Open iToim app
Анализ | 4 мин уншина

Долларын ханшийн өсөлтөд нөлөөлж буй ГУРВАН хүчин зүйл

Долларын ханшийн өсөлтөд нөлөөлж буй ГУРВАН хүчин зүйл
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 21
Америк долларын ханш сүүлийн тав хоногт 30 орчим төгрөгөөр өслөө. Өнөөдөр Монголбанкны зарласан албан ханш 2515 төгрөгтэй тэнцэж байна. Харин хар зах буюу “Найман шарга” валютын зах дээр ам.долларын ханш 2522-2525 төгрөг байна. Долларын ханшийн өсөлтөд ямар хүчин зүйл нөлөөлж  байгаад тайлбар хайя.
Монголбанкны зүгээс зах зээлд ам.долларын ханш огцом өсөх, валют хомсдох нөхцөл байдал үүсээгүй, дунд болон урт хугацаанд ам.долларын ханш тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа аж. Харин богино хугацаанд ам.долларын ханшийн өсөлтөд гурван хүчин зүйл нөлөөлж байна гэж тайлбарлалаа. Долларын ханш эрэлт, нийлүүлэлтээс л хамаарна. Өнгөрсөн саруудад ам.долларын эрэлт талдаа нэлээд өөрчлөлт гарчээ. 
Нэг. Эдийн засгийн идэвхжлээс хамааран долларын эрэлт өсчээ
Манай улсын эдийн засаг 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өсөөд байна. Эдийн засгийн идэвхжлийг дагаж  импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувиар өсчээ. Ялангуяа, уул уурхай, барилгын салбарын тоног төхөөрөмжийн импорт өссөн байна. Өөрөөр хэлбэл, манай улсын гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ өсөхийн хэрээр ам.долларын гадагшлах урсгал нэмэгдсэн байна.
Хоёр. Гадаад өр, төлбөр барагдуулахад Монголоос их хэмжээний доллар гарчээ
Монгол Улс 2018 он гарсаар гадаад өр, төлбөрт нэлээд их хэмжээний санхүүжилт хийсэн байна. Зөвхөн Засгийн газрын баталгаатай босгосон бондын эргэн төлөлтөд 270 сая ам.доллар төлжээ. Тухайлбал, Чингис бондын эхний 500 сая ам.долларын үлдэгдэлд 125, Дим Сам бондын 145 сая ам.долларын өр төлбөрийг хөрөнгө оруулагчдад нь шилжүүлжээ. Үүнээс гадна, төрийн өмчит аж ахуйн нэгж, арилжааны банкууд гадаад өр, төлбөр барагдуулж, Монголоос доллар гарсан байна. Энэ нь ам.долларын эрэлт талдаа том нөлөө болсон байна. Өөрөөр хэлбэл, оны эхний хагаст зөвхөн бондын өр төлбөрт манай улсаас 300 орчим ам.доллар гарчээ.
Гурав. Гадаад орчны тодорхойгүй байдал нөлөөлж байна
Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны сөргөлдөөнөөс үүдэн ам.долларын ханш чангарч байна. Үүнээс гадна АНУ-ын Төв банк  2018 он гарсаар бодлогын хүүгээ 7 удаа өсгөж, хоёр хувьд хүргэсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлт болжээ. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан америк долларын ханш бусад валютын эсрэг 3-50 хүртэлх хувиар чангараад байна. Манай улсад дээр дурдсан хүчин зүйл нь шууд нөлөөлөхгүй ч, шууд бус дам нөлөө байгаа аж. Дэлхийн 170 гаруй орноос 52 орны мөнгөн дэвсгэр нь ам.долларын эсрэг суларсан байна. Тухайлбал, ам.долларын эсрэг Туркийн лира зургадугаар сард л гэхэд 38 хувь, пессо 50 хувь, рубль 15 хувь, юань 8, вон 5 хувь суларсан. Харин манай улсын хувьд урсгал данс алдагдалтай, импорт нэмэгдсэн, гадаад зээлийн эргэн төлөлт зэргийг аваад үзэхэд төгрөг ам.долларын эсрэг 3.4 хувь суларсан нь бусад улстай харьцуулахад муу үзүүлэлт биш гэж Монголбанкны удирдлагууд үзэж байна.
Цаашид долларын ханш өсөх үү
Ирэх сарууд болон 2020 он хүртэл гадаад өр төлбөрт их хэмжээний ам.доллар гадагшлахгүй учраас ханшийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж Монголбанк үзжээ. Хэрвээ гадаад зах зээл болон манай экспортын гол түүхий эдийн үнийн бууралтаас шалтгаалан ханшид савлагаа үүсвэл тухай бүрт нь бодлогын арга хэмжээ авахад бэлэн байгаа гэдгээ ч мэдэгдсэн.
Нөгөө талд ам.долларын нийлүүлэлт талдаа эерэг өөрчлөлтүүд гарч байгаа аж. Тухайлбал, улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэж, 3 орчим ам.долларт хүрчээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 орчим хувиар нэмэгдэж, 1.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотойгоор оны эцэст хуваарьт санхүүжилт хийгдэх аж. Тухайлбал, Валютын сангаас 34 сая ам.доллар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас хуваарьт санхүүжилт хийх хүлээлттэй байна.
Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өндөр, экспортын орлого нэмэгдэж байгаа ч нөгөө талд манай улсын импортын гол бүтээгдэхүүн болох нефтийн үнэ өсч байна. Энэ он гарсаар нефтийн үнэ 20 хувиар өсч, цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа. Гэхдээ манай улсын экспортын гол эрдэс бүтээгдэхүүний үнэ, хэмжээ өсөлттэй байгаа учраас нефтийн үнэ болон зарим импортын барааны өсөлт нь ханшид нөлөөлөх магадлал бага гэж Монголбанк тооцоолж байна.
Түүнчлэн, Төв банкнаас дотоод дахь ам.долларын эрэлтийг сайруулах зорилгоор арилжааны банкуудын валютын зээл олгох шалгуурыг өндөрсгөхөөр болжээ. Тодруулбал, ямар нэгэн байдлаар валютын орлогогүй иргэн, ААН-д валютын зээл олгохгүй юм байна. Учир нь, гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж байна гэж үзсэн. Иймд иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлж, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр болжээ.
Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Арилжааны банк зээл олгохдоо тухайн зээл хүсэгч нь валютын орлогогүй бол эрсдэлтэй гэж үзнэ. Тухайн эрсдэлийг зээлдэгч ганцаараа хариуцах биш, банк өөрөө харьцах ёстой гэж үзээд эрсдэлийн хувь хэмжээг 150 хувь болгохоор шийдвэрлэсэн. Эрсдэлийн сан хэмжээг өндрөөр тогтоох нь банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой чухал заалт байгаа” гэв.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн