УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Түүнээс сэтгүүлч АН-ын гишүүн байгаа эсэх, намдаа буцаж орох бодолтой байгааг нь асуухад:
Тэрээр “Би АН-аасаа гараагүй, намайг АН-ын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг тухайн үед нам удирдаж байсан хүмүүс гаргасан. Би үүнийгээ буцаж залруулах байх гэж бодож байгаа. Учир нь манай намын олон гишүүн намайг намдаа ороочээ гэж хэлж байгаа. Буруу зөрүү шийдвэр гаргасан хүмүүс шийдвэрээ залруулах байх гэж найдаж байгаа. Би их сургуулийн багш байхдаа АН-д их бардангуй тэмүүлэлтэй орсон. Энэ тэмүүлэл маань буураагүй. Явцын дунд гажуудал их гарсан. Энэ гажуудлыг зөвхөн АН гаргасан уу гэвэл, тийм биш. Олон мянган гишүүн, дэмжигчдийн туг, лидер гэж харж байсан хүмүүсийн алдаа завхралаас болж ийм байдалд байгаа. Гэхдээ гишүүд болон дэмжигчдийн ардчиллыг гэсэн тэмүүүлэх дуусаагүй гэдэгт итгэлтэй байна. Ард түмэн сая орон нутгийн сонгуулиар дүнгээ тавьж харуулсан. АН-ыг өөр бусад улс төрийн хүчнүүдтэй харьцуулаад хэрэггүй дээ.
Сэтгүүлч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АН-д элссэнийг хэрхэн харж байгаа, мөн Ч.Сайханбилэг захидал бичихдээ таныг андуудаасаа урвасан учраас нам ч үгүй, найз нөхөдгүй болсон зэргээр хатуу үг дайсан байсан. Энд ямар хариулт өгөхийг нь асуусан юм.
Тэрээр "Улс орныг дампууруулж, Монгол орны ирээдүйг балласан хүний нэг нь гарцаагүй Ц.Элбэгдорж шүү. Би хэн нэгэн хүнтэй сөргөлддөг хүн биш. Би үнэт зүйлийнхээ төлөө бол алалцдаг хүн. Ч.Сайханбилэгийн хувьд захидал бичиж суухаар Монголдоо хүрээд ирсэн дээр дээ. Би эх орноосоо л урвадаггүй хүн. Анд нөхдийн харилцаа анд нөхдийнх. Эх орноо худалдахыг дэмжихгүй, чадахгүй. Надаас хүмүүс "чи Сайханбилэгтэй найз нөхдөөрөө үлдэх юм уу, эсвэл эх орон үр хүүхдийнхээ төлөө байх юм уу" гэж асуувал би эх орон, ард түмэн үр хүүхдийнхээ төлөө зогсоно. Би энэ л байр суурийг барьж өнөөдрийг хүртэл явж байгаа. Энэ байр суурин дээр байхад зарим нь явж, зарим нь ирж байдаг. Амьдрал их баян шүү. Найз нөхдийн асуудал бол өөр. Эх орны асуудал үндсэн язгуур эрх ашиг шүү ” гэлээ.
Сэтгүүлч "Та АН-ын гишүүн хэвээрээ байгаа гэлээ. Ирэх сард болох их хуралд нь оролцох уу, та АН-ын даргад нээрээ дэвшүүлэх үү. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас нэр дэвших боломжтой гэж та үзэж байна уу" гэж асуухад:
Тэрээр "АН-аас би өөрөө гараагүй, зүгээр л хассан бичиг өгсөн. Хассан бичгээ хүчингүй болговол би хуралдаа ч орно. АН-ын гишүүд намайг дэмжиж байвал би юу ч хийсэн болно. Би АН-д олон жил ажилласан хүн шүү. Амьдрал бол уналт, босолт юм шүү дээ. Ялагдахад нь хариуцлагыг нь хүлээгээд, ялахад нь баярлаад л явсан. Олон юман дундуур явсан. Би үзэл бодол, зарчим, үнэт зүйлдээ үнэнч байгаа учраас нэг хэсэг хэлмэгдэж хүндэрсэн. Одоо арай зөөлөрсөн юм болов уу" гэсэн юм.

Сэтгүүлч Монголын улс төр дэх шударга бусын хонгил нурсан уу, та энэ хонгилыг нураахын тулд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хамтарна гэж байсан. Энэ үүргээ хэрхэн биелүүлж ажиллаж байгааг асуухад тэрээр “УИХ-д би зүгээр сууя гээгүй. Гурван чиглэлд зөв зүйл хийж байгаа хэнтэй нь ч хамтарна. Эрх баригч МАН нь байна уу, Ерөнхийлөгч нь байна уу хамаагүй хамтарна. Нэг нь, шударга бусын хонгилыг нураах чиглэлд хамтраад ажиллаж байна. Үүнийг хүрз жоотуугаар нураачихгүй. Хууль тогтоомжийг боловсронгуй болгож, нийгэмд шударга ёсыг тогтоож, гэм буруутай хүмүүс нь хариуцлага хүлээдэг болох чиглэлээр хамтарч ажиллаж байна. Шүүхийн тухай том хуулийг УИХ хэлэлцэж байгаа шүү дээ. Энэ хуулийн ажил хэсэгт орохоо мэдэгдэхэд намайг оруулсан. Шүүх хэн нэгэн улстөрчөөс хараат бус болгох, шүүгчид шударга ажиллаж үнэн зөв шийдвэр гаргадаг байх чиглэлд хамтраад ажиллаж байна. Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2017 онд Ерөнхийлөгчөө сонгоход Монгол Улсын цаг агаар их бүрхэг байсан. Битүү үүлтэй, ойр хавын юм юу ч харагддаггүй, манан будан их байсан. Өнөөдөр манан будан бага зэрэг сарьниж байгаа. Гэхдээ бүрэн арилсан, дууссан гэж хэлэхгүй. Шударга бусын хонголын толгойг нь сольсон ч их биед нь хуримтлагдсан юм их байх шиг байна. Хийх ажил олон байна, гэм буруутай хүмүүс хариуцлагаа хүлээдэг, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг байдал ямар нэг хэмжээгээр багасаж байна. Тухайн цагт шүүхэд ажиллаж байгаа зарим шүүгч нь хонгилын гишүүн болсноор маш их хэмжээний завхрал гарч, шүүгчид нь авлига хээл хахуульд автсан. Тиймээс Аюулгүйн зөвлөлийн гишүүд нийлж байгаа шүүгчийг томилох шийдвэр гаргасан. Энэ бол он удаан жил мөрдөх зүйл биш. Энэ нь дахиад л гурван улстөрчийн хараат шүүх болно. Одоо Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд Шүүхийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, гурван хүний шийдвэрийг шүүгчийг томилдог зөвлөмжийг алга болгож, хараат байх институтийг байгуулна. Би үүнийг дэмжээд, хамтраад явна” гэлээ.