Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Канадын парламент БНХАУ Уйгаруудын эсрэг геноцид үйлдэж байна гэж үзлээ

Канадын парламент БНХАУ Уйгаруудын эсрэг геноцид үйлдэж байна гэж үзлээ
Нийтэлсэн 2021 оны 2 сарын 23
Канадын парламент даваа гаригт санал хурааж, БНХАУ Уйгурууд болон бусад үндэсний цөөнхийнхөө эсрэг геноцид үйлдэж байна гэж тодорхойллоо. Ингэснээр тус улс Бээжин Шинжаан дахь Уйгур иргэдийн эсрэг геноцид үйлдэж байна гэж зарласан дэлхийн хоёр дахь улс болсон юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео 2021 оны нэгдүгээр сарын 19-нд Хятадын эрх баригчид Шинжаан муж дахь Исламын шашинд Уйгур иргэдийн эсрэг геноцид үйлдсээр байна гэж мэдэгдсэн. Харин Их Британийн Засгийн газар энэ сарын эхээр Уйгур иргэдийн эсрэг геноцид үйлдэж байна гэх маргаантай асуудлыг  хэлэлцсэн боловч Европын холбоог орхисон эгзэгтэй үед Бээжинтэй таарамжгүй харилцаа үүсгэхээс зайлсхийх зорилгоор тодорхой байр суурь илэрхийлэхээс татгалзсан.  
Жастин Трьюдогийн Засгийн газар дахь парламентын гишүүн сайд нар даваа гаригт болсон парламентын санал хураалтад оролцоогүй юм. Харин санал хураалтад оролцсон Жастин Трьюдогийн Либерал намын парламентын гишүүдээс Гадаад хэргийн сайд Марк Гарногоос бусад нь бүгд Бээжин геноцид үйлдэж байна гэх парламентын тусгай дэд хорооны дүгнэлтийг дэмжих санал өгсөн аж.
Ажиглагчдын хувьд уг асуудалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд БНХАУ-тай үүссэн сөргөлдөөнд хариу барих, найрсаг харилцаагаа хадгалах хоёрын тэнцвэрийг бий болгохоор зорьж ирсэн Трьюдогийн Засгийн газрын гадаад бодлогод томоохон шинэ сорилтууд тулгарах нь гарцаагүй гэж үзэж байгаа юм.  
Тэгвэл Канад дахь БНХАУ-ын Элчин сайд Конг Пэйву уг асуудалд “Оттава уг үйлдлээрээ манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна” гэх байр суурийг илэрхийлсэн байна. 
Канадын хуулийн байгууллагууд 2018 оны арванхоёрдугаар сард АНУ-ын хүсэлтээр БНХАУ-ын технологийн салбарын тэргүүлэгч “Huawei” компанийн өв залгамжлагч Мэн Ванжоуг Ванкуверийн олон улсын нисэх онгоцны буудалд саатуулж, баривчилснаар Бээжин болон Оттавагийн хооронд өрнөж буй өнөөгийн улс төрийн хурцадмал байдлын суурь тавигдсан юм. АНУ-ын шүүх 2019 оны нэгдүгээр сард олон улсын санхүүгийн байгууллагуудыг залилсан гэх хэргээр Мэн Ванжоугийн эсрэг хэрэг үүсгэж, Вашингтоны талд шилжүүлэн өгөхийг хүссэн бөгөөд “Huawei”-гийн өв залгамжлагч өөрийг нь тус улсад шилжүүлэхийн эсрэг шүүхээр заргалдсаар байна. Тухайн үед Бээжин уг асуудалд Канадын тал Мэн Ванжоугийн хууль дээдлэх ёсыг баримтална гэж байгаа ч нөгөө талдаа Вашингтонд тал засаж, БНХАУ-ын иргэнийг шүүхээр эцэслэн тогтоогдоогүй хэргээр дур мэдэн баривчиллаа гэх шүүмжлэлийг удаа дараа илэрхийлж байв. Мөн БНХАУ иргэнийг баривчилсан асуудалд хариу барих зорилгоор Канадын хоёр дипломат албан тушаалтын саатуулан баривчилсан байдаг.
Харин Бээжин Уйгур иргэдийн эсрэг геноцид үйлдэж байна гэх асуудлын хувьд олон улсын хүний эрхийн байгууллагууд өнөөдрийн байдлаар Шинжаан дахь тусгай засан хүмүүжүүлэх лагеруудад ойролцоогоор нэг сая гаруй Исламын шашинт иргэдийг хорьж, тэдний эсрэг системийн дарангуйлал үйлдсээр байна гэж үздэг.
Эх сурвалж: The Guardian
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн