Хүн өөрийнхөө дуртай, сонирхолтой зүйлийг олж, тууштай хичээллэж чадвал ямар ч амжилтад хүрч чаддагийг харуулж, дэлхийн шилдэг залуусыг урин оролцуулдаг Google компанийн “Гүүгл КодЮ” нэртэй хөтөлбөрт Монгол Улсаас анх удаагаа оролцохоор болсон нэгэн залууг бид энэ удаа онцолж байна. Энэ бол Нест Академийн туслах багш Э.Баттулга юм. Ингээд түүний хүсэл мөрөөдөл, зорилго, дотоод ертөнцтэй хамтдаа танилцъя.
-Хамгийн түрүүнд, олон орны мундаг залуустай мөр зэрэгцэн Google компанийн “Гүүгл КодЮ” нэртэй хөтөлбөрт тэнцсэнд тань баяр хүргэе. Хэзээнээс IT чиглэлээр хичээллэх болов?
-Би компьютерт их ойр өссөн болохоороо ч тэр үү компьютерт их дуртай. Гурав, дөрөвдүгээр ангид байхаасаа л компьютер дээр зураг зураад янз бүрийн цэсээр нь нэг бүрчлэн орж үзэх зэргээр танилцаж эхэлсэн. Анх аав маань гэрт Pentium-2 авчирч байсан шиг санана. Мөн арван жилдээ тооны хичээлдээ түлхүү сонирхолтой байсан. Аравдугаар ангидаа анх мэдээлэл зүйн олимпиад гэж байдаг, шагнал нь их өндөр гэдгийг олж сонсоод орж байв. Тэр жилдээ дүүргээсээ ч гараагүй. Дараа жил нь харин хүрэл аваад, олон улсад оролцоод, дараа жил нь ахиад мөнгөн медаль аваад, ахиад олон улсын тэмцээнд оролцож байсан. Арван жилээ төгсөөд хоёр зүйлийг л бодсон. Эхнийх нь, англи хэл сурна, хэлний мэдлэгээ сайжруулна, нөгөө дэх нь олимпиадад бэлдэж байсан чиглэлээрээ илүү гүнзгийрүүлэн суръя гэж шийдсэн. Энэ цаг үеэс нь эрчимтэй хичээллэх, цаг тутамд өөрийгөө хөгжүүлэхийг зорьсон доо.
-Арван жилдээ байхдаа мэдээлэл зүй, англи хэл хоёроор хичээллэе гэж бодсон гэхээр түүнээс өмнө зорилгоо олсон байсан гэсэн үг үү. Таны ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
-Одоогоор бол амьдралд хөлөө олъё гэж бодож байна. Хувийн санхүүгийн асуудлаа шийдчихдэг, амьдрах орчны хэрэглээ талаасаа санаа зовох зүйлээ нь багасгана. Ер нь тэр бүр хүсэж мөрөөдөөд байдаггүй./Инээв/ Хамгийн эхлээд амьдралынхаа тав тухыг олно. Дараа нь өөрийн суралцаж, ажиллаж буй салбараа хөгжүүлнэ. Мэдээлэл зүйн олимпиад нь хөгжил муутай, бэлдэх материал төдийлөн элбэг биш. Тиймээс би хүүхдүүдэд материал бэлдэж өгч, боломжтой гэдгийг нь харуулъя гэж зорьж байгаа. IT-гийн яг аль чиглэлээр мэргэших вэ гэдгээ тухайлбал программ хангамж уу, техник хангамж уу, эсвэл онолын төвшинд байх уу гэдгийг одоохондоо шийдээгүй байна. Мэргэжлээр хэдэн жил ажиллаж нэлээд туршлага хуримтлуулсны дараа, боломжтой бол өөрөө компани байгуулах байх. Монголчууд байдаг компани бүтээхийг зорино. Тэр цагт Монголын IT салбар нэлээн хөгжсөн байх болов уу гэж бодож байна.
-Танд өөрийн харж, урам зориг авч байдаг хүн байдаг уу?
-Би хувьдаа энэ хүн шиг болчих юмсан, тэр хүний хийснийг хийчих юмсан гэж ер нь бодож байгаагүй. Өөрөө өөрийгөө жаахан ч гэсэн хөгжүүлж чадвал болоо гэж боддог.
-Нест академид хэзээнээс багшилж эхлэв. Яагаад энд ажиллах болсон бэ?
-Нест академид энэ хичээлийн жилээс туслах багшаар ажиллаж эхэлсэн. Өмнөх жил олонлогт байдаг гэдгийг нь сонсчихоод, дараа жил нь оръё гэж бодсон. Надад Нест академид багшлахад хоёр зүйл нөлөөлсөн. Эхнийх нь Нест академийн гаргаж буй санаа буюу IT-н мэргэжилтнүүдийг ЕБС-иас эхэлж эртнээс бэлдсэнээр их сургуульд эсвэл шууд ажилд ороод илүү хөгжих боломжтой юм байна. Хоёр дахь нь, яаж би IT-ийн чадвараа эзэмшсэн бэ гэхээр надад зааж чиглүүлэх хүн ховор, материал багатай байсан учир бараг л өөрөө нухсаар байгаад удаан хугацаанд суурь мэдлэгүүдээ эзэмшсэн. Харин зааж чиглүүлэх, асуудал тулгарсан үед чиглүүлэх хүнтэй байх нь их чухал. Миний сурсан мэдлэгийг бараг л хоёр дахин бага хугацаанд сурчихдаг. Нест академи нь хүүхдүүдийн бие даах чадварыг чухалчлан хөгжүүлдгээрээ онцлог юм. Бид аливааг заахдаа юуг шууд заах уу, юуг хүүхдүүдээр өөрсдөөр нь судлуулах уу гэдгийг сайн бодож тунг нь тааруулахыг хичээдэг. Жаахан асуудал тулгарвал чиглүүлээд, зааварчилж өгдөг. Хааяа л шууд шийдэж өгдөг. Тийм систем дээр манай сургалтын төв тулгуурладаг. Энэ бол маш том давуу талтай. Учир нь IT-н хэрэглэгдэхүүн, программчлалын зарчмууд байнга хувьсч байдаг учраас хурдан хугацаанд бие даан аливааг сурах чадварыг IT-н салбар шаардаж байдаг.
Дашрамд хэлэхэд, энэ сарын 9-нд буюу ирэх ням гарагт манай Нест академийн анхны төгсөгчид болох 7 дугаар ангийн хүүхдүүдийн бүтээсэн веб апп, гар утасны тоглоомуудыг танилцуулах өдөрлөг (https://www.facebook.com/events/2039118606384033/) болж байгаа. Энэ өдөрлөг хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй тул энэ салбарт сонирхолтой хүн бүхнийг гэр бүл, найз нөхөдтэйгээ хүрэлцэн ирээрэй гэж урьж байна. Арга хэмжээ маань Холидэй Инн зочид буудын 2 давхрын хурлын зааланд 16:00 цагт эхэлнэ.
-2016 онд төгссөн гэхээр одоо их сургуульд байсан бол гуравдугаар төвшинд байх байж. Ер нь их сургуульд суръя гэж боддог уу, үеийнхээ хүүхдүүдийг хараад их сургуульд сурдаг байж гэж харамсаж байсан удаа бий юу?
-2016 онд нэгдүгээр сургуулийн тооны ангийг төгссөн. Гадагшаа сурна гэж боддог. Өөр орчинд, бие даах чадвараа сайжруулж, өөрийгөө хөгжүүлээд, карьераа тэндээс эхэлнэ. Арван жилээ төгсөөд бусад шиг их сургуульд заавал сурах ёстой гэж бодож байгаагүй. Би компьютерт дуртай болохоор өөрөө бие дааж хийгээд байвал болно, ингээд явж байтал ажил олдоно гэж боддог байлаа. Олимпиадынхаа чиглэлээр нэлээд хөгжүүлчихье, ажил дээр гараад хэрэглэгдэх зүйлсийг би заавал сургуульд сурахгүйгээр бие даагаад сурчихна гэж боддог. Би МУИС-д 2016 онд элсэж байсан. Эхний жилдээ 3.7 голчтой сурсан. Тэгээд одоогоор хоёр жилийн чөлөөтэй байгаа. Англи хэлийг л суръя, олимпиадын чиглэлээрээ хөгжүүлэлт хийе гэдэг зорилгоор л чөлөө авсан. Өөртөө байгаа чадварыг бусадтай харьцуулбал хамаагүй илүү юм шиг санагддаг.
Хүн өөрөө л тухайн зүйлдээ сонирхолтой бол цасан бөмбөг шиг өнхрөөд, зузаараад, илүү томроод л яваад байдаг. Ер нь сонирхсон зүйлдээ тууштай, хичээгээд явахад болохгүй зүйл байхгүй. Өөртөө тохирсон сурах арга барилыг олох нь сурахад илүү дөхөм. Өөрөөр хэлбэл сурахад суралцах хэрэгтэй гэж боддог.
-Сурахад суралцах хэрэгтэй гэдэг үг тань их сонирхолтой юм. Та өөрөө англи хэл, болон компьютерын ийм өндөр мэдлэгийг хэрхэн сурсан бэ, арга туршлагаасаа хуваалцвал?
-Арван жилдээ байхдаа хэлний хичээлүүдэд дургүй байсан. Түрүүнд хэлсэндээ, тооны болон шинжлэх ухааны хичээлүүдээ сонирхолтой байв. Бусад зүйлийг бол хаячихдаг байсан юм. Гэхдээ аравдугаар ангид мэдээлэл зүй сонирхоод эхэлтэл бэлдэх материал ховор, бодлого бодъё гэхээр дандаа англи хэл дээр байдаг байсан. Тэгээд англи хэл суръя гэж бодсон. Ер нь дуртай зүйлээрээ дамжуулаад сурсан гэхэд болно. Тэгээд арван жил төгсөхдөө мэдээлэл зүйн бодлогуудаа орчуулчихдаг, бичлэг үзээд ойр зуурын зүйл сонсоод ойлгодог болсон байсан. Янз бүрийн сургалтуудад суугаад үзэхээр материалууд нь бүгд ижилхэн интернэт дээр байдаг. Тиймээс сургалтын газруудад суух шаардлагагүй юм байна гэж ойлгосон. Өөрөө л хичээхгүй бол болохгүй нь гээд хувиараа хичээллэж эхэлсэн. Одоо бодоход тэр нь ч зөв байсан. Хэл гэдэг бол хэрэглээ. Хэрэглэсээр байгаад өөрөө дасна, тэгээд эзэмшиж эхэлдэг. Энэ тэндхийн мэдээлэл уншаад, видео үзээд байвал нэлээд хөгжчихдөг юм. Англиар сонсох, уншихыг бол байнгын дадал, хэрэглээ болгосон. Англи хэлийг академик төвшинд эзэмших, хэрэглээний төвшинд эзэмших хоёр хоорондоо маш их ялгаатайг ойлгосон. Компьютерын мэдлэгийн хувьд бол өөрөө нэлээд хичээсэн.

-Одоо хоёулаа Гүүгл КодЮ” нэртэй хөтөлбөрийн тухай ярилцъя. Хаанаас мэдсэн, тус хөтөлбөрийн гол шалгуур нь юу байсан тухай?
-Гүүгл КодЮ” нэртэй хөтөлбөрт Монголоос таван хүүхэд тэнцсэн. 12 долоо хоногийн хугацаанд 3-4 хүнтэй баг болоод Google-ээс өгсөн тодорхой төсөл дээр ажиллаад явна гэсэн үг. Энэ нь Google-ээс залуусыг карьерын хувьд нь бэлддэг хөтөлбөр юм. КодЮ нь өмнөх жилүүдэд америк, европын зарим хэсэгт хэрэгждэг байсан. Энэ жил Ази, номхон далайн орнуудад руу хамгийн анхны удаа өргөжүүлэлт хийсэн. Анх яаж мэдсэн бэ гэхээр Google-ээс КодЮ гэх хөтөлбөр зарлагдах юм байна, нэг нээлттэй тэмцээнд ороорой гэж Google-д ажилладаг Б.Батхуяг ах фэйсбүүктээ пост бичсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь зургаан цагт тэмцээнд нь орж байсан юм. Гурван цагийн турш, гурван бодлогыг оноо бодно. Би 2200 гаруй оролцогчдоос 100 орчимд нь байсан. Нээлттэй тэмцээнд ямар ч хүмүүс орж болдог болохоор эзэлсэн байрандаа сэтгэл хангалуун байсан. КодЮ Ази, номхон далайн орнуудад анхны удаа хэрэгжиж байгаа болохоор хүмүүсийн дунд нээлттэй шалгаруулалт бол явуулаагүй. Зөвхөн урилга илгээсэн. Б.Батхуяг ахад баярлалаа гэж хэлмээр байна. Ази, номхон далайн орнууд руу “КодЮ” хөтөлбөрийг тэлэх гэж байна Монголоос хүн авмаар байна. Чи дааж аваад оролцож чадах уу, гэсэн чинь тэгье гээд тэгсэн юм билээ. Тэгээд өөрийнхөө цаг завыг гаргаад, Монголдоо их элгэмсэг хандсанд маш их баярлаж байгаа. Онлайнаар төслөө хийж явж байгаад, найман сарын эхээр Сингапурын оффис руу очоод, хийсэн зүйлээ тайлагнаад, оффистой нь танилцах юм.
-Тус хөтөлбөрт хамрагдсанаар ямар чадваруудад суралцана гэж бодож байна вэ?
-Хүмүүстэй интернэтийн зайнаас хамтарч ажиллаж чадахуйц болж, мөн жижигхэн сошиал апп гаргах хэмжээнд очих байх. Мэргэжлийнхээ хувьд туршлага хуримтлуулах том боломж гэж харж байгаа.
-IT-гаар сурахад ер нь хэцүү юу, тус мэргэжлийг сонирхож буй хүүхдүүдэд хандаад юу гэж хэлэх вэ?
-Нэг зүйлийг нь сайн сурчихвал, бусад зүйлийг нь сурахад маш амар байдаг. Өөрөөр хэлбэл, нэг бодлогын учрыг олчихвол дараагийн зүйлүүд нь төстэй байдаг. Мөн хөгжүүлэлтийг хэрхэн хийх вэ, яаж ашиглах вэ, зэрэг бүх зүйлс нь бичээстэй байж байдаг. Ер нь өөртөө хэрэгтэй мэдээллийг хайгаад олдог чадвар маш чухал. Хэрвээ хайгаад олбол сурах нь харьцангуй амархан. Хэрэгтэй мэдээллээ олж чаддаг байхад л сурч чадна гэсэн үг. Энэ чиглэлээр ажилд орохын тулд математик нээх ч хэрэгтэй байдаггүй. Харин тушаал ахиж, дээд төвшний ажил хийхэд математик хамгийн их хэрэг болдог. Ерөөсөө хэлний мэдлэг сайтай, дээр нь хайлт хийж чаддаг байхад болно. Мөн арван жилд юу сураад, их сургуульд орох, эсвэл амьдрал дээр гарах ёстой вэ гэдэг дээр хүүхдүүд нээх их анхаардаггүй юм шиг байгаа юм. Арван жилд олон төрлийн хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгдэхгүй мэдлэг шахаад байдаг талтай. Ер нь сурч сурсан, бусадтай хамтарч чаддаг байхад л болно. Мөн мэдлэг олох хүрээгээ гэр, сургууль, номын сан зэргээс өөрөөр тэлэх хэрэгтэй. Гаднын хүмүүстэй ярилцах, хэл сурах ч гэх мэт.
-Ярилцсан танд баярлалаа.