалгаанд 62.4 оноогоор дэлхийн 178 орноос 86-д эрэмбэлэгджээ. Ингэснээр манай улс дунд зэргийн эдийн засгийн эрх чөлөөтэй орнуудын тоонд багтсан юм. Манай улс өнгөрөгч онд уг судалгаанд 55.9 оноогоор дэлхийн 180 орноос 126-д буюу эдийн засгийн эрх чөлөөний хувьд нэлээд хойгуур бичигдэж байв. Харин Монгол Улс өнгөрөгч онд үзүүлэлтүүдээ нэмэгдүүлж, 40 байр ахиснаар эдийн засгийн эрх чөлөөгөөр дэлхийн дунджаас дээгүүр бичигдэх болсон байна.
Тухайн орны эдийн засгийн эрх чөлөөний индексийг тооцохдоо хууль эрх зүйн орчин, Засгийн газрын үйл ажиллагаа, зохицуулалтын үр ашиг, нээлттэй зах зээл гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр дундчилж тооцдог.
Монгол Улсын хувьд “Эдийн засгийн эрх чөлөөний индекс 2021” судалгаагаар хууль эрх зүйн орчинд өмчийн эрх, нээлттэй зах зээлийн орчинд санхүүгийн эрх чөлөө, зохицуулалтын үр ашигтай байдал тал дээр бүхэлдээ буюу бизнес, хөдөлмөр, мөнгөний үзүүлэлтээр уруудсан байна.
Харин хууль эрх зүйн орчинд шүүхийн үр нөлөө, шударга байдал, нээлттэй зах зээлийн орчинд худалдааны эрх чөлөө, Засгийн газрын үйл ажиллагааны хувьд татвар, зардал, төсвийн тогтвортой байдлын үзүүлэлт өссөн нь нийт эдийн засгийн эрх чөлөөгөөр 40 байр урагшлахад гол түлхэц болжээ.
Манай улсын татварын нийт ачаалал дотоодын нийт орлогын 16.8 хувьтай тэнцэж байгаа бөгөөд төрийн зардал ДНБ-ий 30.8 хувь, төсвийн илүүдэл ДНБ-ий 0.2 хувьтай тэнцэж байна гэжээ. Харин хууль эрх зүйн тал дээр эд хөрөнгө, гэрээний эрхийн зохицуулалтууд хангагдсан ч хэрэгжилт тэгш бус. Шүүх засаглал бие даасан хараат бус боловч улс төрийн хөндлөнгийн оролцоо, авлигад өртөмтгий. Монгол Улсад авлигыг өдөөж буй гол хүчин зүйлс нь ашиг сонирхлын зөрчил, ил тод бус байдал, мэдээллийн хүртээмж хязгаарлагдмал, төрийн албаны санхүүжилтгүй тогтолцоо, төрийн албан хаагчдын цалин хөлс бага, төрийн гол институциудад Засгийн газрын хяналт хязгаарлагдмал гэжээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн