Open iToim app
Таны сонорт | 7 мин уншина

Б.Галсанжамц: Арваннэгдүгээр сараас гүйцэж түрүүлэхийг хэд хэдэн байршилд хориглоно

Б.Галсанжамц: Арваннэгдүгээр сараас гүйцэж түрүүлэхийг хэд хэдэн байршилд хориглоно
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 16
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталж, мөн оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн гол өөрчлөлтүүдийн талаар Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галсанжамцаас тодрууллаа.
-Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэх  гол шалтгаан нь юу байсан бэ. Шинэчилсэн дүрэмд ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-Хамгийн анх 1925 онд замын хөдөлгөөний дүрэмтэй төстэй хэм хэмжээний акт гарч байснаас хойш нийтдээ 12 дахь удаагаа шинэчлэн найруулж батлагдлаа. Одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэм нь 2004 онд Засгийн газрын 74–р тогтоолоор батлагдаж байсан. Үүнээс хойш 14 жилийн дараа дахин шинэчлэгдэж, энэ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих гэж байна.
Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэх хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, Монгол Улсын нэгдэн орсон замын хөдөлгөөний тухай олон улсын гэрээ хэлэлцээр буюу Венийн конвенцид тодорхой өөрчлөлтүүд орсныг манай улс дүрэмдээ тусгах үүрэгтэй. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулж, баталсан. Энэ хуульд Замын хөдөлгөөний дүрмийг бүрэн нийцүүлэх шаардлагатай. Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой олон дүрэм шинэчлэгдсэн. Үүнийг Замын хөдөлгөөний дүрэмд тусгаж хэм хэмжээний акт болгох шаардлагатай.
Түүнчлэн манай улсад тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, 2017 оны байдлаар 900 мянган тээврийн хэрэгсэлтэй болсон. Үүнтэй холбоотойгоор олон сөрөг үр дагаврууд гарч байгаа. Зөвхөн нас барралтыг авч үзэхэд жилдээ 500 хүн, үүнээс 50 гаруй хүүхэд зам тээврийн ослоор нас барж байгаа болон түгжрэл саатал зэрэг нийгэмд тулгамдсан олон асуудал үүсч байгаа юм. Эдгээр асуудлыг замын хөдөлгөөний дүрмээр зохицуулах шаардлагатай байсан.
Одоо мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний дүрэм нь 23 бүлэг, 164 зүйл заалт, гурван хавсралттай. Харин шинэчилсэн дүрэм нь 27 бүлэг 224 зүйл заалт, дөрвөн хавсралттай болж өргөжсөн байгаа.
-Замын хөдөлгөөний дүрэмд орсон гол, гол өөрчлөлтүүдийг тайлбарлаж өгөхгүй юү?
-Замын хөдөлгөөнд оролцогч, жолооч нарт хамааралтай нийтлэг заалтуудаас дурдвал, Автобус, автомашин, байр эзлэх, гүйцэж түрүүлэх, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс зэрэг өмнө нь дүрэмд байгаагүй нэр томьёог шинээр тусгасан. 
  • Мөн механикжсан тээврийн хэрэгслийн ангиллыг дэд ангилалтай болгосон. Одоогоор “A,B,C,D,Е, механизм” гэсэн ангилал байгаа бол шинэ дүрмээр “A,B,C,D,E,M (механизм)” үндсэн ангиллаас гадна “C1, D1, С1Е, D1Е” гэсэн дэд ангилалуудтай болсон. Тухайлбал, C1 ангилал нь 3,5-7,5 тн бүх жинтэй ачааны автомашин жолоодож болно. Үндсэн С ангилалтай жолооч С болон С1 дэд ангиллын тээврийн хэрэгслийг жолоодож болно, харин С1 дэд ангилалтай жолооч С ангилалын ангиллын тээврийн хэрэгслийг жолоодож болохгүй. Энэхүү дэд ангилал гарсантай холбоотойгоор өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэх солигдохгүй. Харин дараа шинээр жолооны үнэмлэх авах хүмүүст сонголт гарч ирж байгаа гэсэн үг юм.
  • Тусгай дуут дохио ашилах тээврийн хэрэгсэл гэсэн шинэ бүлэг үүсгэсэн. Тусгай дуут болон гэрлэн дохио буюу улаан, хөх, хөх-улаан, ногоон, гэрлэн дохиог цагдаа, онцгой байдал, эмнэлэг, төрийн тусгай хамгаалалт зэрэг байгууллагын шуурхай ажлын тээврийн хэрэгсэл дуут дохиотой нь хамт хэрэглэж байж давуу эрх эдэлнэ. Шар гэрлэн дохио ашиглавал дуут дохио давхар ашиглахгүй, давуу эрхгүй ч шаардлагатай тохиолдолд зарим тэмдэг тэмдэглэгээг мөрдөхгүй байж болох зохицуулалтай.
  • Мөн чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал буюу автобусны буудал дээр авто машинууд өдрийн цагаар буюу өглөөний 06-22 цагийн хооронд түр зогсохыг бүрэн хориглосон. Харин 22-06 цагийн хооронд зөвхөн хүн буулгаж, суулгахын тулд зогсож болно.
  • Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ гэдэг шинэ ойлголттой болсон. Уг эгнээ рүү чиглэлийн автобуснаас бусад тээврийн хэрэгсэл орохгүй байх ёстой. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний жолоодож яваа тээврийн хэрэгсэл, сургуулийн автобус, тусгай дуут дохиотой тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээний машин зэрэг зарим тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдөнө.
  • Жолооч одоогийн мөрдөгдөж буй хуулиар жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шаардлагатай үед ачааны бичиг баримт авч явах ёстой. Харин шинэ дүрмээр эдгээр бичиг баримт дээр жолоочийн даатгалын баталгаа авч явах ёстой. Ингэснээр зам тээврийн осол хэргийн үед заавал цагдаа дуудахгүй даатгалаар гомдлоо барагдуулах эрх нь үүсч байгаа юм. Мөн “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” тээврийн хэрэгсэл жолоодох гэж байгаа бол нотлох баримтаа авч явах шаардлагатай.
  • Явган зорчигч харанхуй үед буюу үзэгдэх орчин харагдахгүй үед зорчих хэсгийн хөвөө буюу тээврийн хэрэгсэл зорчдог хэсгээр явахдаа тод буюу гэгээлэг өнгийн хувцастай явбал зохистой болохыг зөвлөсөн.
  • Зохицуулагчийн дохио нь Венийн конвенцид заасантай нийцүүлэн гараар дохиж болох зохицуулалт орсон.  
  • Эгнээг тэмдэглэсэн тэмдэглэлтэй замын зорчих хэсгээр тээврийн хэрэгсэл эгнээгээ голлож явна. Аль нэг хэсэг рүү шахаж явахгүй гэсэн үг. Харин хоёр дугуйт мотоцикль нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэж явж болно.
  • Автобусны жолооч буюу чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч зорчигч буулгаж, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлагад 0,5 метрээс илүүгүй байдлаар шахаж зогсох ёстой. Энэ үед зорчигчид хашлагын гадна талд хүлээх ёстой.
  • Мөн тээврийн хэрэгсэлд 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхиж явахыг хориглож байгаа.
  • Зорчигчийг ачааны авто машины зориулалтын суудал дээр, мөн суудлын автомашин, автобус зэрэг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Харин Батлан хамгаалах, хууль сахиулах, хил хамгаалах, онцгой байдлын зэрэг байгууллагууд өөрийн дотоодын хэрэгцээнд ачааны авто машиныг хүн тээвэрлэх зориулалтаар тоноглож, тэвшин дээр нь тээвэрлэж болно. Зорчигчийг суурин газрын дотор чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглож байгаа юм. Мөн ачааны авто машины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөд нь зориулсан нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгслийг ашиглана. Харин уг хүүхэд 140 см дээш өндөртэй бол суудлын бүс зүүлгэж, арын суудалд суулгаж болно.
  • Тээврийн хэрэгслийн техникийн тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх дүрэмд 12 насанд хүрээгүй хүүхдийг өвөр дээрээ суулгаад авч явдаг байсан бол шинэ дүрмээр энэ зохицуулалт хасагдсан. Заавал суудал дээр сууж явах ёстой. 
  • Харин суурингийн дотор талд таксины арын суудалд дээр хүүхэд өвөр дээрээ авч, тээвэрлэж болно.
  • Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар 14 дээш насны хүүхэд унадаг дугуй унаж болох зохицуулалттай байгаа.  Харин шинэчилсэн дүрмээр 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний замаар, 10-14  хүртэлх насны хүүхэд явган хүний замаар буюу унадаг дугуйн замаар унаад явж болно. 14-өөс дээш насны хүүхэд, насанд хүрэгсэд унадаг дугуйгаар зорчих хэсгээр явж болно. Унадаг дугуйгаар зорчихдоо зөвхөн баруун гар талаар явна. Явган хүний замаар унадаг дугуйгаар явахад хүндрэлтэй байвал замын хөвөөгөөр буюу авто машин зорчих хэсгийн захаар явж болно. Унадаг дугуйгаар явган хүний зам дээр явахад явган хүний хөдөлгөөн их байвал дугуйгаа хөтлөөд явна.
  • Хөдөлгөөнд оролцогчоос бусад хуулийн этгээдэд хэд хэдэн үүрэг нэмэгдэж орсон. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурч, мансуурсан хүнийг ганцааранг нь явуулахгүй байх, техникийн стандарт шаардлага хангахгүй, үзлэгт хамрагдаагүй авто машиныг ашиглахгүй байх, хөдөлмөр амралтын горим зөрчсөн буюу хэт ядарсан хүнээр жолоо бариулахгүй байх, даатгалд даатгуулсан байх зэрэг хөдөлгөөнд оролцохгүй иргэн, байгууллагад үүргийг өгч байгаа юм.
  • Харин замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэдэгт орон сууц хороолол, барилга байгууламжийн дотор замыг хэлнэ. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төвийн хашаан дотор жолооч хорооллын дотор явах дүрмийг баримтална. Тухайн орчинд 20 км цагаас дээш хурдтайгаар явахыг зөвшөөрөхгүй, явган зорчигчид зам тавьж өгөх ёстой гэх мэт заалтыг мөрдөнө гэсэн үг.
-Хүүхдээ буруу тээвэрлэсэнтэй холбоотойгоор хүүхдийн амь нас хамгийн их эрсэддэг. Тэгэхээр хүүхэд буруу тээвэрлэсэн тохиолдолд эцэг, эх ямар хариуцлага хүлээх юм бэ?
-Зөрчлийн тухай хуулиараа 50 мянган төгрөгийн торгууль оногдуулах хуулийн зохицуулалттай. Эцэг, эхчүүд хүүхэд уйлах нь аюултай юу, хүүхэд нь юм мөргөх нь илүү аюултай юу гэдгийг бодох хэрэгтэй.
-Орон нутгийн замд иргэд гүйцэж түрүүлэх асуудал байдаг. Үүнтэй холбоотойгоор осол гэмтэл маш ихээр гардаг. Энэ тал дээр  ямар өөрчлөлт гарсан бэ?
-Гүйцэж түрүүлэх гэдэг ойлголтыг салгасан.  Жолооч өөрийн эгнээнээсээ гарч, өмнө явж байгаа машинуудын өмнө гарахыг гүйцэж түрүүлэх гэж байгаа юм. Сөрөг хөдөлгөөнтэй 2 буюу 3 эгнээ зам дээр гүйцэж түрүүлэх ойлголт яригдана. Гүйцэж түрүүлэхийг хэд хэдэн байршилд нөхцөл, газраар нь хориглож байгаа. Тухайлбал, гүйцэх тохиолдлыг урдаа явж байгаа машин дохио өгсөн талаар гүйцэхийг хориглоно. Харин гүйцэж түрүүлэхийн хувьд өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд аюул саад учруулах, урд яваа тээврийн хэрэгсэл саадыг тойрох буюу гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаа, урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэх дохио өгч байгаа үед, ард яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдлээ эхэлсэн тохиолдолд гүйцэж түрүүлж болохгүй. Мөн уулзвар болон явган хүний гарц, хороолол болон сургууль ормын бүсэд гүйцэж түрүүлж болохгүй. Төмөр замын гарамд ойр зайд, гүүрийн дээр болон доор, хонгил дотор, замын төгсгөлд гүйцэж түрүүлэхийг хориглосон.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн