МУИС-ийн багш, хуульч Д.Батболдтой ярилцлаа.
-УИХ намрын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх хүлээлттэй байна. Үндсэн хуулийг өөрчлөх орчин нөхцөл нь бүрдсэн гэж харж байна уу. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Аливаа төрийн үйл ажиллагаа бодит болон хуулийн үндэслэлтэй байх ёстой. Хүн үйлдэл, үйл ажиллагаа ухамсар дээр тулгуурлаж хийдэг. Тиймээс үнэхээр үүнийг өөрчлөх ёстой гэсэн бодит үндэслэл байх ёстой. Төрийн үйл ажиллагааг тогтвортой болгохын тулд өөрчилж байна гэж ярьж байгаа. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийг яагаад өөрчлөх гээд байгаа вэ гэдэг бодит болон хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа юм шиг. Жишээ нь, хамгийн их өөрчилнө гэдэг зүйл нь Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх. Өнөөдөр Засгийн газар тогтворгүй байгаа учраас түүнийг тогтвортой болгохын тулд Үндсэн хуулиа өөрчилж байна гээд байгаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ олон Засгийн газраа Үндсэн хуулийн дагуу байгуулж чадсан уу, үгүй юү гэж асуухад дандаа чадаагүй гэж хариулдаг. Дандаа хууль бусаар Засгийн газрыг бүрдүүлдэг. Үндсэн хуулиар тогтоосон өндөр шаардлагыг хангадаггүй. Мэргэжлийн Засгийн газар гэж ярьчихаад дандаа мэргэжлийн бус, УИХ-тайгаа холилдсон байдаг. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн эрх мэдлүүд тусдаа байгаагүй цагт төрийн үйл ажиллагаа цэгцэрдэггүй. Манайх 2000 оноос хойш дандаа нэг явж байна. Өөрсдөө хуулийн дагуу амьдарч чадахгүй байгаа л улс юм биш үү гэж боддогдог. Мянга хууль батлаад нэмэргүй, тэрнийг дагаж мөрддөггүй, дураараа явдаг. Энэ нөхцөлд хуулиа өөрчилнө гэхээс илүү хуулийн дагуу амьдардаг сэтгэлзүй, соёлыг түгээх талаар анхаарах шаардлагатай. Дээд талаа зохицуулахаас гадна нийгэмдээ хийх ажил их байна.
-Ерөнхийлөгч намрын чуулганы нээлтийн үеэр системийн шинэчлэл хийцгээе гэж уриалсан. Үүний цаана Ерөнхийлөгчийн засаглалтай болох санал дэвшүүлж байна гэж зарим хүн ярьж байна. Таны хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-Энэ талаар түүхэн шийдвэр гарсан. 1992 онд Монгол Улс төрийн ямар удирдлагын хэлбэртэй байх вэ гэдгээ сонгосон. Маргаж, маргаж Монгол Улс парламентын засаглалтай байна гэсэн түүхэн шийдвэр гарсан. Ерөнхийлөгчийн хувьд санаачилга гаргах эрх нь бий. Гэхдээ засаглал өөрчлөх түүхэн шийдвэрийг дахиад ард түмэн л гаргана. Өмнө нь 70 жил Оросын нөлөөнд социалист дэглэмтэй явж ирсэн. Тэрний өмнө 200 жил Манжийн дарлалд байсан. Нийт 270 жилийн түүх дээрээ үндэслэн Монголын ард түмэн сонгодог парламентын засаглалтай байх шийдвэр гаргасан. Төрийн хуулиа Үндсэн хуулиараа тогтоосон. Хорь гаруй жил засаг төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх гэж хэдэн нөхөд үзлээ. Хэрэгжүүлсэн нөхөд нь зөв явуулсан уу, буруу явуулсан гэдэг тусдаа асуудал. Дараа нь Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага байна уу гэдэг тусдаа. Энэ бүхний нарийн учрыг сайн гаргаж, ярилцсаны дараа шийдвэрлэх ёстой.
-Ер нь таны бодлоор асуудлын гол нь Үндсэн хуульдаа байна уу, хэрэгжүүлж байгаа хүмүүс, субъектдээ байна уу?
-Нэг жишээ яръя. Монголын морин спорт уяачдын холбоо гээд төрийн бус байгууллага байгаа. Энэ холбооны дүрэм маш энгийн, хуучирсан маягтай л даа. Ер нь хууль бол хуучирсан хэв маягтай, эрт гардаг. Цагийн аясаар хоцрох тал бий. Гэхдээ хуулийг суурь болгож хэрэгжүүлж байгаа хүмүүс нь шинэ бодлоор зөв менежментээр ажиллавал ямар ч үр дүнд хүрэх боломжтой. Уяачдын холбооны дүрэм нь 1990 оныхоороо ч хэрэгжүүлж байгаа хүмүүс нь зөв менежменттэй учраас энэ холбоо өнөөдөр Монголын хамгийн сайн холбоо байна. Алдаа оноо байгаа ч хөгжил явсан. Хууль бол суурь зарчмуудаа л тодорхойлж, хамгаалдаг. Тэр зарчим нь ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь хүмүүсийн асуудал.
-Тэгэхээр Үндсэн хуульдаа бус хүндээ байна гэсэн үг үү?
-Хүнээс хамгийн их шалтгаална. Хүмүүс зөв, зохистой, хуулийн хүрээнд ажиллаж, бүтээхийн төлөө явбал болно шүү дээ. Түүнээс биш, бүх алдаагаа хууль руу, бусад руу чихээд байвал нийгэм нь ч, хүн ч хоцрогдолтой хэвээр л байна.
-Гэхдээ нийгмийн хөгжил, өөрчлөлттэй холбоотойгоор эх хуулиа өөрчлөх ёстой гэдэг. Дэлхийн улс орнууд ч ийм жишгээр явсан уу?
-Дэлхийн Үндсэн хуулиудын түүх нь АНУ-аас эхтэй. Хэдэн зуун жилийн түүхтэй. Тэр хуулиуд одоо ч хэрэгжиж л байгаа. Хэрхэн өөрчилдөг вэ гээд харвал, зайлшгүй шаардлагатай хүний эрхийн хамгаалалт, төрт ёсны хөгжлийн талаарх хамгаалсан хамгаалалтуудыг тогтоож, бэхжүүлдэг. Төрд үүсгэх хязгаарлалт, хориглуулалтын зарчмуудыг нэмдэг болохоос биш, өнөөдөр ингэж явъя гэснээ маргааш өөрчилж, нөгөөдөр өөр хэсэг нь гараад дахин өөрчлөөд байдаг хууль дэлхийд манайхаас өөр байхгүй л дээ. Бид хуулийн дор нь амьдрахад суралцмаар байна. Хууль бол түүхэн он цагийн шалгуураар л өөрчлөгддөг. Ийм л зарчмаар явах ёстой.