Хоёр сая жилийн настай буюу хамгийн эртний 17 нуурын нэг, дэлхийн хамгийн цэнгэг уст Хөвсгөл нуурыг өвлийн тэсгэм хүйтэнд хөндлөн туулах 161 километрийн найман өдрийн ультра марафон гүйлтийн нээлттэй тэмцээн өнгөрөгч гуравдугаар сарын 3-нд эхэлж, амжилттай өндөрлөжээ. Тус тэмцээнийг Их Британийн “RunUltra” гэх хүнд марафон гүйлтийн цуврал тэмцээнүүд зохион байгуулдаг байгууллагаас санаачлан “Mongol 100” нэртэйгээр хэрэгжүүлсэн аж. Тэмцээнд оролцогчид унадаг дугуй, цана, тэшүүр болон алхалтын аль ч төрлөөр хамаагүй өрсөлдөж, Хөвсгөл нуурын хойд эргээс өмнөд эрэг хүртэл уралдсан байна. Тэд огт алдаа гаргаж болохгүй байгалийн хамгийн ширүүн нөхцөлд уг тэмцээн явагдсаныг онцолсон бөгөөд зарим оролцогчид зэрлэг чонотой нүүр тулсан амь өрссөн уралдаан байсныг онцолжээ.
Харин тус тэмцээнд оролцогчид дундаас Шинэ Зеландын тамирчин 47 настай Петер Гросс хамгийн ихээр анхаарал татаж, зорьсондоо заавал хүрэх ёстойг харуулсан баатарлаг үйлийг бүтээсэн аж. Тэрээр тус тэмцээнд оролцохын тулд хэдэн сарын өмнөөс бэлдэж эхэлсэн байна. Мөсөн дээр явахад зориулан тусгай багажууд болон гутал захиалжээ. Гэвч түүнийг Улаанбаатарт газардах үед, ачаа нь хамт ирээгүй юм.
Тэрээр Монголд Оросын иргэний агаарын тээврийн Аэрофлот компанийн хөлөг онгоцоор ирсэн байна. Гэвч түүний тээш Аэрофлотын хариуцлагагүй байдлын улмаас тэмцээн эхэлснээс хоёр хоногийн дараа ирсэн аж.
Петер Гросс Монголоос шинэ гутал авах цаг болон мөнгө байгаагүй учир өмсөж байсан жийнсэн өмд болон гоёлын гуталтайгаа тэмцээнд оролцохоор шийдсэн байна.
Тэмцээний үеэр зориулалтын гуталтай оролцогчид бэртэл гэмтэл болон ханиад хүрсний улмаас уралдааныг орхиж байсан юм. Гэвч Петер Гросс хасах 25 хэмийн хүйтэнд дөрвөн жилийн өмнө авсан гоёлын гуталтайгаа урагшилсаар байсан аж.
Тэрээр тэмцээний дараа “Миний тээшинд юу тохиолдсоныг бурхан л мэдэх байх. Гутал маань миний төсөөлснөөс ч илүү сайн байсан. Бүүр итгэмээргүй гэмээр. Харин одоо нэг хэсэгтээ тэр гутлаа өмсөхгүй ээ. Учир нь ийм гуталтай удаан хугацаанд явахад хөл хөөж хавддаг юм билээ. Миний хөл хэмжээнээсээ хамаагүй том болсон. Дээрээс нь чигчий хуруу холгож, аймшигтай өвдөж байсан. Тиймээс гутлаа харахаар л бүүр харшил хөдлөөд байх болсон. Гэхдээ болсон явдлыг гурван хүүхдэдээ хэлтэл намайг жинхэнэ баатар гэж хэлсэн. Энэ л миний хувьд хамгийн том ялалт” гэсэн байна. Мөн Петер Гросс тэмцээнийг зохион байгуулагчид болон өрсөлдөгчдийнх нь зүгээс түүнд өгч байсан дэмжлэгт талархсан юм. Тэрээр “Энэ тэмцээн миний хувьд удаан хугацааны турш хүсэн хүлээж байсан өөрийгөө сорих сорилт байсан. Ямар ч нөхцөл байдалд байсан хамаагүй би тэмцээнийг үргэлжлүүлэх л байсан. Гэхдээ надад тусалсан эдгээр хүмүүст үнэхээр их талархаж байна. Нэг залуу надад хос гутлын хадаас өгсөн, өөр нэг залуу харин дулаан хуурай оймс бэлэглэсэн. Харин тэмцээний үеэр нэг залуу баг өгсөн юм. Эндээс би хүмүүсийн гайхалтай сайхан сэтгэлийг мэдэрсэн. Учир нь тэд надад хэрэгтэй зүйлсээ өгснөөр өөрсдийн нөхцөл байдлаа хүндрүүлж байгаа шүү дээ” гэсэн байна.
Петер Гросс тэмцээнийг амжилттай дуусгаж гэртээ буцах үед нь түүний тээшинд ямар нэгэн асуудал ахиж гараагүй болохыг мэдэгдсэн байна.
“Mongol 100” тэмцээний дүрс бичлэг: