Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

‘Wikipedia’ 20 нас хүрлээ

‘Wikipedia’ 20 нас хүрлээ
Нийтэлсэн 2021 оны 1 сарын 15
АНУ-ын интернэт хөгжүүлэгч Жимми Уэльс болон Ларри Сангер нар 2001 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр сайн дурын идэвхтнүүдийн оролцоотой хөгжүүлэх интернэтэд суурилсан, олон хэл дээрх, нээлттэй үнэгүй нэвтэрхий толь болох “Wikipedia” вебсайтыг танилцуулсан түүхтэй. Тус вебсайт өнөөдөр 20 нас хүрлээ.
Википедиад өнөөдрийн байдлаар дэлхийн 316 өөр хэл дээр нийт 6.2 сая хуудас контент, 52.3 сая хуудас материал, 890 мянган файл байршаад байгаа нь хүн төрөлхтний оюуны сан дахь хамгийн том, нээлттэй толь бичигт тооцогдож байна. Тус вебсайт нийт 40.7 сая бүртгэлтэй хэрэглэгчидтэй бөгөөд тэдгээрийн 127 мянган хэрэглэгч нь “Wikipedia” дахь мэдээлэлд тогтмол шинэчлэл оруулдаг, идэвхтэй хувь нэмэр оруулагчид юм.
Харин “Wikipedia” вебсайтаар сар бүр 1.7 тэрбум хүн зочилж, өөрсдийн хэл дээр улс төр, эдийн засаг, түүх, нийгэм, урлаг соёл, шашин, газар зүй, шинжлэх ухаан, хувь хүний намтар болон улс орнуудын талаарх мэдээллүүдийг хамгийн түгээмэл уншиж сонирхдог байна.
Мөн 300 гаруй хиймэл оюунд суурилсан тусдаа чиг үүрэгтэй ботууд “Wiki” хуудас байршсан мэдээллүүдийг автоматаар шинэчлэх, үг үсгийн алдаа шалгах, мэдээллүүдийг ангилж, төрөлжүүлэх, хуурамч мэдээлэл, ишлэл, эх сурвалжуудыг нягтлах, худал мэдээллүүдийг толь бичгээс устгах, худал мэдээлэл байршуулсан хэрэглэгчдийг платформоос блоклох зэрэг ажлыг хариуцдаг болсноор “Wikipedia ”орчин үед цахим орчин дахь хамгийн найдвартай эх сурвалжуудын нэгд зүй ёсоор тооцогдох болжээ. Тухайлбал, технологийн салбарын тэргүүлэгч “Facebook” болон “YouTube” зэрэг платформууд 2018 оноос эхлэн хэрэглэгчиддээ хуурамч мэдээг танихад туслах зорилгоор “Wikipedia”-д байршсан мэдээллүүдийн холбоосыг санал болгох алгоритмыг нэвтрүүлсэн билээ.  
Хамгийн гол нь ямар ч зар сурталчилгаагүй, ашгийн бус “Wikipedia” вебсайт нь зөвхөн Википедиа санд хуримтлагдсан хандиваар санхүүждэг.  Нэрний хувьд “Wiki” буюу вэб хөтөч ашиглан агуулга нэмэх, устгах, засварлах гэсэн утгатай интернэт хэллэг болон “Encyclopedia” буюу нэвтэрхий толь гэсэн утгатай хоёр үгнээс бүрддэг. Мөн Хавай хэлэнд “Wiki” гэх үг нь яарах, хурдлах гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Википедиад байршсан нийт мэдээллүүдийн 11.2 хувь нь Англи, 9.8 хувь нь Филиппин, 6.2 хувь нь Швед, 4.5 хувь нь Герман, 4.1 хувь нь Франц, 3.7 хувь нь Голланд, тус бүр 3 хувь нь Орос, Итали болон Испани, 2.6 хувь нь Польш, 2.3 хувь нь Вьетнам, 2.2 хувь Япон, 2.1 хувь нь Египетийн Араб, үлдсэн 40 хувь нь дэлхийн бусад хэл дээрх материалууд байгаа юм. Өөрөөр хэлбэл эдгээр хэлээр ярьдаг ард түмний хувьд нээлттэй нэвтэрхий толиос өөрийн хүссэн бараг бүх мэдээллээ олж авах боломжтой. Харин монгол хэл дээрх Википедиа хувилбар 2004 оны хоёрдугаар сарын 28-нд нээгдсэн цагаас хойш нийт 20166 материал байршиж, 645852 шинэчлэл хийгдсэн буюу маш цөөн агуулгыг хамарсаар байгаа юм. Сүүлийн 30 хоногийн хугацаанд ердөө 120 хэрэглэгч монгол хэл дээрх Википедиад байршсан мэдээллүүдэд шинэчлэл хийсэн байна. Википедиа - Монгол
Сонирхуулахад Википедиа 2016 оноос эхлэн жил бүр хамгийн түгээмэл ашиглагддаг хэл дээр хамгийн их уншигдсан агуулгуудыг статистикаар хөтөлж эхэлсэн бөгөөд харин хамгийн их засвар орсон агуулгуудыг 2001 оноос эхлэн танилцуулах болсон. Тухайлбал, 2016 онд англи хэл дээр “Donald Trump” гэх агуулга 77.3 сая удаа, Орос хэл дээр “Трамп, Дональд” гэх агуулга 5.8 сая удаа уншигдсан байна. Харин 2017 онд Оддын дайн киноны эсрэг дүр болох “Darth Vader” агуулгыг 35 сая удаа, 2018 онд “2018 FIFA World Cup” агуулгыг 34.9 сая удаа, 2019 онд “Marvel”-ын алдарт “Avengers” цувралын сүүлийн анги болох “Avengers: Endgame” агуулгыг 44.4 сая удаа англи хэл дээр тус тус уншигджээ. Тэгвэл 2020 онд англи, араб, герман, франц, испани, орос, хятад зэрэг долоон хэл дээр коронавирусийн цар тахал буюу “COVID-19 Pandemic” агуулга нийт 62,190,926 удаа уншигдсан байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн