Open iToim app
Таны сонорт | 4 мин уншина

Танилц, Баянхонгор аймгийн хамгийн алдартай гурван рашаан

Танилц, Баянхонгор аймгийн хамгийн алдартай гурван рашаан
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 17
Баяр наадмын өдрүүдтэй зэрэгцэн ээлжийн амралтаа авч, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Монголчууд зундаа цагаан идээгээ идэж, рашаан усанд орж дархлаагаа дэмжинэ гэж ярьдаг ард түмэн. Зун ч рашаан сувилалд амрах иргэдийн хөдөлгөөн их байдаг. Иргэдийн амралт зугаалгад зориулж Баянхонгор аймагт байрлах хүний биед ихээхэн ач тустай рашаан сувиллын мэдээллийг хүргэж байна.
1. Уламжлалт эмчилгээ, эд эрхтэний рашаанаараа алдарт Шаргалжуут сувилал
 
undefined
Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайд оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм. Ходоод гэдэс, бөөр, зүрх гээд хүний бүх эд эрхтэнд тустай рашаан бий.
Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй.
Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой ажээ. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй  юм байна.
Холбоо барих утас: 70003034, 70003032, 95829918
2. Ходоод, элэг, цөсөнд хамгийн сайн Өхэгийн рашаан
undefined
Өхэгийн рашаан сувилалын газар нь Баянхонгор аймгийн Галуут сумын I багийн нутагт Хангайн нуруунд Улаанбаатар хотоос 740 км, Баянхонгор аймгаас 110 км, Галуут сумын төвөөс 27 км зайд байрладаг. Уг рашаан нь галт уулийн тагтийг хөрч царцах явцад бий болж газрын гүнээс хөрсний гадаргуу дээр гарч ирэх хүртэл төрөл бүрийн чулуулгын ан цав жижиг нүх сүвээр дээшлэн олон төрлийн эрдэслэг бодис агуулсан анагаах хосгүй чанартай 20 гаруй төрлийн халуун хүйтэн рашаантай. Рашааны халуун нь 38с- 78с хэм.
Рашааны найрлагад кали, натри, сульфат, гидрокарбинат, хүхэр, устөрөгч, кальци, магни зэрэг 10 гаруй химийн элемэнтүүдтэй. Рашааныг ходоод, элэг, цөс, уушиг, зүрхний өвчинд хүртдэг. Мөн нүд, бүх төрлийн харшил, үе мөчний өвчин, арьсны харшилд бигнэж тавьдаг улаан, шар, ногоон замагтай.
Амралтын газар нь Өхэгийн рашааныг түшиглэн байгуулагдаж, 22 өрөө, 55 ортой нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авч, ая тухтай цэвэр орчинд, амт чанартай хоол хүнс, айраг саам, сүү цагаан идээгээр үйлчилж амраадаг. Амралтын газар нь эргэн тойрондоо уул ус, тод, бүхий л төрлийн ховор эмийн ургамал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газруудтай.
Утас: 99311112, 98117112, 88242468
3. Хоолойн өвчнийг бүрэн анагаах Өргөөтийн хүйтэн рашаан
 
undefined
Баянхонгор аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 гаруй км-ийн зайтай Өргөөтийн рашаан байрладаг. Өргөөтийн рашаан нь Галуут сумаас 35 км зайд Мандал бригадын нутагт Өргөөтийн голын зүүн эрэг дээр эргэн тойрон уулсаар хүрээлэгдэн оршино. Уг рашааныг нутгийн иргэд болон Улаанбаатар хотоос олон иргэн зорин очдог бөгөөд хоолойн өвчнийг хамгийн сайн анагаах домтой өвөрмөц тогтоцтой хүйтэн чанарын рашаан юм. Тэсгэм хүйтэн рашааныг өдөрт гурван удаа 10-20 минут туулснаар өвлийн улиралд ханиад томуу, хоолой өвддөггүй гэж нутгийнхан ярьдаг. Ялангуяа гурван жил дараалан Өргөөтийн хүйтэн рашааныг туулбал хоолойн өвчин бүрэн эдгэрдэг гэлцдэг. Иргэд хамгийн багадаа гурван хоногоор Өргөөтийн рашааны ойролцоо суурьшиж, уг рашааныг туулж, дархлаа тогтоож авна гэж ярьдаг. Буцахдаа элстэй нуураар орж, хүйтэнд рашаанд туулснаа хатаадаг уламжлалтай ажээ.
Энэхүү хүйтэн рашаан нь хоолой, нүд, үе мөчний өвчинд маш сайн аж. Мөн ходоод, бөөр, нүдний рашаантай.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн