Open iToim app
Улс төр | 1 мин уншина

ШХАБ-ын уулзалтад Ерөнхийлөгч цахимаар, Шадар сайд биечлэн оролцоно

ШХАБ-ын уулзалтад Ерөнхийлөгч цахимаар, Шадар сайд биечлэн оролцоно
Нийтэлсэн 2021 оны 9 сарын 10
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт 2021 оны есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Тажикстаны нийслэл Душанбе хотод зохион байгуулагдана.
Ирэх долоо хоногт болох ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, байр сууриа илэрхийлэх юм байна. Харин Шадар сайд С.Амарсайхан Душанбе хотыг зорьж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцох аж.  
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр манай улс ажиглагчийн статусаа ахиулах, ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлыг хөндөхгүй гэв. Харин гишүүн болон ажиглагч орнуудын удирдагч, албан тушаалтнуудтай бүс нутгийн аюулгүй тогтвортой байдал, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан уялдаатай хамтран ажиллах талаар санал солилцох юм байна. 
Дашрамд дурдахад, Монгол Улс 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статусаар нэгдсэн түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хамгийн анх 2005 онд Казахстаны Астана хотноо болсон ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцож байв. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус байгууллагын төрийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцож ирсэн юм. Харин өнгөрсөн жил ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа оролцсон. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн