Open iToim app
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 2
Хаврын бүргэдийн баяр 18 дахь удаагаа энэ амралтын өдрүүдэд Чингисийн хүрээ, Жаргалантын аманд зохион байгуулагдах гэж байна. Уг баярт Акбуршак бүргэдтэйгээ оролцохоор ирсэн аварга бүргэдчин Б.Далайхантай ярилцлаа.
-Та хэзээнээс бүргэдтэй ан хийж, бүргэд сургаж эхэлсэн бэ. Үүнд хэн нөлөөлсөн бэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?
-Ах нар маань бүргэдчин  байсан. Тэднийг үнэг үргээгч хийх буюу бүргэд барьж яваа хүний өмнөөс нь үнэг гаргахыг харсаар байгаад бүргэдээр ан хийх сонирхолтой болсон. Тэгээд 21 наснаасаа бүргэд барьж эхэлсэн юм. Энэ жил 36  дахь жилдээ бүргэд барьж байна.
-Бүргэдийг яаж сургадаг юм бэ. Ингэхдээ хүнээс ямар ур чадварыг шаарддаг вэ?
-Бүргэдийг сургахад эхлээд савлуур дээр суулгаж сургана. Өөрөөр хэлбэл, хоёр шонгийн хооронд сур татаж, түүндээ бүргэдээ суулгаж сургадаг гэсэн үг. Ингэснээр бүргэд тэнцвэрээ олж сурдаг юм.  Савлуур дээр сууж сурсан бүргэдийг гартаа барьж явна. Дараа нь морин дээр авч явдаг. Хамгийн сүүлд анд гардаг юм.
Ер нь хурдан морины уяа, сойлгыг тааруулдаг шиг бүргэдийг сургахдаа тухайн хүн өөртөө болон гэр бүлдээ дасгаж эхэлнэ. Гэр бүлийн бүх гишүүдэд бүргэд дасах ёстой. Мөн бүргэддээ нэр өгч, түүгээр нь дуудна. Бүргэд хүний шуугианаас үргэдэг учраас дасгахын тулд гэртээ байлгадаг гэсэн үг. Дээр үед бүргэд гэртээ оруулахад хийморьлог амьтан гэрт саатлаа хэмээн баяр хөөр болж, идээ будаа засч, дуу хуур болж угтдаг байсан. Бүргэдийг гэрт байлгахдаа томага буюу малгай, хаалт өмсүүлдэг. Нүдийг нь халхлахгүй бол цочиж, үргээд байдаг талтай учраас томага зүүлгэж, гэрийн хүмүүст дасгадаг. Харин бүргэдийг ан хийж сургахдаа ширга татдаг.
Энэ нь үнэгний арьсыг сурын үзүүрт уяад чирдэг. Чирч байгаа үнэгний арьсан дээр бүргэд бууж байх ёстой юм.
-Бүргэдийг гэртээ оруулахдаа баяр хөөр, дуу хуур болдог гэж ярилаа. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?
-Казах түмэн бүргэдийг хийморьлог амьтан гэж үзэхээс гадна бүргэд байгаа гэрт муу муухай зүйл  орохгүй ба түүнээс хамгаалдаг хэмээн үздэг. Тухайлбал, хүүхэд өвдвөл бүргэдийн далавчаа хөхүүлдэг. Хөнгөрч чадахгүй байгаа эмэгтэйн дээгүүр бүргэдийн далавчаар домнодог. Сүүлийн үед эртнээс эцэг эх нь бүргэд барьж ирсэн хүмүүс л энэ уламжлалаа хадгалан үлдээх гэж хичээж байна. Гэхдээ бүргэдийн баярыг зохион байгуулдаг болсноос хойш илүү хөгжиж, дэлхийд танигдаж байна.
undefined
-Бүргэдийг хэдэн настайгаас  нь сургаж эхэлдэг вэ. Ер нь бүргэдийн насыг яаж мэддэг юм бэ?
-Бүргэдийг нэг наснаас нь эхэлж сургадаг. Эм бүргэд эр бүргэдээсээ илүү том биетэй, бяр чадалтай, цовоо сэргэлэн байдаг учраас эм бүргэдийг барьдаг. Эр, эм бүргэд хоёулаа ангаахайгаа тэжээдэг  ч эм бүргэд илүү дайчин байдаг юм. Ер нь бүргэд бол хамгийн өвөрмөц амьтдын нэг. Тиймээс дөрвөн сард төрөөд найман сард нисч эхэлдэг юм. Том бүргэд есөн сартай болоод ирэхээрээ ан хийдэг.
Харин бүргэдийн насыг өнгөөр нь ялгадаг. Тухайлбал, ангаахай бүргэдийн сүүл, далавчны урд тал нь цагаан байдаг. Хоёр настай бүргэдийн сүүлний цагаан хэсэг нь багассаар 10 хүрэхэд алга болдог. Бүргэдийн нас нэмэгдэх тусам өнгө нь өөрчлөгддөг юм.
-Та бүргэд сургахдаа нэрээр нь дуудаж, дасгадаг гэсэн. Таны бүргэд ямар нэртэй вэ. Ямар утга агуулгыг бодож өгсөн бэ?
-Ер нь бүргэддээ томьёолсон нэр өгдөггүй. Эрдэнийн өнгөөр ч юм уу, өөрсдийн бодож, санаснаар нэр өгдөг гэж хэлж болно. Харин миний бүргэдийн нэрийг Акбуршак буюу цагаан мөндөр гэсэн утгатай. Бүргэд маань мөндөр шиг бууна гэсэн утгаар өгсөн.
-Ер нь бүргэдийн идэш тэжээл ямар байдаг вэ. Бүргэдийн баярт оролцоход бүргэдийн хоол тэжээлийг хэрхэн тохируулдаг вэ?
-Бүргэд нь махчин амьтан учраас өвс тэжээл идэхгүй, зөвхөн түүхий махаар л хооллодог. Бүргэдийн хоолыг гурван сараас эхлээд хориглодоггүй. Өвөл ан хийдэг учраас анч бүргэдийг зун нь таргалуулан намар буюу сойлгын үеэр хоолыг тааруулж өгдөг. Хавар мал амьтан төллөдөг учир хавар ан хийдэггүй.  
-Бүргэдийг баяр наадамд бэлдэхэд бэрхшээлтэй зүйл нь юу байдаг вэ?
-Бүргэдийн баяр гэдэг бол тэмцээн. Үүний цаана шалгуур байх ёстой. Уг шалгуур нь хамгийн хурдан нисэх ёстой байдаг. Бүргэд болгон хурдан биш учраас хурдан нисдэг болгохын тулд маш их бэлтгэл хэрэгтэй байдаг.
-Таны хүүхдүүдээс бүргэдтэй ан хийж байна уу. Ер нь сүүлийн үеийн залуус хэр бүргэдчин болж байна вэ?
-Би хоёр хүүтэй. Манай хоёр хүү ажлынхаа зав чөлөөгөөр анд гардаг. Бүргэдчин болоход гэрийн бүх гишүүд бүргэдчин байх хэрэгтэй болдог. Яагаад гэвэл эрчүүд тэр болгон гэрт байхгүй учраас түүнийг эзгүйд гэрийн эзэгтэй, хүүхдүүд нь бүргэдээ хооллох шаардлага гардаг. Гэр бүлээрээ бүргэдчин болж чадахгүй хүн бүргэд барьж чадахгүй. Гэрийн эзэн бүргэд гэртээ байлгах гэхээр эзэгтэй нь дургүй байвал хэдэн жил бариад тавина.
Өмнөх үеэсээ бүргэдтэй ан хийхийг өвлөн авсан эсвэл үнэхээр хоббитой хүн л ан хийж чадна. Хүмүүс бүргэдчин болно гэж байгаад хаях нь их байдаг. Яагаад гэвэл бүргэдчин хүн 60 морины зовлон 40 морины жаргалтай гэдэг. Жаргалаас илүү бэрхшээл их учраас түүнд дасаж гэмээ нь жаргалыг үзнэ гэсэн үг.
-Бүргэдчин хүн 40 морины жаргалтай гэснээс бүргэдтэй ан хийхийн сайхан нь юу юм бэ?
-Бүргэдээ бариад уул хад дамжаад явж байхад сайхан байдаг. Илүү сайхан нь гэвэл бүргэдтэй ан хийж явахад маш их сэтгэл ханамж авдагт байгаа юм. Өндөр уулан дээр бүргэдээ бариад цэлмэг тэнгэрийг харахад сэтгэл сэргээд сайхан мэдрэмж төрдөг.
-Бүргэд хүнд дасаад ирэхээрээ ямар араншин гаргадаг вэ. Хэр уян амьтан бэ?
-Хүнд дассан бүргэд эрхэлж чаддаг. Түүнийгээ харцаараа илчилдэг. Бүргэдийн нөхцөл байдал ямар байгаа нь хөдөлгөөнөөс нь харагддаг.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн