Волейболын үндэсний дээд лигийн алт, мөнгөн медальт "Хасу Мегаватт MGL” багийн ахлагч, ОУХМ А.Даваажаргалтай ярилцлаа.
-"Хасу Мегаватт MGL" багийн хувьд энэ жил аваргын цомоо хамгаалан тоглож, мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний дараах сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үндэсний лигийн тэмцээн цар тахлаас шалтгаалан нэг жил завсарласны эцэст дахин зохион байгуулж, өндөрлөлөө. Энэ ч утгаараа олон баг, ширүүн өрсөлдөөн дунд энэ удаагийн тэмцээн болж өнгөрлөө. Мөн энэ удаагийн лигийн тоглолт эхлэх мөчөөс дуусах хүртлээ Спортын төв ордонд болсон. Энэ нь маш талархууштай зүйл болсон юм.
Баг, тамирчдын хувьд сэтгэгдэл өндөр байна. Манай баг энэ жил 2-3 тамирчин сольж, харьцангуй шинэ бүрэлдэхүүнтэй байлаа. Энэ жил аваргын цомоо хамгаалах зорилготой тэмцээнд оролцсон. Ингээд аваргын төлөө дахин тоглож, мөнгөн медаль хүртлээ. Үүндээ нэг их харамсахгүй байна. Аваргын төлөө дахин тоглохоор гарч ирсэн нь ч бас том амжилт юм шүү дээ.
-Тэмцээний хаалтын үеэр танд “Олон улсын хэмжээний мастер” цол олголоо. Энэ шагналыг хэрхэн хүлээн авсан бэ?
-Үүнд мэдээж маш их баяртай байгаа. Түүнчлэн намайг зарлаж байх үед заалд байх хүн бүр дэмжиж, баяр хүргэж байсан нь их урам өгсөн. Цаашид спортоор өндөр амжилт гаргах, олон улсын түвшинд өөрийгөө таниулах мөн хүүхэд залууст спортын соёлыг түгээж, дэлгэрүүлэх хүслийг улам өдөөж өгсөн шагнал боллоо.
-Волейболоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ. Анх хэрхэн хичээллэхээр болж байсан бэ?
-Би волейболын спортоор зургадугаар ангиасаа хичээллэж эхэлсэн. Хичээллээд 15 жил болж байна. Анх бага байхдаа бусад хүүхдийн л адил спортод сонирхолтой хүүхэд байлаа. Ингээд аль нэг дугуйланд орохоо мэдэхгүй шийдэж ядаж байгаад шууд л волейболд бүртгүүлчихсэн. Дуртай эсэхээ ч мэдэхгүй байсан. Харин яваандаа бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцон амжилт гаргаж, баг хамт олонтойгоо байсаар дурлаж, цаашлаад энэ спортод хайртай болсон. Дуртай болохоороо хүртэл тууштай хичээллэж байна.
Миний анхны багш, дасгалжуулагч бол ОУХМ Д.Солонго. Багштайгаа одоог хүртэл хамт байж, багаа удирдаад явж байна. Багш маань тамирчнаа шинжих, ойлгох, зөвлөгөө өгөх талдаа чадварлаг. Мөн спорт ч гэлтгүй бүхий л зүйлсэд бидэнд үлгэр дуурайл болон явдаг даа.
-Тоглолтын үеэр багтаа ямар нөлөө үзүүлэхийг зорьдог вэ. Мөн тамирчдадаа ихэвчлэн юуг зөвлөж, сэтгэл зүйг нь дэмждэг вэ?
-Тоглолтын үеэр баг хожиход юу хийх шаардлагатай, яавал, ямар тактик хэрэглэвэл эсрэг багаа ялах вэ гэх бодол байнга эргэлдэнэ. Эсрэг багтаа төвлөрөхөөс гадна багийнхнаа ажиглана. Гэхдээ мэдээж тоглолт бүр хожил, хожигдолтой. Энэ үед л багийнхаа тоглогчдын сэтгэл зүйг хэрхэн дэмжих, сэргээх тухай бодно. Алдаа гаргасан тоглогчоо байнга загнаад байвал тоглолт нь гарчихдаг сул талтай. Иймд багийн ахлагч хүн хэнд юу хэлэх, ямар үед яах ёстойгоо сайн мэдэж байх хэрэгтэй. Манай багийн хувьд хамтран тоглоод олон жил болсон хүмүүс байдаг учир бараг л харцаараа ойлголцчихдог. Бие биенээ сайн мэдэрч тоглодог давуу талтай.
-Спортоор хичээллэн явахад шантрах үе гарч байсан уу. Хүнд хэцүү үеэ хэрхэн давдаг вэ?
-Өмнө хэлсэнчлэн хожил, хожигдол гэх зүйл спортод байнга тохиолдоно. Шинэхэн багийн ахлагч болоод ийм зүйлтэй их таарсан. Тухайн үед “Би энд ингэж байхаар өөр сайн багт ороод тоглож явах минь яав даа” ч гэж бодогдоно. Гэхдээ энэ бол тухайн үед зурвас хийсэн бодол байсан. Би хэзээ ч шантраагүй. Энэ бодлоо цааш нь түлхэж, хожно, бүтнэ гэх сэтгэл зүйгээр өдийг хүрсэн. Үүний үр дүн нь мэдээж гарч байна.
Баг хожигдсоны дараа дүгнэлтэд хүрдэг. Тухайн дүгнэлтээ бүгд ухамсарлаж, ойлгож бэлтгэлээ хийнэ. Үүний дараа бэлтгэлээ хийнэ. Багш, дасгалжуулагчид ч зөвлөнө. Харин сүүлд нь өмнө хожигдож байсан багтайгаа дахин таарч хожил авна. Энэ мөч маш гоё. Баг хамт олноороо алдаан дээрээ ажиллаж, бэлтгэл хийж ялна гэдэг гайхалтай зүйл. Хожсон ч хожигдсон ч бид багаараа хамтдаа байдаг. Энэ спортын өөр нэг чухал зүйл нь миний гэр бүлээс тусдаа дахин өөр нэг гэр бүлийг бий болгосон явдал юм.
-Тоглолтын өмнө таны хамгийн их хийдэг зүйлс юу вэ. Мөн таны хамгийн том дэмжигч хэн бэ?
-Нэг их зуршил болж байнга хийгээд байдаг зүйлс байдаггүй. Ерөнхийдөө дуу сонсож, төвлөрдөг. Миний хамгийн том дэмжигч гэвэл гэр бүлийнхэн юм. Аав, ээж, эхнэр, хүүхдүүд сайн дэмждэг. Анх волейболын спортоор хичээллэхэд аав, ээж дургүй байсан. Харин одоо бол эсрэгээрээ маш сайн дэмждэг болсон. Лигийн тоглолт бүрийг алгасалгүй үзэж, хүүгээ дэмждэг. Аав ээжийнхээ бодлыг өөрчилж, спортод дуртай болгосондоо баяртай явдаг.
Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Манайхан ч намайг сайн дэмжинэ. Тамирчин хүн л хойно тэмцээн, уралдаанд их оролцоно. Гэртээ байхаас байхгүй байх нь их. Харин энэ үед эхнэр сайн ойлгож, дэмжиж өгдөг. Тэмцээн, уралдаанд санаа зовох зүйлгүй оруулдаг. Манай хүүхдүүдэд миний өмсгөлтэй цамц байдаг. Тоглолтын үед хүүхдүүд “Аав аа хожоорой, сайн тоглоорой” гэнэ. Заримдаа ч би хожигдчихно. Ингэхээр “Яагаад хожигдчихов, юу болчихов” гэж уурладаг. Бараг л байнга л хождог шиг л боддог доо /инээв /.
-Волейболын шигшээ багт хэдэн онд дуудагдаж, тоглож эхэлсэн бэ. Анх тоглож эхлэх үедээ ямар зорилготой байсан?
-Шигшээ багт 2013 онд дуудагдаж, тоглож эхэлсэн. Үүнээс хойш олон тэмцээнд оролцлоо. Анх волейболоор хичээллэж байх үед шигшээ багийн тамирчин болно гэх сэтгэл зүйтэй байгаагүй. Харин яваандаа шигшээ багийн тамирчин больё гэж зорьж бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийсэн. Волейболоор суралцаж эхэлснээс хойш багийн ахлагч, шигшээ багийн тамирчин болох хүртэл бэлтгэл сургуулилт хүчтэй нөлөөлж, суурь болж өгсөн. Бэлтгэлийн үр дүнгээр л сайжирсан юм. Зогсолтгүй бэлтгэлээ хийж, аливаа юмны цаадахыг нь зорьж яваа хүн ямар ч амжилтад хүрч чадна гэж боддог.
Манай шигшээ баг Зүүн Азийн тэмцээнээс одоог хүртэл медаль авч амжаагүй явж байна. Дуудагдсан цагаас эхлэн энэ медалийг эх орондоо авч ирье гэх бодолтой одоог хүртэл дотор минь бий. Саяхны Үндэсний лигийн тэмцээнд үзэгчид, тамирчид ч волейболын шинэ үеийн төлөөлөл, эрин үе гарч ирж байгааг харсан байх. Манай тамирчид ур чадвар сайтай ч бусад орны тамирчдыг бодвол нуруу нам байсан. Харин одоогийн залуу тамирчид нуруу өндөр, гадаадын тоглогчдоос дутахааргүй болсон байна. Иймд олон улсад амжилт гаргахад нэг их удахгүй болов уу гэж харж байна.
-Волейболын спортыг олон залуус хичээллэн, сонирхох болжээ. Та анхлан суралцаж байгаа хүүхэд багачуудад зөвлөгөө өгнө үү. Юунд сайн анхаарах хэрэгтэй вэ?
-Анх гаднаас нь харахад маш гоё спорт. Харин дотор нь орж суралцах явцад хүнд хэцүү техниктэй. Удаан сурах спорт. Иймд залуустаа хандаж хэлэхэд бүү шантраарай. Нэг л эвээ олчихвол хурдан тоглож, сайжраад явах спорт. Гол нь тууштай байдал бэлтгэл сургуулилт чухал.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-"Хасу Мегаватт MGL” баг клубийн түвшинд олон улсын стандарттай, шинж чанартай болохыг зорьж байна. Үүнд гар бие оролцох болно. Мөн Азийн элсний, заалны төрлийн тэмцээнээс медаль авах зорилготой. Үүнд анхаарч бэлтгэлээ хийж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.