Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Багахангай дүүрэгт шинэ эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо

Багахангай дүүрэгт шинэ эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 15
Нийслэлийн алслагдсан  Багахангай дүүрэг эрүүл мэндийн шинэ төвтэй болж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус дүүргийн эрүүл мэндийн төв нь дүүргийнхээ иргэдээс гадна отрын малчид, ойролцоох сумдын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг юм байна.
40 ортой эрүүл мэндийн төвийн зураг төслийг анх 2014 онд хийж байжээ. Ийнхүү дөрвөн жилийн дараа эмнэлгийн шинэ төвтэй болж байгаа юм байна. Тус төвийн барилгыг барихад нийслэлийн төсвөөс 2.8 тэрбум төгрөг зарцуулсан аж. Багахангай дүүргийн шинэ төв нь дотрын тасаг, хүүхдийн тасаг, төрөх тасаг, уламжлалт тасаг, халдвартын тасагтай.
Мөн эмнэлгийн барилга нь төрөх тасгийн блок хэсэгтэй бөгөөд цаашид төрөх зөвшөөрөл авч, боловсон хүчнээр хангагдаж, төсөв, орон тоо нь батлагдвал орон нутагтаа жирэмсэн эхийг хэвийн төрүүлэх бүрэн боломжтой болох юм байна. Ийнхүү Багахангай дүүрэг эмнэлгийн шинэ төвтэй болсноор орчин үеийн стандартад нийцсэн орчинд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Олон улсын стандартын дагуу 5000 хүн ам тутамд нэг өрхийн эмнэлэг байх шаардлагатай гэж үздэг. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 142 өрхийн эмнэлэг байна. Нийслэлийн 1.5 сая хүн амийг эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээр хангахад цаашид 300 өрхийн эмнэлэг шаардлагатай болж байгаа юм. Өнөөдөр алслагдсан Багахангай дүүрэгт эрүүл мэндийн төв шинээр байгуулж байна. Уг дүүргийн 4000 мянган хүн амд 40 ортой төв баригдсанаар тухайн дүүрэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм” гэв.
Мөн Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат “Манай дүүрэг бол Улаанбаатар хотын алслагдсан жижиг дүүргийн нэг. Бид шинэ эмнэлэгтэй болсноор орчин үеийн эрүүл мэндийн стандартад нийцсэн үйлчилгээг дүүргийн иргэддээ үзүүлэх боломжтой болж байна. Мөн орон байрны хүрэлцээ сайжирснаар эмчлэх хүмүүсийн хүрээг тэлэх боломжтой болж байгаа. Үүнээс гадна манай эрүүл мэндийн төв шинэ рентген аппараттай болсон. Одоо төрөлт хүлээж авахад бэлдэж байна. Бид бүтэц, төсөв орон тоогоо нэмэгдүүлбэл төрөлт хүлээж авах бүрэн боломжтой” хэмээн ярилаа.
 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн