Мэргэжил дээшлүүлэхээр гадаад улсын зорих гэж байгаа залуустаа зориулж Их Британийг Засгийн газрын Чевинингийн тэтгэлгээр магистраа хамгаалсан Э.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.
Тэрээр АШУҮИС-ийг 2016 онд хүний эмч, 2018 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжлээр төгссөн бөгөөд 2020-2021 онд нөхөн үржихүйн дотоод шүүрэл, үргүйдлийн чиглэлээр Чевинингийн тэтгэлээр Шотландын Дандий хотын их сургуульд суралцаж дүүргэжээ. Э.Нандин-Эрдэнэ нь одоо эх орондоо CLWH үр шилжүүлэн суулгах төвд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн дотоод шүүрэл, үргүйдлийн эмчээр ажиллаж байна.
-Их Британийн Засгийн газрын Чевинингийн тэтгэлэгт харагдах болсон түүхээсээ эхэлье. Яагаад тус тэтгэлгийг сонгох болсон вэ?
-Миний хувьд өөрийн сонгосон мэргэжлээр АШУҮИС-ийг зургаан жилийн хугацаанд сурч дүүргэсэн. Энэ хугацаанд бусад оюутан залуусын адилаар нарийн мэргэжлээр зэргээ ахиулж сурах чин хүсэлтэй байсан. Тэр утгаараа үр шилжүүлэн суулгах чиглэлээр цаашдаа явах шийдвэрийг гаргаад резидентийнхээ сургалтад хамрагдсан. Ингээд БНСУ болон Австри улсад нөхөн үржихүйн туслах технологи, үр шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх олон улсын сургалт, семинаруудад хамрагдаж, суралцдаг байсан. Миний хувьд яг энэ чиглэлээрээ магистраа хамгаалахыг хүссэн боловч Монголд суралцах боломж байгаагүй. Нэгд, лаборатори байхгүй. Хоёрт, багш мэргэжилтнүүд болон судалгаа шинжилгээний ажлууд маш хомс байсан учраас гадагшаа явж сурахаас өөр сонголтгүй болсон тул сургууль, болон тэтгэлгээ судалж эхэлсэн. Гэвч судлаад үзэхэд, яг миний сурах гэж байгаа чиглэл болох үр хөврөл судлалаар магистрын зэрэг хамгаалуулдаг хөтөлбөртэй сургууль миний хайлтаар дэлхийд хэдхэн байсан. Тэдгээр сургуулиудаас миний хүсэж байсан лаборатори, эмнэл зүй, судалгааны гээд аль аль талаараа суралцах боломжийг хангаж чадах хөтөлбөртэй сургууль бол Их Британийн Дандий хотын их сургууль байсан. Ингээд сургуулиа сонгосны дараа төлбөрийн асуудал тулгарсан. Дандий хотын их сургуульд Чевинингийн тэтгэлэг олгодгийг мэдээд тэтгэлгийн шалгууруудаа хангахаар бэлдэж эхэлсээр материалуудаа явуулаад тэнцэж, хүссэн сургуульдаа орсон.
-Чевинингийн тэтгэлэг бусад тэтгэлээс юугаар өөр байдаг вэ?
-Бусад тэтгэлгүүдтэй адил хэлний оноо 6.5 байх, 1.5 жилийн ажлын туршлагатай, бакалаврын голч дүн 3-аас дээшээ байх гэсэн үндсэн шалгууруудтай. Үүнээс гадна Чевинингийн тэтгэлэг нь үндсэн дөрвөн төрлийн эссе бичихийг өргөдөл гаргаж буй хүнээс шаарддаг. Манлайлах чадвар, харилцааны ур чадвар, яагаад Их Британид сурахыг хүсэж байгаа, Ирээдүйн зорилго, зорилтоо хэрхэн тодорхойлох вэ гэсэн дөрвөн төрлөөр тус бүр 500 үгтэй эссе бичүүлдэг. Олон улсад зарлагддаг тэтгэлэг учраас дэлхий даяар дунджаар 65 мянга гаруй хүнтэй өрсөлдөж дараагийн шатанд тэнцэх тул материалуудаа маш тодорхой үнэн зөв явуулах ёстой. Эссегээ бичихдээ салбарынхаа одоогийн нөхцөл байдлыг ажиглаж, шаардлагатай шинэчлэлт, өөрчлөлтийг олж харсан байх шаардлагатай хэрэгтэй. Мөн Их Британид боловсрол эзэмшсэнээр цаашид салбартаа оруулж чадах хувь нэмрээ тодотгож ирээдүйд манлайлал болж чадна гэдгээ батлах хэрэгтэй. Өөрийгөө зөвөөр илэрхийлж чадвал жил бүрийн нийт хүсэлт гаргагчдын 1.5-2.5 хувь нь орж чаддаг Чевинингийн гэр бүлд багтана гэсэн үг юм.
-Англи хэлний мэдлээ хэрхэн дээшлүүлсэн вэ?
-Би Дорнод аймагт арван жилийн сургуулиа төгссөн учир унаган англи хэлтэй байгаагүй. Хотод ирээд их сургуульд орсон цагаасаа ямар нэгэн байдлаар хэзээ нэгэн цагт мэргэжил дээшлүүлэхээр явах болон анагаахын мэдээ мэдээллүүдийг англи хэл дээрээс авч байхын тулд хичээлийнхээ хажуугаар хэлний сургалтуудад хамрагдаж эхэлсэн. Миний хувьд өөрөө танхимаар сурч англи хэлтэй болсон учраас бие дааж суралцахаас илүү, танхимын сургалт илүү өгөөжтэй гэж санагддаг. Гэхдээ ном унших болон бичгэн орчуулга хийх нь хэл сурах хамгийн сайн арга гэдэгтээ санал нэгддэг.
-Зарим залуус хурдхан нэг тэтгэлэгт тэнцээд гадаадад очмоор байна гэж ярьдаг. Гэвч тэтгэлгээ хамгаалж сургуулиа төгсөх нь хамгийн чухал даваа. Таны хувьд тэнд очоод хэцүү үе тулгарч байв уу?
-Миний сурсан жил яг ковидын жил байсан учраас бүх зүйл хүсэлтээс өөр байсан. Төсөөлж байснаар минь болоогүй учраас жаахан хэцүү байсан. Би чинь эндээс олон газрын хүмүүстэй танилцана, багш нартайгаа ойр дотно, холбоотой байна, лабораторийн тоног төхөөрөмжийг чөлөөтэй ашиглаж их юм сурна гэсэн зорилготой явсан. Гэвч ковидоос болоод таван сар хатуу хөл хорионд орж бүх зүйл бодсоноос эсрэгээрээ болсон. Гэхдээ аливаа зүйлд давуу болон сөрөг талууд байдаг шиг бидэнд хичээлээ нөхөж үзэх боломж маш их, онлайнаар орж байсан учраас унаа тээврийн зардалд мөнгө үрэхгүй, илүү дотно хэдхэн сайн найзуудтай болох зэрэг давуу талууд байсан. Сайн, муу аль алийг нь дэнсэлж байгаад сургуулиа амжилттай төгсөж чадсан.
Миний хувьд маш сайн удирдагч багштай байсан учраас өөрийнхөө хүссэн “Савны дотор талын ханын сэдээлт эмчилгээ”-ий талаар судалгааны ажлаа хийсэн. Миний бичсэн судалгааны ажил Шотландын конференцид илтгэл хэлбэрээр тавигдсан. Үүнээс гадна Английн Засгийн газрын хүний үр хөврөлийг судлах байгууллагын хурал дээр итгэл хэлбэрээр тавигдсан. Үүнээс дүгнэхэд, миний хувьд зорилгодоо хүрээд ирсэн гэж хардаг.
-Тэтгэлэгт хамрагдаж буй залуус юун дээр алддаг гэж Та хардаг вэ?
-Миний бодлоор зарим залуус зорилго, зорилт нь тодорхойлоогүй байдаг юм уу гэж хардаг. Зорилго, зорилтоо тодорхойлоогүйгээс болж нэгд, тэтгэлэгтээ тэнцэж чадахгүй, хоёрт тэтгэлэгт тэнцээд сургуульдаа явлаа ч дундаас нь хаях зэрэг асуудлууд гардаг. Тэгэхээр үнэн зорилготой, бүх зүйл тодорхой байвал хэцүү асуудал тулгарсан ч даваад гардаг юм шүү гэж залуустаа хэлмээр байна.
Эссе бичихдээ хайнга хандаж болохгүй яг “энэ сургуулийн энэ курст ийм хөтөлбөртэй учраас тэдгээр багшийн дор дараах судалгааг хийгээд суралцмаар байна. Ингэж суралцсанаар би дээрх ур чадваруудыг эзэмшинэ. Тэдгээр ур чадваруудыг эзэмшсэнээр эх орондоо иргэж ирээд миний ажил амьдрал ийм үр шим гарна. Би хүмүүс ингэж тусалж чадна” гэдгээ бичих хэрэгтэй.
-Тантай адилхан мэргэжлээр гадаадад сурах хүсэлтэй залуус байгаа байх. Эннэ чиглэлээр ямар ямар сургуулиуд тэтгэлгээр сургадаг вэ. Дээрнь Та тийм ч их байдаггүй ховор байдаг гэж хэлсэн.
-Тэтгэлэг судалж байхад АШУҮИС-ийн оюутнуудад ихэвчлэн анагаахын их сургуульд нь сурах боломж маш бага, харин нийгмийн эрүүл мэнд эсвэл био анагаах тал руугаа суралцах нь маш өндөр байдаг байсан. Яг цэвэр анагаахын чиглэлээр сурахыг хүсвэл Англи болон Ирланд улсыг сонгох нь илүү боломж олгодог гэж харсан. Тэтгэлгийн хувьд Чевинингийн тэтгэлэг болон Унгар улсын Засгийн газрын тэтгэлгүүд нь зүгээр болов уу. Ерөнхийдөө анагаахын чиглэлээр сурдаг тэтгэлэг маш ховор байдаг учраас өрсөлдөөн их байдаг.