Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат, “Монгол Улсын хэмжээнд их дээд сургуульд элсэгчдийн сурах чадвар, мэдлэгийн төвшинг тогтоох зорилготой ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 09.00 цагт эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дууссан тохиолдолд хугацаа болон цаг сунгахгүй , нэмэлт бүртгэл хийхгүй” хэмээлээ.
2018 онд ЭЕШ-ын журамд дараахь өөрчлөлтүүд орсон. Үүнд:
-Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон.
-Шалгуулагч Мобиком компанийн “Cаndy”-г ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой
-Шалгуулагч бүртгүүлэхдээ оруулсан зургаа урьдчилж харах боломжтой
Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана. Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны төвшнийг тогтоох,сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна.
• Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
• Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хас банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл\ cаndy-гээр төлөх бол нэг cаndy = нэг төгрөгтэй тэнцэнэ
• И-мэйл хаяг \ Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ\
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны \ esis.edu.mn \ боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай.
МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вэб сайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмж орно.
Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2018 оны тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
Шалгалтад орохдоо шалгуулагчид дараахь материалыг бүрдүүлсэн байна
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
- Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2018 оны долоодугаар дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана. Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.