“Улаанбаатар-Сонгдо” эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гэрээр үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг эрчимжүүлээд эхэлжээ. Манай сурвалжлах баг энэхүү үйлчилгээг ямар дарааллаар хэрхэн авч болох талаар сурвалжиллаа.
Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ гэдэг нь эмнэлгийн үйлчилгээг гэрийн нөхцөлд авах хүсэл, шаардлагатай үйлчлүүлэгчийн гэрт мэргэжлийн эмч, сувилагч болон жолоочоос бүрдсэн туршлагатай баг очиж чанартай тусламж хүргэхийг хэлдэг. “УБ-Сонгдо” эмнэлэг гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хамгийн анхны хувийн эмнэлэг юм. Уг үйлчилгээний багт мэдээллийн ажилтан, эмч, сувилагч, сувилахуйн туслах, эм зүйч, хоол зүйч гэх мэт бүх чиглэлийн эрүүл мэндийн ажилчид багтдаг юм байна.
Захиргаа хариуцсан захирал Л.Баасансүрэнгээс гэрээр үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар тодрууллаа.
-Танай эмнэлэг хэзээнээс гэрээр тусламж үйлчилгээ авах үйлчилгээг нэвтрүүлсэн бэ?
-Манай “УБ-Сонгдо” эмнэлэг 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш үйлчлүүлэгчидэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, чанартай хүргэхийг зорьсоор ирсэн. Энэ утгаараа ч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан 2018 оноос гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн байгаа. Бид хоёр жилийн хугацаанд 200 орчим дуудлага хүлээн авч үйлчилсэн байна. “Covid-19” вирусийн халдвар манай улсад бүртгэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа ч манай байгууллагын зүгээс архаг суурь өвчтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай хүмүүст тав тухтай, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор энэ үйлчилгээгээ эрчимжүүлээд байгаа юм.
-Ямар хүмүүс уг тусламжийн үйлчилгээг авах боломжтой вэ?
-Гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг хүссэн хэн бүхэнд энэ үйлчилгээ нээлттэй. Харин зөвхөн манай эмч үзлэг хийсний үндсэн дээр шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ гэрээр хийгдэнэ гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Сонгдо эмнэлгээс бусад эмчийн зөвлөсөн эмчилгээ, шинжилгээ зэрэг тусламж үйлчилгээг манай сувилагч шууд хүргэх боломжгүй ба хамгийн эхэнд эмч тухайн үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг үнэлсний дараа дараагийн шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэсэн үг юм. Гэхдээ бид ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу үйлчлүүлэгчдийн халдвар авах, бусдад халдвар тараахаас сэргийлэх арга хэмжээг сайтар мөрдөн, эмнэлгийн орчны халдвар хамгааллын дэгийг чанд баримтлан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллаж байна.

Гэрээр тусламж үйлчилгээ хүргэхэд гар бие оролцдог эмнэлгийн жолооч Ж.Өнөрбат “УБ-Сонгдо” эмнэлэгт 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд дуудлага ирсэн даруйд машинаа асааж үйлчлүүлэгч рүүгээ яарч байсан түүнийг түр саатуулан эмнэлгийн жолоочийн үүрэг, ажлынхаа сэтгэгдлээс хуваалцахыг хүсэхэд “Олон жил ажиллахдаа замын түгжрэлийг зөв тооцоолж, аль болох хурдан шуурхай үйлчлүүлэгчийн гэрт хүрч очихийг хичээж ирлээ. Манай эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүс баярласан талархсанаа илэрхийлэн, эрүүл болоод явж байгааг харахад өвчтөнийг эмчилсэн мэт сэтгэгдэл төрдөг. Тийм ч учраас энэ ажлаа хийхэд дуртай байдаг юм” гэв.

Мөн гэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагч Т.Оюунтунгалаг “Давхардсан тоогоор 200 орчим удаа дуудлагаар явж, эмнэлгийн болон сувилахуйн тусламж үйлчилгээг гэрийн нөхцөлд хүргэсэн байна. Эмчийн заалтын дагуу өөрөө явж чадахгүй байгаа өвчтөнүүдэд хөнгөвчлөх, мэс заслын дараах тусламжийг хүргэдэг. Одоогийн нөхцөл байдалтай уялдуулан бид айлд орохдоо халдвар хамгааллын дэглэмийг баримтлахад ихээхэн анхаарч, гараа ариутгаж, улавч, маск зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэж байна” гэсэн юм.