Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

ХҮН: Тэтгэврийн зээлийг тэглэх бус, тогтолцоог шинэчлэхийг шаардлаа

ХҮН: Тэтгэврийн зээлийг тэглэх бус, тогтолцоог шинэчлэхийг шаардлаа
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 8
Хөдөлмөрийн үндэсний нам ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг эсэргүүцэж, нийт ахмадуудын тэтгэврийг нэмэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаардаж байгаагаа мэдэгдлээ.  
Тодруулбал, “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Энэхүү шийдвэрийг өөрчилж, дараах богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг шаардаж байгаа мю байна. Үүнд,
Богино хугацаанд,
-Өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлж, сарын дундаж тэтгэврийг 750 мянган төгрөгт хүргэх, ифляциас хамаарсан зөрүү арилгах,
-Тараах мөнгөтэй юм бол Засгийн газар 2019 оны эхээр гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ногдол ашгийг нийт иргэддээ олгох,
Дунд, урт хугацаанд,
-Өндөр настнуудын ядуурлыг бууруулах зорилготой суурь тэтгэвэр, төрийн болон хувийн хэвшлийн удирдлагатай албан журмын хуримтлалын тогтолцоо, сайн дурын хуримтлалын тогтолцоо гэсэн гурван давхаргат өндөр насны тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх,
-Тэтгэврийн шинэчлэлийг хийхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос гаргах, үүнтэй уялдуулан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байна хэмээн ХҮН-аас үзэж байгаа аж.
ХҮН-ын дарга Б.Найдалаа “Тэтгэврийн зээл тэглэхийг МАН, АН, МАХН сайшаан дэмжээд зогсохгүй, хүн бүрт хоёр сая төгрөг тараах тухай ярьсан байна. Манай намаас ахмадуудаа дэмжихийг эсэргүүцэхгүй. Гэхдээ дэмжлэгийг мөнгө тараах маягаар өгдөггүй юм. Бид үүнийг эсэргүүцэж байгаа нь зарим ахмад зээлтэй, тэтгэвэр бага, зөрүү их байдаг. Зөрүүг арилгахын тулд 600 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй. Зээл тэглэхийн оронд зөрүүг арилгах нь иргэдэд чиглэсэн үйлчилгээ болох учраас тэтгэвэр тэглэх нь буруу гэж үзэж байна. Мөн энэхүү шийдвэр нь нэг удаа зээл тэглээд дахиж зээл өгөхгүй байлгах хүндхэн нөхцөлд ахмадуудыг оруулчихлаа. Үүний оронд тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай” гэв.
ХҮН-ын Хууль зүйн бодлого хариуцсан дарга Д.Үүрцайх “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг институц нь зөвлөмж гаргах эрх бүхий газар бөгөөд үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл хууль тогтоох бүрэн эрхэд халддаг, төрийн бодлогыг тодорхойлдог субъект болж хувираад байна. Хуулийн төслийг судалж үзэхэд хууль зүйн маш олон алдаа гаргасан байгааг судалгаагаар мэдлээ. Юун түрүүнд хуульд тэтгэвэр авагч гэдэг нэршил байдаг болохоос зээлтэй тэтгэвэр авагч гэсэн тодорхойлолт байхгүй. Тэгэхээр Үндсэн хуульд заасан тэгш эрх эдлэх боломж бүрдүүлэх нөхцөлийг устгаж байна. Тэтгэвэр авагчдыг зээлтэй, зээлгүй гэж ангилан 54 хувийн тэтгэвэр авагчдын зээлийг тэглэх, төлөх шийдвэр гаргаж байгаа нь алдаа юм. Мөн зээлтэй тэтгэвэр авагчдын хувьд ч их, бага хэмжээтэй байгаа нь тэтгэвэр авагчдыг хөрөнгөөр нь ялгаварласан асуудал үүсч байна” гэв
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн