МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбоотой МАН-ын бүлэг заалт бүрээр нь ярьж, тодорхой өөрчлөлт хийж байгаа аж. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-Бүлгийн хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд багагүй өөрчлөлт оруулж байгаа гэж байна. Тухайлбал, ямар ямар өөрчлөлт оруулахаар гишүүд дэмжээд байна вэ?
-МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зүйл заалт нэг бүрээр нь ярьж байна. Гишүүд хөдөө орон нутагт ажилласан. Ажлын хэсгүүд хагас, бүтэн сайн өдөр ажиллаад бүлэг дээр зарчмын зөрүүтэй саналыг ярьж байна. Дөрвөн бүлэг асуудлаас өглөөнөөс хойш хоёрыг хэлэлцэж дууслаа. Одоо хоёр асуудал үлдсэн байна. Түр завсарлаад 15.00 цагт үргэлжлүүлэн хуралдаж, асуудлаа хэлэлцэж дуусгана. Тухайлбал, сонгуулийн тогтолцоо гэдэг үгийг хасъя гэдэг дээр гишүүд санал нэгдэж байна. Мажоритар системээр сонгуулиа явуулах ёстой гэдэг байр сууриар асуудалд хандлаа. Бусад нь томьёоллын хувьд сайжруулах асуудлыг ярилаа.
-АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Танай намын бүлгээс АН-ын зөвлөлтэй уулзаж, зөвшилцсөн үү?
-АН-ын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаа. Тэд ерөнхийд нь байж болох хувилбар гэдгийг хэлж байгаа. Улс төрийн шалтгаан, намынх нь улс төрийн шийдвэрээр асуудалд хандаж байгаа гэж ойлгож байгаа. Энэ төсөл 2014 онд АН-ын Н.Батбаяр нарын 47 гишүүний өргөн барьсан төсөлтэй тун ойролцоо.
-АН-ын зөвлөл ард иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байна гэж байна мэдээлсэн. Ард иргэдэд мэдээлэл өгөх ажлыг хийх үү?
-Манай гишүүдийн ихэнх нь Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гишүүд сая тойргоороо ажиллаад мэдээлэл өгсөн. Мөн Ард нийтийн санал асуулга явуулна гэвэл дахиад хоёр сар мэдээлэл өгөх хугацаа байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах хамгийн наад талын хугацаа есдүгээр сарын 20-н байгаа. Тэгэхээр мэдээлэл өгөх, тайлбарлах хангалттай хугацаа байгаа гэж бодож байна. Иргэдээс их олон санал ирж байгаа. Орон нутгийн саналуудыг ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт хуралдаж нэлээд цэгцлэсэн. Тухайлбал, аймгийн ИТХ-ыг сумын хурлаас сонгохыг буруу гэсэн. Үүнийг цэгцэлсэн. Дүүргийн Засаг дарга сонгох асуудалд мөн зохицуулалт хийсэн. Аймгийн хурлыг байхгүй болгочихлоо гэж байсныг сэргээсэн. Хотын асуудлыг сэргээж байгаа гэх мэт зарчмын хувьд сайжруулсан зүйлүүд бий.
-Хоёрдугаар хэлэлцүүлгийг хэзээ хийж дуусахаар төлөвлөөд байна вэ?
-Хоёрдугаар хэлэлцүүлгийг долдугаар сарын 5-ны дотор хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Шинэ Дэгийн хууль мөрдөгдөж эхэлж байгаа. Шинэ хуулиар үг хэлэх, хариулт өгөх, асуулт асуух нь 10 минут болсон. Хугацааны хувьд нэлээд ярвигтай байгаа. Гэхдээ долдугаар сарын 5-нд хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгавал 8,9-нд Их хурлын чуулган хуралдах үеэр гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх үү, Ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгээ УИХ-ын тогтоолоор шийднэ.
-Иргэдээс ирсэн саналыг төслийн хүрээнд тусгах уу,?
-Үндсэн хуулийн журмын тухай хуулиар одоо өргөн баригдсан 25 заалт байгаа. Дотор нь нэг бүрчилж үзвэл 55 заалт бий. Энэ 55 заалтын хүрээнд л ярина.
-Улс төрийн намын тухай заалтад өөрчлөлт оруулж байгаа юу?
-Улс төрийн намыг нэлээд хариуцлагажуулсан. Нэгд, улс төрийн нам улс орон даяар үйл ажиллагаа явуулна. Хоёрт, санхүүжилт нь ил тод, нээлттэй байна гэж оруулж өгсөн. Бусад зүйл нь органик хуулиар зохицуулаад явна.
-Байгалийн баялаг төрийн өмч байна гэснийг ард түмний өмч байна гэж өөрчилж болоогүй юм уу гэдэг байр суурьтай гишүүд нэлээд байсан. Үүнийг өөрчилсөн үү?
-Төрийн өмч байна гэдэг нь 1992 оны заалт. Энэ заалт хөндөгдөөгүй байгаа. Тиймээс өргөн баригдаагүй заалтад Их хурал гар хүрч болохгүй. Харин яаж ашиглах вэ гэдгийг ярьж байна. Бүлгийн хурлын дараа ажлын хэсэг дахин хуралдана. Маргааш байнгын хороодоор тодорхой төслүүд орно.
-Ард нийтийн санал асуулгад хэдий хэмжээний төсөв мөнгө гаргахаар байгаа вэ?
-Ард нийтийн санал асуулгад 15 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байналээ. 2000 гаруй хэсгийн хороод, 15-16 мянган хүн ажиллана гэсэн тооцоонуудаа гаргасан байсан. Гэхдээ үүнийг эцэслэж яриагүй. Учир нь хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа зардал мөнгөний асуудлыг ярина.
-УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлаар өөрчлөлт оруулсан уу?
-Ард иргэдтэй уулзахад гишүүдийг эгүүлэн татах асуудлыг нэлээд хөндсөн. УИХ-ын гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн болон эгүүлэн татах үндэслэлтэй гэж Цэц үзвэл УИХ эгүүлэн татна гэсэн өөрчлөлтийг оруулахаар сая шийдсэн. Хоёрдугаар хэлэлцүүлэг явуулсны дараа чуулган завсарлах уу, Ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгээ шийднэ. Хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа хүлээгдэж байгаа зургаа, долоон асуудлыг хэлэлцэнэ.