“Time” сэтгүүл гэрэл зураг үүсч хөгжсөн 190 жилийн түүхэн хугацаанд дэлхий дахинд хамгийн их нөлөө үзүүлсэн 100 шилдэг гэрэл зургийг нэрлэсэн байна. “100 Photos” төслийн хүрээнд шалгаруулсан эдгээр зургийг олон орны нэртэй шинжээчид, гэрэл зурагчид, гэрэл зургийн редакторуудаас гадна түүхчид, шилдэг галлерейн тайлбарлагчдыг урьж оролцуулан саналыг нь сонсон шалгаруулсан байна. Хамгийн нөлөө бүхий 100 гэрэл зургуудыг аливаа нэг зүйл хамгийн анх удаа гэрэл зургийн хальснаа буусан эсвэл бидний танин мэдэхүйд нөлөөлсөн зэрэг үнэлгээгээр шалгаруулсан бөгөөд эдгээр гэрэл зураг ямар нэг байдлаар бидний амьдралын хэв маягт өөрчлөлт авчирсан хэмээн төслийн багийнхан үзжээ.
“Time” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 гэрэл зураг тус бүрийнх нь түүх эсвэл гэрэл зурагчны дэлгэрэнгүй тайлбар, ярилцлага, дурсамж ярианы хамт нийтэлжээ.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 зурагт багтсан бүтээлүүдээс түүвэрлэн хүргэе.
1982 онд АНУ-ын Нью Жерси мужийн нэгэн өрхийн угаалгын өрөөнд болсон хүчирхийллийг Донна Феррато гэрэл зургийн хальснаа буулгасан нь гэр бүлийн хүчирхийллийг олон нийтэд ил болгосон анхны зураг болжээ. Тухайн үед хүчирхийлэл зөвхөн айл гэрт байдаг хувийн асуудал байсан ба гэрээс гадуур гардаггүй байжээ. Донна Феррато өөрийн найзынд уригдан очоод, санаандгүйгээр энэ гэрэл зургийг авч нуугдмал байдаг энэ асуудлыг анх хальсанд буулгажээ. Тэрээр энэ зургаа нийтлүүлэхээр олон сонин, сэтгүүлд хандсан боловч тэд хүлээн авахаас татгалзжээ. Ингээд удтал хөөцөлдсөний эцэст тэрээр “Дайсантайгаа хамт амьдрах нь” хэмээх өөрийн номондоо энэ зургаа анх нийтэлсэн байна. Энэ нь олон нийтийн дунд гэр бүлийн хүчирхийллийн талаархи хэлэлцүүлгийг өрнүүлж, АНУ-ын төр засаг ч энэ талаар анхааралдаа авах гол үндэс болжээ.
Вьетнамын ардын армийн цэрэг Өмнөд Вьетнамын хотууд руу рүү довтолсноос хойш хоёр хоногийн дараа буюу 1968 оны хоёрдугаар сарын 1-нд “Associated Press” агентлагийн гэрэл зурагчин Эдди Адамс энэ зургийг авчээ. Адамс буддын сүмийн төлөөх тэмцэл дөнгөж дууссан Хятадын тосгонд очжээ. Вьетнамын хоёр усан цэрэг нэгэн залууг голдоо хийн авч явж байгаа нь түүний анхаарлыг их татсан байна. Адамс тэднийг ажиглаж байтал Вьетнам цэргүүд залууг бригадын генерал Нгуен Нгос Лоан болон үндэсний цагдаагийн даргад аваачиж өгчээ. Тэд залууд зүгээр сануулга өгөөд буцаана гэж бодсон ч Лоан генерал гэнэт 38-калиберын буугаа өргөн түүний толгойд чиглүүлж гал нээн, буудан хороожээ. Тухайн буудуулсан эрэгтэй нь эсэргүүцэгчдийн бүлэглэлийн ахлагч, Лоаны найзуудых нь нэг байжээ. Энэ дүр зургийг Адамс хальсан дээр буулгаж чадсан байна. Түүний энэхүү зураг америкуудын Вьетнамын дайнд хандах хандлагыг өөрчилсөн гэж үздэг.
Түүнчлэн гэрэл зурагт залууд буу тулган, түүнийг хороосон генерал Лоан хожим хүнд шархдаж, Австрали явж эмчлүүлэхээр болсон ч Эдди Адамсын авсан гэрэл зураг альхэдийнэ дэлхий дахинд тархсан тул тэд зөвшөөрөөгүй байна. Ингээд тэрээр АНУ-ын эмнэлэг рүү хүргэгджээ. Удаан хугацааны туршид эмчилгээ хийлгэж чадаагүй учир түүний хөлийг тайрсан байна. Тэрээр дахин дайны талбарт дахин гарж чадаагүй бөгөөд энэ бүхний дараа Лоан гэр оронгүй, өнчин хүүхдүүд, ядууст туслаж эхэлсэн байна. 1975 онд тэрээр америкуудаас түүнийг Сайгонаас гаргаж өгөхийг хүссэн ч мөн л татгалзсан байна. Хожим нь тэр гэр бүлийнхээ хамт АНУ руу цагаачилж чадсан бөгөөд Америкт ирээд Лоан Виржиня мужид байрлан, тэндээ пицца зардаг газар ажиллуулж байжээ. 1991 онд түүнийг “Сайгоны ял” гэрэл зургийн “алуурчин” гэдгийг улс орон даяар мэдэж, түүнийг дайны гэмт хэрэгтэн гэсэн шалтгаанаар Америкаас хөөх саналыг тавьжээ. Хэдийгээр түүнийг хөөгөөгүй ч бизнес нь дампуурч, түүнд ирэх дарамт ихэсчээ. Түүний ажиллуулдаг пиццаны газрын ханан дээр эсэргүүцэгчид “Чамайг хэн гэдгийг чинь бид мэднэ” гэж бичсэн байдаг байж. Энэ мэтээр генерал Лоаныг нийгмийн үзэн ядалт заналхийлэл насан туршид нь дагасан бөгөөд хожим тэрээр “Сайгонд хүмүүсийг яллаж байсан нь эргээд надад ял болон ирж байна” хэмээн ярьсан байдаг аж.
1993 оны эхээр гэрэл зурагчин Кевин Картер өлсгөлөнгийн талаар зураг дарахаар Суданы нэгэн тосгонд иржээ. Өлсгөлөнгөөс болж үхэж буй хүмүүс, ялангуяа хүүхдүүдийн зургуудыг авч олон улсын агентлагуудад илгээж байсан бөгөөд тэрээр нэгэнт алдартай болж, түүний зургууд ч хүмүүсийн хандлагад нөлөөлж эхлэв. Ингээд тэрээр гэртээ харихаар болж, тосгоноос гараад алхалж байтал гэнэт хүүхдийн мэгшин уйлах чимээ сонсогдсон байна. Тэрээр хүүхдийн уйлах чимээ гарсан зүгт очтол нэг бяцхан охин хэвтэж байхыг олж харав. Түүний зургийг дарах гэтэл гэнэт тас шувуу тэр охины хажууд ирээд суужээ. Тэрээр тас шувууг үргээчихгүйн тулд нэг байрлал аваад, түүнээсээ охины зургийг дарж эхлэв. Шувуу далавчаа дэлгэвэл зураг улам гоё болох байх хэмээн тэрээр бараг 20 минут хүлээсэн ч шувуу ч тэр, охин ч тэр ер хөдлөөгүй байна. Тэр шувуу үхэх гэж байгаа охиныг хөдөлгөөнгүй ширтэн зогсож байсан тул зурагчин тэсвэр алдаж шувууг үргээн хөөжээ. Харин охин сүүлчийнхээ хүчийг шавхан цаашаагаа мөлхжээ. Энэ бүхнийг өөрийн нүдээр харсан зурагчин маань бутны ёроолд очиж суугаад уйлсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Тэрээр тас шувуу, өлсгөнөд нэрвэгдсэн охины зургаа “Нью- Йорк таймс” сонинд илгээхэд, тус сонин дуртайяа нийтэлжээ. 1994 оны тавдугаар сарын 24-нд Кевин Картер энэ зургаараа Пулитцерийн шагнал гардан авав. Гэвч асуудал урган гарч ирэв. Тэр охин яасан бол, яагаад тэр түүнд туслаагүй зураг авах гэж улайрсан юм бол гэх асуултууд олон нийтийн дунд яригдаж, сонин сэтгүүлүүд ч энэ тухай бичиж, Картерыг үгүйсгэх болжээ. Түүний тухай "хөөрхийлөлтэй охины шаналалыг буулгах гэж тайван дурангаа шагайж байгаа хүн, тэр хүний сэгээр хооллогч тас шувуунаас өөрцгүй'' хэмээн Флорида Тайм сэтгүүл дээр бичсэн байлаа.
Картер сүүлд найз нартаа тэр охинд туслаагүйдээ харамсаж явдгаа нэг бус удаа ярьж байжээ. 1994 оны зургадугаар сарын 27 нд тэрээр амиа хорлосон бөгөөд түүний захиас дээр ''Би хоосорсон, бүр мөсөн хоосорлоо. Үр хүүхдүүдийн зардал орон гэрийн төлбөр ч төлөх мөнгө төгрөггүй болсон надад тэдгээр өлбөрч үхсэн хүмүүс тэр охин, үхэл, хорсол, шаналал намайг эзэмдэн зовоох болоод байна" хэмээн бичиж үлдээсэн байлаа. Түүний үхлийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийт өөрсдийн хэлсэн үгэндээ харамсч эхлэв.
Түүний авсан Суданд өлсгөлөн нүүрлэснийг илтгэх зургууд дэлхий дахиныг донсолгож, хүмүүсийн хандлагыг өөрчилсөн ч ганц зургийнхаа төлөө тэрээр амьдралаа золиослосон юм.
Энэ гэрэл зураг түүхэн дэх хамгийн алдартай зургийн нэг байж болох юм. 1994 онд “Life” сэтгүүлийн гэрэл зурагчин Жэкобус Рентмистер тухайн үеийн сагсан бөмбөгийн шинэ залуу од Майкл Жорданы цагирган дээрээс довтолж буй зургийг авч нийтэлсэн байна. Үүнээс өмнө Майкл Жорданы үсрэлтийг хүмүүс тэр бүр мэддэггүй байсан бөгөөд сэтгүүлд энэ зураг нийтлэгдсэний дараа түүний “Jumpman” поз алдартай болж, үүнээс төд удалгүй “Nike” компани 1984 оны Олимпийн өмнө Майкл Жордантай гэрээ байгуулж, “Jumpman” лого бүхий пүүз үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Гэвч энэхүү лого Жэкобус Рентмистерийн авсан зурагтай тун төстэй харагдсан тул гэрэл зурагчин өөрийнх нь зургаас санаа авсан хэмээн үзэж, “Nike” компанид энэ тухай гомдол гаргажээ. “Air Jordan” пүүзний логог түүний гэрэл зургаас санаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрч “Nike” компани Рентмистерт 150 ам.доллар төлж, ганц удаа түүний зургийг ашиглахаа мэдэгджээ. Гэвч удалгүй "Jumpman" лого бүхий гутал, хувцас үйлдвэрлэгдэж, энэхүү лого дэлхийн өнцөг булан бүрт алдартай болж эхлэв. Ийнхүү “Nike” компани тамирчидтай хийх арилжааны бизнесийн санааг анх гаргаж байсан бөгөөд дэлхийн бүх цагийн хамгийн алдартай арилжааны дүрсийг гэрэл зурагт буулгасан Ренмистерийн зургийг бүх цагийн үеийн шилдэг зургаар нэрлэжээ. Энэхүү логог ашигласан “Аir Jordan” брэнд 2014 онд гэхэд 3.2 тэрбум ам.долларын ашиг олсон юм. Харин 2015 онд гэрэл зурагчин Рентмистер өөрийнх нь зургийг ашиглаж, олон тэрбум ам.долларын бизнесийн ашиг олсон хэмээн “Nike” компанийг зохиогчийн эрх зөрчсөн хэргээр шүүхэд өгсөн ч энэ оны зургадугаар сард хэргийг хүчингүй болгосон юм.
Рокфеллер төвийг байгуулалцсан 11 эрэгтэй барилгын ажилтан 256 метрийн өндөр, тэнгэр баганадсан барилгын дээвэр дээр үдийн хоолоо идэнгээ инээлдэн суугаа энэ зураг хамгийн аюултай хэрнээ хамгийн тав тухтай үдийн хоолын зурагны нэг болж чаджээ. Өдгөө энэхүү барилгыг “General Electric”-ийн барилга хэмээн нэрлэдэг. Тус барилгын 69 давхрыг барьж байхдаа авахуулсан энэхүү зураг нь тус асар том барилгын сурталчилгааны кампанит ажлын нэг хэсэг байжээ. Гэрэл зурагчин Чарльз Эббетс, Томас Кэлли, Уильям Лефтвич нар тус кампанит ажлын сурталчилгаанд оролцож байсан бөгөөд энэ зургийг авах санаа, хэн авсан нь одоог болтол тодорхой бус байдаг аж. Үүнээс өмнө барилгуудын нэг давхарт ресторанууд байрладаг байсан бөгөөд энэ зургийн дараа барилгын хамгийн дээд давхарт зоогийн газрууд ихээр байгуулагдах болжээ. Ийнхүү барилгуудын хамгийн дээд давхарт ресторан байгуулах санаа анх гарч, энэ нь яваандаа тус хотын ресторануудын нэг хэв маяг болсон байна. “Corbis” гэрэл зургийн агентлаг энэ зургийг анх олон нийтийн хүртээл болгосон бөгөөд үүнээс хойш “Times Square”-т очсон хүн бүр энэ зурагтай энгэрийн тэмдэг, хөргөгчний соронз, малгай, футболк зэргийг авдаг заншилтай болж, энэ зураг хотын, “Times Square” орчмын нэг билгэ тэмдэг болсон байна.
1963 оны зургадугаар сард америкуудын олонхи нь газрын зураг дээрээс Вьетнамыг олж мэддэггүй байв. Харин “Associated Press” агентлагийн гэрэл зурагчин Малколм Браунигийн авсан энэхүү зураг Зүүн Өмнөд Азийн энэ улсын талаар дахин сануулжээ. Энэ үеэр Вьетнамын Ерөнхийлөгч Но Дин Дием буддын сүсэгтнүүдийн эсрэг үзэл баримтлалтай нэгэн байсан бөгөөд тэднийг элдвээр хавчиж дарамталдаг байжээ. Үүнийг эсэргүүцэж хуварга Тич Кван Дук зулын гол болж ийнхүү улс төрийн золиос болж амиа алдсан байна. Тухайн үйл явдлын гэрч болсон Малколм Браунигийн энэхүү гэрэл зургийн тухай Ерөнхийлөгч Кеннеди "Түүхэнд ямар ч гэрэл зураг мэдээнээс илүүтэй дэлхий даяар сэтгэл хөдлөлийг бий болгож байгаагүй” хэмээн хэлжээ. Браунигийн энэхүү зургийн дараа буюу тухайн оны арваннэгдүгээр сард АНУ Өмнөд Вьетнамд 500 сая ам.долларын тусламж үзүүлж, үүний дараа Вьетнамд цэрэг байршуулсан байдаг.
Tank Man, Jeff Widener 1989
БНХАУ-ын Бээжин хотын төв талбай буюу Тяньаньмэний талбайд Хятадын оюутан, ажилчин болон дэмжигчид хоёр сарын турш ардчиллыг хөгжүүлэх шаардлага тавьж жагсаал цуглаан, суулт зохион байгуулсан. Коммунист дэглэмийг эсэргүүцэн, ардчиллын төлөө амь биеэ үл хайрлан жагссан оюутан болон ажилчдын бослогыг БНХАУ-ын эрх баригчид Хятадын ардын чөлөөлөх армийн цэрэг, зэвсгийн хүчээр ганцхан шөнийн дотор дарсан юм. Цус урсгасан энэ өдрийн үйл явдлыг түүхэнд Тяньанмэний талбайд болсон хядлага хэмээн нэрлэдэг.
1989 оны зургадугаар сарын 5-ны өглөө буюу цус урссан хядлагын дараагийн өдөр гэрэл зурагчин Жефф Виденер “Бээжин” зочид буудлын зургадугаар давхрын цонхоор харж суужээ. “Associated Press” агентлаг түүнийг энэхүү үйл явдлыг баримтжуулах үүрэг даалгавар өгч, гэрч болгохоор Хятад руу илгээсэн нь энэ аж.
Зочид буудлын цонхоор харж суухдаа тэрээр Тяньанмэний талбайн ойролцоох нөхцөл байдал, тэр дундаа цус урсгасан хядлагын хохирогчид, эвдэрсэн унадаг дугуй, шатсан автобус зэргийн зургийг авч байжээ. Гэтэл оюутнуудын тайван жагсаалыг тараахаар талбайд нэг цуваа болсон танкнууд гарч ирэхэд тэрээр камерынхаа дуранг тэр зүгт шилжүүлсэн байна. Танкнуудын зургийг авахаар бэлдэхэд уут барьсан эрэгтэй танкнуудыг чиглэн зогсч хөдлөхгүй байжээ. Виденер болон тэнд байсан хүмүүс түүнийг холдохыг шаардахад тэрээр гараа савчин, хөдлөхөөс татгалзаж байжээ. Ингээд танкнууд тэр эрд ойртон ирж, түүнийг замаас холдохыг шаардахад тэрээр эсэргүүцэл үзүүлж эхэлсэн байна. Танкнууд түүнийг тойрон гарахаар оролдсон ч тэрээр замд нь саад болж, тэднийг явуулахгүй байжээ. Виденер тухайн үед тэр эрэгтэйг амиа алдах байх хэмээн бодсон ч, эрэгтэй танкин дээр гарч зогсох үед гал нээснээр холдсон байна. Гэрэл зурагчин тэр даруй энэхүү зургаа “AP” агентлаг руу дамжуулсан ба маргааш нь бүх сонин, сэтгүүлийн нүүр түүний зургаар голлосон байжээ.
Виденер тухайн үед тэр эрэгтэйг танкны зургуудыг авахад саад болсон хэмээн бодсон ч энэ нь эцсээ хүртэл өөрийн үзэл баримтлалын төлөө тууштай зогсч чадах шударга бус байдлын төлөө тэмцэгчдийн билгэ тэмдгийн нэг болжээ. Ийнхүү танкийг сөрөн зогсч чадсан эрэгтэй баатар болсон ч, тэр хүн нь хэн байсан, танкин дотор байсан эрэгтэйг буудан хороогоогүй цэрэг хэн байсан зэрэг нь одоо болтол тодорхой бус хэвээр байгаа юм. Дөрвөн хүн энэ үйл явдлын зургийг авсан байдаг ч хамгийн алдартай нь энэхүү зураг юм.
Цонхоор харахад- Joseph Nicéphore Niépce, 1826
Дэлхийн нөлөө бүхий 100 гэрэл зурагт хүн төрөлхтний түүхэнд гэрэл ашиглан дүрсийг цаасан дээр буулгасан анхны зураг гэдэг 1826 онд авсан “Цонхоор харахад” гэдэг зураг багтжээ. Уг нь анхны гэрэл зургийг 1822 онд авсан гэдэг ч тэр нь өнөө хүртэл хадгалагдан үлдэж чадаагүй юм. Тиймээс энэ зургийг хамгийн анхны гэрэл зураг хэмээн тооцдог аж. Энэ зургийг авахад бүтэн найман цаг зарцуулсан байна.
Роберт Капа бол Испанийн иргэний дайны үеийн амьдралыг өөрийн үзэл бодлыг тусгалгүйгээр бодит байдлаар нь тэр чигт нь буулгаж чадсан гэрэл зурагчин юм. Тэрээр 1947 онд хамгийн анх дайны талаархи өөрийн үзэл бодлыг илэрхийлэн ярилцлага өгч байсан бөгөөд тухайн үед Бүгд найрамдах талыг баримтлагчдыг дэмжиж байснаа илэрхийлсэн аж.
Испанийн бүгд найрамдах улсын талыг баримтлагчид болон генерал Франциско Франкогийн удирдсан үндсэрхэг үзэлтнүүдийн босогч нарын хооронд 1936-1939 оны хооронд болсон иргэний дайныг гэрэл зурагт буулгасан нь хамгийн анх удаа байлдааны үйл явцыг бодитоор буулгасан нь энэ юм. Уг дайнд үндсэрхэг үзэлтнүүд ялснаар Франко 1975 онд нас барах хүртлээ тус улсыг удирдсан билээ.
Байлдааны үеэр Франциско Франкогийн удирдсан үндсэрхэг үзэлтнүүдийн босогч нарын эсрэг гал нээх үеэр бүгд найрамдах улсын талыг баримтлагч нэгэн цэрэг тэдний эсрэг босоход ийнхүү түүнийг хороосон байна. Энэ үед Роберт Капа толгой дээрээ өөрийн камерыг барьж, зураг дарж эхэлсэн байна. Тухайн цэрэг босогч нарын эсрэг дайрч, гал нээхэд амиа алдсан бүх үйл явц гэрэл зургийн хальснаа буужээ. Тэдгээрээс энэ зураг хамгийн их түгжээ.
Дэвид Кирби хэмээх энэ залуу ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгч байгаад 1990 онд 32 насандаа ДОХ-оор нас барсан юм. Тэрээр амьдралынхаа сүүлчийн хормыг гэр бүлтэйгээ өнгөрөөхийг хүссэн бөгөөд түүний эцэг эх хүүгийнхээ амьдралын сүүлчийн мөчүүдэд хамт байхыг зөвшөөрчээ. Зурагт түүний аав Билл Кирби, болон эгч нь, мөн түүнийн найз, сайн дурын асрагч Пета гарчээ. Пета хожим мөн энэ өвчнөөр нас барсан юм.
Дэвид Кирби 1980-аад оны сүүлч буюу анх ДОХ/ХДХВ-ийн халдварын тухай аюулын харанга дэлдсэн мэдээ дэлхий нийтэд тарж байх үеэр энэ өвчний халдвар авснаа мэджээ.
Тэрээр амьсгалын хураахын өмнө нэгэн эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд тухайн эмнэлгийн сайн дурын ажилтан Терез Феррер хэмээх оюутан эцэг эхийнх нь хүсэлтээр түүнтэй салах ёс гүйцэтгэх үеийн зургийг авчээ. Эдгээр зургийг “LIFE” сэтгүүлд нийтэлснээр ихээхэн шуугиан тарьж, тухайн оныхоо Хэвлэлийн шилдэг зургаар шалгарсан юм.
Тухайн үед ДОХ гэдэг аймшигт өвчин гарч, чухам юунаас болж, яагаад өвчилдөг, ямар замаар халддаг гэдгийг ч дэлхий нийтээр сайн мэддэггүй байсан тэр үед ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс өвчнөөсөө илүүтэй гадуурхал, үл тоомсорлол, жигшин зэвүүцэх, зайгаа барих хандлагаас бол зовж шаналж байсан үе. Харин Дэвид Кирбигийн амьдралын сүүлчийн мөчүүдийг харуулсан зургийг олон нийтэд дэлгэн харуулснаар энэ өвчний талаархи дэлхий нийтийн хандлагыг өөрчилсөн юм.
1992 онд “Benetton” бэлэн хувцасны компани Кирбигийн амьдралын сүүлчийн хормын өнгөт зургуудыг сурталчилгаандаа ашиглан, ялгаврлан гадуурхалтын эсрэг кампанит ажлаа эхэлсэн байна. Гэвч олон сэтгүүл тус компанийн энэхүү сурталчилгааг нийтлэхээс татгалзаж, олон нийтийн зүгээс ч зэмлэл хүртэж байжээ.
Кирбигийн гэр бүл тус компанид түүний хүүгийн гэрэл зургийн ашиглахыг албан ёсоор зөвшөөрсөн аж. Учир нь, олон нийт ДОХ хэмээн энэхүү өвчний талаар мэдээлэл, мэдлэг бага байсан тул хүмүүст анхааруулж, хяналт тавих үндэс болсон бөгөөд энэ өвчнийг эмчлэх шинэ эмийн судалгааг хурдасгахын тулд Засгийн газрыг лоббидож чадна хэмээн итгэсэн тул ийнхүү зөвшөөрч байжээ.
Энэ нь ч биеллээ олж, тухайн жил энэрэнгүй сэтгэл, уян хатан байдлын илэрхийлэл болсон ДОХ-ын улаан тууз гарчээ. Мөн үүнээс гурван жилийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Цагаан ордонд ДОХ-той тэмцэх үндэсний бодлогын зөвлөлийг байгуулжээ.
Дэвид Гуттенфелдер бол “Associated Press” агентлагийн Ази тив хариуцсан гэрэл зургийн редакцын дарга юм. Тэрээр 2011 онд дэлхийн хамгийн хаалттай улс болох Хойд Солонгос руу явжээ. Гадаад сэтгүүлчдэд хаалттай, 60 орчим жилийн турш олон нийтийн хараанаас далд байсан энэ улсад аялсан тэрээр БНАСАУ-д ч тэр, дэлхийд ч тэр хүлээн зөвшөөрөгдсөн гэрэл зурагчин болсон юм. Тэрээр Пхеньяны албан ёсны арга хэмжээг сурвалжлах эрхтэй байсан ч, энэхүү зургуудаа тэр болгон шуурхай илгээж чаддаггүй байсан бөгөөд ирж, очин байдаг байжээ. Харин 2013 оны эхээр Хойд Солонгост “3G” сүлжээг гадаадын жуулчид ашиглах боломжтой болж, Гуттенфелдер ч мөн дэлхий дахинд өөрийн зургуудаа газар дээрээс тэр дор нь хуваалцах боломжтой болжээ. 2013 оны нэгдүгээр сарын 18-нд тэрээр Хойд Солонгосын талаар анхны зургаа “Instagram” хуудастаа өөрийн “iPhone” гар утаснаас оруулсан байна. Түүний гэрэл зурагт тоталитар дэглэмт улсын өөр нэгэн илэрхийлэл буусан юм. Тухайлбал, иргэдийн өдөр тутмын энгийн амьдралыг бодитоор буулгаж эхэлсэн байна. Ингэснээр Хойд Солонгосын талаар өөр нэгэн ойлголт хүмүүсийн дунд бий болж, тус улсын “өнгөлөг” өөр талыг дэлхий дахин олж харах болжээ.
Хятадын Коммунист намыг удирдаж байсан Мао Зедун хэсэг хугацаанд албан тушаалаа өгсөн боловч, мартагдахаас айж 1966 онд дахин улс төрд орж ирэв. Тухайн онд 72 настай байсан түүнийг хүмүүс хүлээн авахаас татгалзаж магадгүй хэмээн тэрээр айж байлаа. Ингээд 1966 оны долдугаар сард түүний Хөх мөрний усанд сэлж байгаа зураг дэлхий дахинд тархсан байна. Энэ нь түүний өөрийгөө эрүүл, хүчирхэг хэвээр байгааг батлах суртал ухуулгын ажлын нэг байсан бөгөөд энэ нь ч амжилттай болсон юм. Үүний дараа, төд удалгүй Мао дөрөв дэх кампанит ажлаа аугаа их пролетарийн Соёлын хувьсгалаар эхэлсэн юм. Тэрээр Засгийн хяналтын комиссарын хувьд 1966 оны дөрөвдүгээр сард соёлыг устгахыгуриалж, эхний золиосоор нь Бээжингийн их сургуулийн профессорууд өртсөн юм. Хөрөнгөтний үзэл суртлыг дэлгэрүүлсэн хэргээр багш нар, Маог эсэргүүцэгчид золиослогдон амиа алдаж байв. Түүнчлэн энэ үйл хэрэгт тэрээр залуусыг татан оролцуулж, улаан хамгаалагчдыг хүндэтгэхийг уриалав. Эдгээр залуус мянга мянган сүм хийдийг нурааж, номын сангуудын номыг шатааж байжээ. Соёлын хувьсгал таван жил үргэлжилсэн бөгөөд долоон сая гаруй хүн энэ ажиллагааны хөлд амь үрэгдсэн гэдэг.
Хятад, Японы дайн 1937 оноос эхэлж Дэлхийн II дайнд хүргэсэн. Энэ дайны эхлэл үеийн түүхэн гэрч бол энэ зураг юм. Японы арми 1937 оны зун Шанхайд цэргийн ажиллагаа зохион байгуулж, бөмбөгдөж эхлэв. Шанхай хотын эмэгтэйчүүд, хүүхэд дүүрэн байсан төмөр замын буудлыг бөмбөгдөх үеэр энэ жаал хүү шархдаад амьд үлдсэн нь энэ. “Hearst Metrotone News”-ийн “Newsreel” нэрээр зургаа нийтэлдэг байсан гэрэл зурагчин Вонг наймдугаар сарын 28-нд болсон энэ үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Тэрээр хожим “Тухайн үед миний гутал цусанд будагдаж, гудамж тэр чигтээ цус болсон” хэмээн ярьсан байдаг. Бөмбөгдөлтөөс амьд үлдсэн бяцхан хүү, амьсгал хураасан ээжийнхээ хажууханд уйлж байхыг гэрэл зургийн хальснаа буулгаад хүүхдийг аюулгүй газар аваачсан байна. Түүний зураг нийтлэгдсэний дараа хүүг Нью-Йорк хотын асрамжийн газар руу илгээх боломж гарсан бөгөөд энэ зургийн ачаар “Hearst Metrotone News” хэмээх сэтгүүл олны анхааралд өртөж болжээ. Түүний энэ зураг дэлхийн II дайн ямар үр дагаварт хүргэснийг тодорхой харуулсан юм.
“The Falling Man” хэмээх энэхүү гэрэл зургийг “Ассошиэйтед Пресс” агентлагийн гэрэл зурагчин Ричард Дрю 2001 оны есдүгээр сарын 11-ний өглөө авсан байна. Энэ хүн Нью Йоркийн худалдааны ихэр цамхагийн “The North Tower” цамхгаас унаж байгаа бөгөөд террорист халдлагын үеэр хамгийн багадаа л гэхэд 200 хүн цамхгаас үсрэх эсвэл унаж нас барсан гэж үздэг байна. Өндөр цамхгаас хамаг эрчээрээ унаж буй энэ хүн хэн болох нь тодорхойгүй бөгөөд цамхгийн дээд давхарт байрладаг байсан “World Windows” рестораны ажилтан хэмээн үздэг.
Саран дээрх хүн, Neil Armstrong, NASA, 1962
1969 оны долдугаар сарын 20-нд Нейл Армстронг, Базз Олдрин нар анх удаа сарны гадаргуу дээр сарны модулийг газардуулж, хоёр цаг 31 минутийн турш саран дээр байсан байна. Армстронг эхлээд саран дээр хөл тавьж, дараа нь домогт зурагнуудын эзэн Олдрин буужээ. Энэ зургийг Армстронгийн өмсгөлийн цээжин хэсэгт байрласан 70 мм-ийн “Hasselblad” камераар авсан ба саран дээр авахуулсан зургуудаас хамгийн алдартай, олонд түгсэн нь Базз Олдрины гэрэл зургийн хальснаа буусан Нейл Армстронгийн авсан энэ зураг юм. Энэ нь хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гариг дээр зураг дарж, зургаа авахуулсан анхны түүхэн гэрэл зураг юм.
Эдгээрээс гадна Эрнесто Че Геварын хөрөг, Мохаммед Алигийн цохилт, 2014 оны “Оскарын шагнал гардуулах үеэр холливудын оддын авсан селфи, “Дайны аймшиг”, “Таймс-сквер дээрх үнсэлт”, “Гинденбург дирижаблын сүйрэл” зэрэг хэн бүхний мэдэх шилдэг зургууд багтжээ.