Засгийн газраас өргөн барьсан “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн төсөлд сөрөг хүчний гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төр үнэ тогтворжуулна гэж байна. Өнөөдөр зах зээлийн эдийн засаг хаачсан бэ. Өмнө нь бид үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлсэн. Манай улс бүтэлгүйтсэн. Тодорхой хэсэг нь мөнгө авдаг. Тэгээд тэрийгээ доллар руу хөрвүүлээд, мөнгө угаадаг. Эрх мэдэлтэй байсан нь гурван хувийн хүүтэй зээл аваад, жирийн иргэд авдаггүй. Хулгай болоод л дууссан. Тийм байхад яагаад энэ загвараа оруулж ирээд байна вэ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ хуулийн төсөл богино хугацаанд л бага зэрэг тусламж болох байх. Урт хугацаандаа алдаатай бодлого. Ер нь арга ядсан, түр хугацааны л арга хэмжээ. Өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн газар үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлж байсан. Тэр үед миний бие бас л эсэргүүцэж байсан. Тэр алдааг дахиад л давтах гэж байна. Хэрэв энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ мөнгө хэвлэх юм бол төгрөгийн ханш улам буурна. Хөнгөлөлттэй зээлийг нь дарга нартай холбоотой, сүлбээтэй компаниуд аваад дуусна. Гэхдээ бид ингэж хэлээд нэмэргүй юм байна. МАН-ын дарга өөрөө оруулж ирж байгаа учир олонхоороо дэмжээд энэ хуулийн төслийг батална. Энэ хууль хэрэгжвэл байгаа жаахан валютын нөөцөө бараад дуусна.
-УИХ-ын гишүүн Ц.Туваан: Стратегийн бүтээгдэхүүн гэж тооцогддог бүтээгдэхүүнүүдийн хангамж, үнийг тодорхой хугацаанд тогтвортой байлгахыг энэ цаг үед хийхээс өөр аргагүй ажил гэж үзэж байна. Монгол Улс парламентын засаглалтай учир энэ асуудлыг оруулж ирэх нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Харин батлах, батлахгүй гэдэг нь УИХ-ын бүрэн эрх. УИХ дээр шийдвэр гараад батлахгүй гэвэл тэр биз. Би бол асуудал нь зөв учраас дэмжиж байна. Цаг хугацаа нь бага зэрэг оройтов уу гэж харж байна. Ер нь нөхцөл байдал онцгой байгаа. Дан ганц Монгол Улсын хэмжээнд биш дэлхий паниктай байна. Үүнд төр засаг л юм бол ямар нэгэн хариу үйлдэл хийх ёстой.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Үнийг дураараа тогтоодог бол амархан л байна. Гэхдээ тэгж болохгүй. Зүй нь, хүн халуурлаа гэхэд халууны шилний градусыг зориудаар 37-оос дээш гаргахгүй болгодог болчихвол өөрийгөө хуурсан болно. Үнэ тогтоох бодлого яг үүнтэй адил. Долларын ханш өсөж байна л гэж байна. Энэ бол төгрөгийн л үнэ цэн. Тэрийг тогтоох гэж оролдох тусмаа хар зах үүсэж, 10 хувийн зөрүү үүснэ. Үнэ тогтооно гэж байхаар нийлүүлэлтээ, ложистикоо сайжруулж, хувийн хэвшил, бизнесүүдийнхээ оролцоог илүү нэмэх тал дээр бодлогоо чиглүүлээсэй гэж бодож байна. Нөгөө талаар эдийн засагт төрийн оролцоо улам л данхайж байна. Үүнийгээ бууруулах биш дахиад тусламж, хөнгөлөлттэй зээл олгох замаар тэлнэ. Энэ нь явсаар хоёр, гурван жилийн дараа хэн хичнээн төгрөг идэж, уув гээд бөөн маргаан, улс төрийн сэдэв л гарч ирнэ.