Open iToim app
Зочин | 12 мин уншина

П.Наранбаяр: ‘Шинэ Монгол’-ын алтан гурвалжин дотор ирээдүйн зөв монгол хүн бэлтгэгддэг

П.Наранбаяр: ‘Шинэ Монгол’-ын алтан гурвалжин дотор ирээдүйн зөв монгол хүн бэлтгэгддэг
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 10
“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн захирал, доктор П.Наранбаяртай ярилцлаа.
-Танай сургуулийн эрхэм зорилго бол дэлхийн хэмжээний боловсролыг Монголд эзэмшүүлэх. Энэ бодлогоо бага, дунд сургуулиудад хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
-Шинэ Монгол сургууль байгуулагдаад 19 жил болж байна. Байгуулсан цагаасаа дэлхийд үнэлэгдэх монгол иргэдийг бэлтгэх зорилго тавьсан. Дэлхийн хэмжээний боловсролыг Монголдоо эзэмшүүлж, дэлхийн хэмжээний их дээд сургуульд элсэн орох чадвартай хүүхдүүдийг л бэлтгэх юм. Өнөөдөр ч энэ зорилго хэрэгжүүлж яваа.
Бид  2000 онд ахлах сургууль, дараа нь 2006 онд дунд сургууль, 2008 онд Шинэ Монгол бага сургуулиа байгуулсан. Бага сургуулиа байгуулаад 10 жил болсон байна. Энэ хугацаанд зөв хүмүүжилтэй, зөв монгол хүүхдийг бэлдье гэсэн зорилготой явж ирсэн. Бага сургуульд хүүхэд дунд сургуульд орох бэлтгэлээ хангах ёстой. Бие дааж сурах хандлагатай, уншиж чадвар бүрэн сууж, өөрийгөө илэрхийлэх хэмжээнд эх хэлээрээ найруулан бичдэг, тоо бодлогын хувьд геометр болон математикийн хялбархан үйлдлүүдийг бодчихдог хүүхдүүдийг бэлтгэх ёстой. Нөгөө талдаа эрүүл, хөдөлгөөний эвсэлтэй, аль ч спортоор хичээллэх суурьтай, сэтгэл санааны хувьд эрүүл хүүхдийг бэлдэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дандаа онолын хичээлээр юмуу танхимын сургалтаар даруулахгүй, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, үе тэнгийнхэнтэйгээ найз нөхөд байж чаддаг, бие даасан хандлагатай, хувиа хичээдэггүй, бусдын төлөө явдаг, тусалдаг, сониуч, сурах хүсэл эрмэлзэлтэй  зэргээр хүүхдийн хүмүүжил, хандлагад нөлөөлнө. Шинэ Монгол сургуулийн хувьд баримталдаг алтан гурвалжин бий. Тэр юу вэ гэхээр оюун санаа, бие махбодь, зүрх сэтгэлийн өв тэгш хүмүүжлийг хүүхдэд олгохыг зорьдог. Энэ алтан гурвалжин дотор ирээдүйн монгол хүнийг бэлтгэнэ гэсэн үг. Бага сургуульд цаг нь болоогүй үед хичээлээр, даалгавраар дарж болохгүй гэсэн зарчим баримталдаг. Хүүхдүүд маань ахлах сургуульд ороод ирэхээр дэлхийн хэмжээний боловсролын сургуулийн сургалтын агуулга руу орох учраас бага сургуульд хичээлээр дараад байж болохгүй. Бага сургуульд хамгийн гол нь унших чадварыг л эзэмшүүлнэ. Зөв уншаад сурсан хүн суралцах чадвар өндөр болсон байдаг.
-Тэгэхээр бага сургуульд академик талаас зөв хандлагатай, зөв хүн байлгахад илүү анхаардаг гэсэн үг үү?
-Хүн болгох талаас нь хэд хэдэн зүйлд анхаардаг. Хамгийн түрүүнд хүүхэд гэр бүлдээ хайртай өсч, торних хэрэгтэй. Хүүхэд эцэг эх, гэр бүлдээ хайртай байна гэдэг нь тэднийхээ төлөө явна, бусдын төлөө өөрийгөө зориулна гэсэн үг. Мөн бага сургуулийн хүүхэд багахан хэмжээний бэрхшээлийг давах зориг зүрхтэй байх хэрэгтэй.  Тиймээс 1-3 ангид хүүхдүүдийг ээж, ааваас нь тусад гурав хоног Найрамдал зусланд амрааж, тэр хооронд бие даалгаж сургахыг оролддог. Зуслан дээр очоод хүүхдүүд өөрийнхөө орыг хураана, хоолоо өөрөө сонгож иднэ, найзуудтайгаа баг болж тоглодог. Ээж, аавууд ч бас хүүхдээсээ хэсэг хугацаанд тусгаар тогтнож, бие даадаг. Хүүхдийн бие даах биш, эцэг эхийн бие даах асуудлыг ярьдаг. 4-5 дүгээр ангидаа Боролдой хөтөлбөр гэж нэрлээд Төв аймгийн Аргалант суманд малчны амьдралыг үзүүлж, 7 хоног байлгадаг. Хэл гэдэг зүйл ахуйтайгаа нягт холбоотой байдаг. Тиймээс монгол гэр, малчин ахуйтай танилцуулахыг зорьдог. Амьдралаас хөндийрч, дөрвөн ханан дунд өсч байгаа монгол хүүхэд өнөөдөр хэлний хувьд уламжлал мал аж ахуйн үг хэллэгээ мэдэхгүй тохиолдлууд олширч байна. Монгол хүнээс нүүдлийн мал аж ахуйн салгаж болохгүй. Ингэвэл монгол хүн, монгол үндэстэн биш болно шүү дээ.
Бага сургуульд оюун санаа зүрх сэтгэл, бие махбодийн өв тэгш хүмүүжил олгохыг зорьж байгаа. Цаг нь болоогүй үед ачааллыг хэт их өгөхгүй. Хүний хувьд зөв, зөв уншиж, бичдэг байлгахыг л зорино. Мэдээж улсынхаа стандартыг барина, тэрийгээ нээх төвөг болголгүйгээр хүүхдэд олгочихдог сургууль байхыг бид зорьж байгаа юм.
-Бага боловсрол эзэмшиж байх үед хүүхдийн оюун санаа болон бие махбодь ямар төвшинд байдаг юм бэ. Та бүхний яриад, зориод байгаа зөв монгол хүн байх, зөв  хандлага хэдий насанд илүү төлөвшдөг юм бэ?
-Боловсрол бол огт сэрэмж алдаж болохгүй салбар. “За энэ хүүхэд зөв монгол хүүхэд болчихлоо, баталгаатай. Гаднын ямар орчин өөрчлөгдсөн хүүхдийн хандлага өөрчлөгдөхгүй” гэж хэлэхгүй. Хүн олон удаа өөрчлөгдөж, төлөвшдөг. Хүн алхам тутамдаа хөгжиж, өөрчлөгдөж явдаг учраас “хэддүгээр ангид нь ингэнэ, тэгнэ” гэсэн зүйл байдаггүй. Тиймээс багшаас үргэлжийн сэрэмж, сонор, багшийн сэтгэл байнга шаардаж байдаг салбар. Тиймээс бага боловсролын хүрээнд 1-5 ангид байнга сэрэмжтэй байх ёстой. Бага зэргийн ялгамж байна. Тухайлбал, 1-3 дугаар ангид хүүхэд эцэг эхээс бие дааж сурах, 4-5 ангидаа адал явдал, өөрт нь асуудал тулгарахад өөрөө шийдэх чадварыг бага багаар суулгах хэрэгтэй.
-Тэгвэл таны хэлээд байгаа зөв монгол хүн гэж яг ямар хүнийг хэлэх юм бэ?
-Хамгийн түрүүнд эх орондоо хайртай хүнийг хэлнэ. Тэр нь “би эх орондоо хайртай” гээд цээжээ балбахыг хэлэхгүй. Зөв монгол хүн бол хамгийн нэгдүгээрт эх хэлдээ хайртай. Эх хэлээрээ зөв сэтгэж, зөв бичдэг, найруулдаг байхыг хэлнэ. Манайхан зөв бичих дүрэмтэй андуураад, тэрийгээ яриад байдаг. Гэтэл зөв бичих соёл бол хэлний нэг л хэсэг. Хамгийн чухал нь зөв найруулдаг, логикийн хувьд зөв бичдэг байх. Эх хэлээ хайрладаг хүн байх хэрэгтэй. Хоёрт, байгаль орчноо нүдний цөгций мэт хайрлах. Гуравт, гэр бүл эцэг эхийн хүрээнээс гадна анд нөхөд, ойр орчноо хайрладаг хүн байх хэрэгтэй. Хүн хайрлахгүй, мэдэхгүй юмныхаа дайсан гэж айхтар үг бий. Тэгэхээр хайрладаг сэтгэлийг суулгахын тулд хүн өөрөө биеэрээ мэдрэх хэрэгтэй. Хоёрт, үүнийгээ хүн оюун бодолдоо мэдлэг болгож суулгах хэрэгтэй. Энэ бүхнийг мэдүүлэх, тэлж өгөхөд л боловсрол оршиж байгаа юм. Түүнээс биш, зөв монгол хүн гэдэг нийтлэг ойлголт тусдаа шүү дээ. Хүн төрөлхтний хүмүүжлийн нийтлэг зүйлс байна. Хэлсэн амандаа хүрэх гэдэг зүйлийг яриагүй байна. Дэлхийн хаана ч очсон ёс суртахууны зөв үнэлэмж адилхан. Хамгийн гол нь зөв монгол хүн байхад дээрх гурван чанарыг чухалчилж яриад байгаа юм.
-Боловсролын шинэ сайд сурагчдын ачааллыг бууруулж, хичээлээр дардаг хандлагыг хална гэдгээ мэдэгдчихлээ. Танай сургуулийн хувьд энэ бодлого эртнээс хэрэгжиж эхэлсэн юм байна шүү дээ?
-Тийм ээ. Хичээлээр дарах гэдэг ойлголтыг олон талаас нь бодох хэрэгтэй. Боловсролын сайд маань бага сургууль дахь хичээлийн дарамтын талаар ярьсан гэж ойлгож байгаа. Үүнийг 100 хувь зөв гэж бодож байгаа. Ахлах сургуульд ороод хүүхэд тодорхой хэмжээний цагийн ачааллыг даах чадвартай болдог. Энэ үед сонирхсон чиглэлээр нь хүүхдэд мэдлэг олгоход нь анхаарах хэрэгтэй. Аливаа юманд цаг хугацаа гэж байдагтай адил сурах, заах цаг хугацаа гэж байдаг. Заахгүй хүлээх цаг үе гэж байдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Бага ангид байхад нь маш их хичээлээр дарсаар байгаад хүүхдийг хичээлд дургүй болгочихвол дараа нь тухайн хүүхдийг хичээлдээ дуртай болгож, сэхэл авахад нэлээд хэдэн жил шаардана. Энэ асуудлыг сургууль бүр өөрийнхөөрөө зөв харж, шийдвэрлэх ёстой.
undefined
-Танай сургуулийн хувьд энэ хичээлийн жилд хэчнээн хүүхэд нэгдүгээр ангид суралцсан бэ. Ирэх хичээлийн жилд хэчнээн хүүхэд шинээр элсүүлэх вэ. Жил жилийн элсэлтийг харахад, танай сургууль маш их дараалал үүссэн харагддаг л даа?
-Манай сургуульд хүүхдээ сургах гэж ирдэг эцэг эхчүүдэд ямагт баярладаг. Жил болгон 120 хүүхэд шинэ элсэлтээр авдаг. Энэ жилийн хувьд багш ажилчдынхаа хүүхдүүдийг авч, шалгалтаар 72 хүүхэд элсүүлнэ. Бид эхэлж ирсэн 72 хүүхдийг л элсүүлнэ гэвэл манай сургуулийн хаалга эвдэрнэ шүү дээ. Сугалаагаар авна гэвэл эцэг эхчүүд маань итгэхгүй. Тиймээс ямар нэгэн байдлаар шалгаруулалт хийж, элсүүлнэ гэж ойлгож болно.
-Шинэ Монгол сургууль гэхээр зарим хүн япон стандарт барьдаг гэж ойлгодог. Японы стандартыг барьж ажиллаад байна уу, эсвэл дэлхийн төвшний боловсролыг эзэмшүүлэх хөтөлбөрийн нэг хэсэг юм уу?
-Япон стандарт биш, япон хэв шинж гэж яриад байгаа юм. Энд хэдхэн зүйл багтаж байгаа. Мэндлэх, хүндлэх ёс, өдрийн хоол, дүрэмт хувцас, гутлаа солих зэрэг хэв шинж багтдаг. 2000 оны үед үнэхээр Японы хэв шинжтэй байлаа. Тэгвэл өнөөдөр өдрийн хоолгүй, дүрэмт хувцасгүй сургууль гэж алга. Энэ бол Монголын нийгэм хөгжиж байгаагийн шинж. Дээр нь Японы байгалийн ухаан, нийгмийн салбар дахь сургалтад авах зүйл олон байна. Энэ чиглэлд манай сургуулийн 20 гаруй багш Япон руу явж, судалгаа хийсэн. Сургуульдаа ирээд судалгааны үр дүнгээ сургалтдаа нэвтрүүлсэн. Энэ зүйлүүдийг сургалтдаа түлхүү оруулж байна. Учир нь, хүүхдүүд маань дэлхийн хэмжээний их сургуулиудад элсэж ороход хэрэгтэй чадварууд тэнд байдаг. Монгол дэлхийн нэг хэсэг. Дэлхийн нэг хэсэг гэдгээ бид үргэлж мэдэж, үүнийг дагаж боловсрол өөрөө хөгжиж байх ёстой. Монгол гээд дангаараа дангааршиж болохгүй. Мөн монгол даяаршиж байгаа нь энэ гээд өөрийнхөө онцлог шинжийг алдаж болохгүй. Энэ хоёр зүйлийн торгон тэнцвэрийг барьж явахыг эрмэлздэг. Манай сургууль гаднын сургалтын системийг мөнгө төлөх замаар оруулж ирдэггүй. Дандаа өөрсдөө боловсруулж, өөрсдөө хийж байгаа. Зөв монгол, дэлхий хэмжээний боловсролтой хүүхэд гэсэн зорилгодоо хүрэхээр ажиллаж байна.
-Зөв монгол хүнийг бэлтгэх, мөн  дэлхий хэмжээний боловсрол эзэмшүүлэхийн тулд сургуульд ажиллаж байгаа багш ажилчдаа хэрхэн бэлдэж байна вэ. Японд бол бага ангийн багш нар нь өөрсдийгөө ирээдүйн япон иргэдийг бэлтгэж байна гэж үздэг юм гэсэн?
-Манай “Шинэ Монгол”-ынхон бол багаараа, хөрөнгө оруулагчаасаа эхлээд захирал, багш бүр  сургуулийн жижүүр, үйлчлэгч, автобусны жолоочоо хүртэл багаараа ирээдүйн монгол иргэнийг бэлтгэх гэж гар сэтгэл нийлэн ажилладаг. Үүний тулд багш нараа гадаад, дотоодын сургалтуудад байнга хамруулж байгаа. Мөн ажлын байран дээрх хөгжлийг хангаж ажилладаг. Багш нар жил бүр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байна. Үүнийгээ ном болгон гаргаж, зарим багш нар сурах бичгүүдээ өөрсдөө бичдэг. Манай сургууль хөгжмийн, математикийн сурах бичгүүдээ өөрсдөө бичсэн. Улс өгч чадахгүй байгаа, хоцрогдсон материалуудыг аль болох хэрэглэхгүй, улсын стандартаас давсан чадвартай хүүхдүүдийг бэлтгэж байна. Орчин үеийн оюуны хэрэгцээ өөр болж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгал аль хэдийнэ эхэлчихлээ. Тиймээс үүнтэй боловсрол алхаагаа  нийлүүлэх ёстой. Манай сургууль бодлогодоо аж үйлдвэрийн IV хувьсгалыг харж, шаардлагатай зүйлийг оруулж байна. Тэнд хэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэхийг зорьж байгаа. Үүнд багшийн хөгжил зайлшгүй холбоотой. Багш хүн гадагшаа явж юм үзэж, нүд тайлах ёстой. Тэр хэрээр хүн хөгждөг. Багш бол зөвхөн танхимын хүн биш, судлаач байх ёстой. Дээр нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгч байх ёстой. Хүүхдүүдээ аваад хөдөө орон нутгаар явдаг, ахуй соёлтой танилцуулж байх хэрэгтэй. Манай сургууль ахлах ангийнхныгаа Говь хөтөлбөрийн хүрээнд Дэлгэрхангай сум руу, Дорноговь аймгийн Хөвсгөл сум руу явуулж торгон хилтэй танилцдаг. Арванхоёрдугаар ангийн хүүхдүүд багш нартайгаа намрын ажилд гардаг. Энэ бүхнийг багш танхимаас гадуур хийнэ. Энэ нь нэг талаар багшийн ур чадварыг илүү хөгжүүлнэ.
-Танай сургууль дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшүүлж чадаж байгаа эсэх нь төгсөгчдөөс харагдана. Ер нь нийт төгсөгчдийн хэчнээн нь дэлхийн хэмжээний их дээд сургуулиудад боловсрол эзэмшиж байна. Энэ үр дүнгээс та дурдвал...?
-Манай сургуулийг 1980 орчим хүүхэд төгссөн байна. Үүнээс 800 орчим нь гадаадын их дээд сургуульд суралцаж байгаагаас гуравны нэг нь шууд ахлах сургуулиас элсэж орсон. Японы их дээд сургуульд 420 орчим хүүхэд шууд элссэн орсон. Дэлхийн топ сургуулиуд болох Харвард, Токио, Нагояагийн их сургуульд манай төгсөгчид олон байна. Манай нэгдүгээр үеийн төгсөгч Батзаяа Токиогийн их сургуульд эрдмийн зэргээ хамгаалж, дараа нь Харвардад сурч, одоо Японы хорт хавдрын эсрэг судалгааны төвд ажиллаж байна. Токиогийн их сургуульд доктор хамгаалж байгаа дараагийн төгсөгчид ч байна. Зөвхөн энэ жил гэхэд Японы их дээд сургуулийг "Шинэ Монгол"-д сурч байсан 33 төгсөгч маань төгсч байна. Тэдэн дундаас  Нагояагийн их сургуулийн шилдэг төгсөгчөөр “Шинэ Монгол”-ын төгсөгч шалгарч байгааг хараад үнэхээр бахархаж байгаа. Нагояагийн их сургуулийг төгсч байгаа хэдэн мянган оюутан дундаас нэг л хүн шилдэг болдог. Тэр нь монгол хүн, тэр дундаа “Шинэ Монгол”-ын төгсөгч авч байгаа нь гайхамшигтай. Тэр төгсөгчийг магистр, докторт сурах урилгыг сургуулиас нь ирүүлсэн боловч Монголдоо ажиллана гээд эх орондоо байгаа. Учир нь яаралтай эх орондоо ирж, өөрөө заавал оролцох судалгааны төсөл эхлүүлсэн байгаа юм байна. Дэлхийн топ их сургуулиуд төгсөөд дэлхийн хэмжээний компаниудад ажиллаж байгаа төгсөгч олон байна. Тэд маань “багшаа эндээ таван жил ажиллаж, туршлага хуримтлуулаад, хүчтэй, чадвартай болоод эх орон руу буцна” гэдэг.  Төгсөгчдөө Монголоо дэлхийтэй холбох зорилго тавиад ажиллаж байгааг харахад үнэхээр бахархмаар байдаг.
Бид карьер хөгжлийн төв байгуулаад, дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бидний хувьд төгсөгчид болгон маань эх орондоо хувь нэмэр оруулаасай гэж боддог учраас төсгөгчдөө ажилд зуучлах төв байгуулсан. Нэгд, төгсөгчид маань аз жаргалын эзэд байгаасай гэж хүсдэг. Хоёрт, хүссэн мэргэжлээрээ эх орондоо, тухайн салбартаа хувь нэмрээ оруулаасай гэж зорьдог учраас тэднийг ажилтай болгох зуучлалыг хийдэг. Ойролцоогоор 20 орчим төгсөгчөө мэргэжлээр нь ажилд оруулсан. Үүнээс гадна их дээд сургуулиудыг танилцуулж, шалгалтад бэлдэх, суралцаж байх хугацаанд дүнг сануулж, хурцалж өгдөг.
-Хувийн сургуульд сургалтын чанар харьцангуй сайн байна гэдэг. Гэхдээ улсаараа, сургуулиуд нийтээр сайн сургалттай, сайн орчинтой байхад юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Монголд сайн хувийн сургуулиуд олон болж байна. Монголын хувийн хэвшлийн бага дунд боловсролын холбоонд 70 гаруй сургууль  элссэн байна. Энэ бүх сургуулиуд нийгмийнхээ өмнө хариуцлагаа хүлээдэг. Бид ч гэсэн тэгж явж байгаа. Нөгөө талдаа, төрийн өмчийн сайн сургуулиуд ч бий. Харин массаараа дээшээ явахад удирдлагын хүсэл зориг чухал. Монголд яадгаа алдсан муу багш нар байхгүй. Удирдлагад нь ажиллах эрх чөлөөг нь олгох, удирдлагыг нь шударга сонгож томилох явдал чухал юм. Ингэвэл бүх сургуулиуд өөр болно. Удирдлага нь зөвхөн өөрийнхөө сандал ширээг хамгаалдаг, албан тушаалаа бодож явдаг бол тэр сургууль хөгжихгүй. Сургуулиа л хөгжүүлье гэсэн бодолтой захирал олон болох хэрэгтэй. Хэрэгтэй, хэрэггүй сургалтаар захирлыг дараад хэрэггүй. Захирал хүн сургалтаар дамжиж сурах биш, өдөр тутмын амьдралаас өөрийгөө сургах гэж орж ирж байгаа шүү. Тэр хүн сургуульдаа л өөрийгөө бүрэн зориулах учиртай. Тиймээс удирдлагын хүсэл зориг гэдэг зүйлийг салбарын яам, Нийслэл, дүүрэг, орон нутгийн боловсролын газрууд зангидаж өгч, ажиллах эрх чөлөөг нь олгоосой гэж хүсдэг.
-Таныг нэг бус удаа сургуулийнхаа гадаа замын хөдөлгөөн зохицуулж, хүүхдүүдийг замаар аюулгүй гарахад тусалж байгааг хараад энгийн, элэгсэг дотно санагдсан. Таны хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж, хийж байгаа ажлаасаа урам зориг авдаг вэ?
-Хөдөлгөөн зохицуулах бол эцгийнхээ үүргийг биелүүлсэн хэрэг. Захирлаас гадна би эцэг хүний үүргээ биелүүлэх ёстой. Би өглөө болгон ажил дээрээ ирээд хүүхдүүдтэйгээ мэндэлдэг. Хүүхдүүдтэйгээ, багштайгаа ойр байх хэрэгтэй санагддаг. Багш нарыгаа сайн ойлгодог, ойлголцдог, сургууль руугаа хандсан нэгэн зорилготой байх ёстой. Хүүхдүүдтэйгээ ярилцаж, мөрөөдлийг нь цуглуулж сонсдог захирал байхыг зорьдог. Хүүхдүүдийн мөрөөдлийг сонсч, цуглуулах тусам илүү их хүч ордог. Энэ нь өөрөө миний сурах процесс. Хүүхэд болгонтой харилцаж, нэрийг нь тогтоож, төгсөгч бүртэйгээ холбоотой байхад сургууль илүү амьд болдог. Сургууль бол хөндий байшин биш шүү дээ. Ямар ч байранд хичээллэж болно. Харин захирал нь, багш нар нь сэтгэлтэй байхад аяндаа эцэг эх нь, хүүхдэд нь сэтгэлтэй болно. Орон нутагт бахархмаар сургуулиуд олон болж байна. Төв аймгийн Баянчандмань сумын сургууль аймагтаа тэргүүлж, мундаг байна шүү дээ. Тиймээс нүдэнд харагддаггүй том баялгаа Монголын багш нар уудалж хараасай гэж хүсч байна. Удахгүй Багш нарын VII их хурал болох гэж байна. Их хурал маань илүү ажил хэрэгч, төлөөлөгчөө сонгох процесс нь ил тод, шударга болоосой.
Эцэст нь, эцэг эхчүүддээ хандан хүүхдээ хайраар дутаахгүй л өсгөж, хүмүүжүүлэх гэж хэлмээр байна. Хайраар дутаагүй хүүхэд маш зоригтой, өөртөө итгэлтэй байдаг. Хайраар дутсан хүүхэд сэтгэл зүйн хувьд хэцүү байдаг. Хоёрт, хүүхэддээ зөв ёс суртахуун, биеэ зөв авч явах тухай ярьж, хэлж өгч, өөрсдөө хүүхдэдээ зөв үлгэрлэн харуулж байгаарай захья.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн