АНУ-ын реппер Клиффорд Харрис Жуниор буюу “T.I.” “Ladies Like Us” гэх радио подкастад оролцох үеэрээ жил бүр өөрийн охиноо төрсөн өдрийнх нь дараа охидын үзлэгт хамруулж, бэлгийн харьцаанд орсон эсэхийг тодорхойлох буюу “онгон хальс шалгах” гэж нэрлэгддэг шинжилгээнд хамруулдаг болохоо ярьсан аж. Энэхүү ярилцлага цацагдсаны дараагаар олон нийт болон хүний эрх, охидын эрхийг хамгаалах байгууллагуудын зүгээс хүчтэй шүүмжилсэн бөгөөд тус улсад энэ асуудлын хүрээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүлээд байна.
Америкийн хүний эрхийн өмгөөлөгч нарын холбоо олны танил эрхмийн уг үйлдлийг “хоцрогдсон, буруу ойлголт” гэж тодорхойлжээ. Анагаахын шинжлэх ухааны үүднээс тухайн охин эсвэл эмэгтэй урд нь бэлгийн харьцаанд орж байсан эсэхийг “онгон хальс шалгах” шинжилгээгээр бүрэн тодорхойлох боломжгүй гэж үздэг. Мөн хүний эрхийн байгууллагууд охидын үзлэг хийх нь хүний хувийн нууцад халдаад зогсохгүй зүй зохисгүй, хоцрогдсон арга гэж үздэг.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын хүний эрхийн комисс болон НҮБ-ын эмэгтэйчүүдийн эрхийн хорооны 2018 оны хамтарсан мэдэгдэлд энэ төрлийн шинжилгээ, үзлэгийг “sexist” агуулгатай гэж тодорхойлон, цаашид хэрэгжүүлэхийг хориглохыг уриалсан байдаг. Хэрэв энэ төрлийн тестийг охид, эмэгтэйчүүдээс албадан болон сайн дураар авсан тохиолдолд НҮБ-ын Хүний эрхийн конвенцын хүний эрхийн нийтлэг үндэслэл, хүүхдийн эрх, бэлгийн чиг хандлага, зан үйлээр ялгаварлан гадуурхахгүй байх, бие физиологийн онцлогтой холбоотой хувийн нууцад халдах зэрэг зүйл заалтуудыг хурцаар зөрчсөн гэж үзэх аж.
Гэсэн ч НҮБ-ын 2019 онд хийсэн судалгаагаар энэ төрлийн шинжилгээг дэлхийн 20 гаруй оронд одоо хэр нь авсан хэвээр байгаа гэжээ. Үүнд АНУ-ын хамтаар манай улс багтаж буй. Харин дэлхий нийт, тэр тусмаа хүний эрхийн байгууллагууд чухам яагаад энэ төрлийн шинжилгээг хориглох ёстой талаар мэргэжилтнүүд ингэж тайлбарлажээ.
1. Охидын үзлэг бол ам дамжсан домог төдий яриа, хуучинсаг үзэл дээр үндэслэн бий болсон шинжилгээ юм
Охидын “онгон хальс шалгах” гэж нэрлэгддэг шинжилгээг ерөнхийдөө хоёр төрлөөр авдаг. Эхнийх нь эмч онгон хальсны хэлбэр, хэмжээг шууд нүдээр харж тодорхойлох арга юм. Харин хоёр дахь нь эмч тухайн шинжилгээнд хамрагдагч охидын үтрээнд хоёр хуруугаа шургуулж шалгах аргыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл эдгээр шинжилгээний практик нь аль аль нь дэндүү хоцрогдсон, бүдүүлэгт тооцогдоно.
Жоржтауны их сургуулийн Хүний эрхийн хүрээлэнгийн эмч, профессор Ранит Мишоригийн хэлснээр “Энэ төрлийн үзлэг анх охид, бүсгүйчүүдийн цэвэр, ариун байдал гэх хуучинсаг үзлээс улбаалан бий болсон байдаг. Дундад зууны үед Англид охидын цэвэр, ариун эсэхийг шалгахдаа үтрээнд нь интоор жимс хийдэг байсан бөгөөд хэрэв буцаж гарч ирвэл бэлгийн харьцаанд орсон буюу цэвэр, ариун байдлаа алдсан гэж үзэн шийтгэдэг байсан талаар түүхийн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Харин өнөөгийн шинжилгээний арга барил нь дундад зууны үеийн энэхүү бүдүүлэг практикаас тийм ч хол ялгаагүй. Учир нь зарим охидын физиологийн онцлогоос хамааран бэлгийн харьцаанд орсон ч онгон хальс хэвээр үлдэх тохиолдол байдаг. Мөн унадаг дугуй, морь унах, спортоор хичээллэх, тампон зэрэг ариун цэврийн хэрэглэл ашиглах, эсвэл зүгээр л биеийн онцлогоос хамааран бэлгийн харьцаанд ороогүй байсан ч онгон хальс урагдах тохиолдол их байдаг. Мөн охид анх удаа бэлгийн харьцаанд орох үед цус гардаг гэдэг нь ч анагаах ухааны үндэслэлгүй домог, хууч яриа төдий зүйл юм” гэжээ. Гэсэн ч олон судалгааны үр дүнд анх удаа бэлгийн хавьталд орох үед охид цус алддаг гэх тоон үзүүлэлтийг гаргасан байдаг. Гэвч үнэндээ энэ нь дүгнэлт хийхэд тун хангалтгүй, бүдүүлэг өнцөг бөгөөд профессор Ранит Мишоригийн судалгаанд дурдсанаар цус гарах нь анх бэлгийн харьцаанд орох үед тухайн эмэгтэйн үтрээ хуурай байсантай ихээхэн холбоотой байдаг аж.
2. Охидын үзлэг сэтгэцийн сөрөг үр нөлөө дагуулдаг
НҮБ-ын судалгаанд дурдсанаар охидын үзлэг хийх замаар “онгон эсэх”-ийг тодорхойлох нь охидод гэм хийсэн мэдрэмж төрүүлж, өөрийгөө жигших, үзэн ядах зэрэг сэтгэцийн айдас, түгшүүрийг бий болгох сөрөг үр нөлөөтэй гэжээ. Мөн шинжилгээний үр дүн буюу охидын хувийн чухал нууцыг гэр бүл, анги хамт олон, багш, сургуулийн захиргаанд мэдэгдэж байсан асуудал АНУ-д хэд хэдэн удаа бүртгэгджээ.
Энэ асуудлаар эмэгтэйчүүдийн эмч Женнифер Гунтер “охидын үзлэг гэх нэрнээсээ энэ асуудал хүйсийн тэгш бус байдлыг хөндөж байгаа нь илт харагдаж буй. Мэдээж уламжлалт хуучинсаг үзэл болох охидын цэвэр, ариун байдал гэх үзлээс шалтгаалан зөвхөн охид, эмэгтэйчүүдэд энэ төрлийн бэлгийн харьцаанд орж байсан эсэх тестийг явуулдаг. Эмэгтэй хүн гэрлэхээсээ өмнө бусадтай бэлгийн харьцаанд орж болохгүй гэх зөвхөн хүйсээр ялгаварласан үзэл дэлхийн бараг бүх оронд зонхилдог. Харин эрэгтэйчүүд үүнд ямар ч хариуцлага хүлээдэггүйн адил энэ төрлийн асуудлаас болж үүдэх сэтгэл санааны сөрөг нөлөөнд тэр бүр өртөөд байдаггүй. Энэ төрлийн шинжилгээний арга барилаас болж өсвөр насны охидын дунд онгон байдлаа хадгалахын тулд аман болон анал секс хийх зэрэг бэлгийн өөр чиг хандлагууд ихээр ажиглагддаг. Мөн ихэнх тохиолдолд энэ нь хүсээгүй жирэмслэлтийн шалтгаан болдоггүй учир хамгаалалт хэрэглэлгүй хавьталд орсноор бэлгийн замын элдэв өвчний халдвар авах тохиолдол цөөнгүй байдаг” гэсэн байна.
3. Охидын үзлэгийн үр дүн хүйс, бэлгийн чиг хандлагын хэв маягийг бүрэн тодорхойлох өгөгдөл болдоггүй
Дээр дурдсанчлан зарим охидын биеийн онцлогоос хамааран бэлгийн харьцаанд ороогүй байсан ч онгон хальс урагдах тохиолдол байдаг. Гэтэл охидын үзлэгийн үеэр үүнийг илрүүлж бэлгийн идэвхтэй амьдралтай гэж үзэх нь элбэг байдаг аж.
Энэ талаар профессор Ранит Мишори “энэ төрлийн үзлэг, шинжилгээний арга барилууд нь охидын бие физиологийн онцлогийг огтхон ч хүндэтгэн авч үздэггүй. Ер нь яагаад охид өөрсдийн бэлгийн амьдралын өмнөх түүхийг батлахын тулд заавал эмчийн үзлэгт хамрагдах ёстой гэж. Яагаад нийгэм тухайн эмэгтэйн хэлж буй зүйлд зүгээр итгэж болохгүй гэж. Үүнийг болохгүй гэх үндэслэл нь ердөө л нийгэмд эмэгтэй хүнийг үнэлэх тогтсон хэт хуучинсаг үзэлтэй холбоотой. Жишээ нь эмэгтэй хүн өмнө нь олон бэлгийн хавьтагчтай байлаа гээд сайн гэрийн эзэгтэй болж чадахгүй гэх баталгаа огт болдоггүйн адил нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд нь ч гэсэн дагаад буурах ямар ч үндэслэл байхгүй. Хэрэв нийгэм эмэгтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхсан энэ хандлагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа тохиолдолд анагаахын шинжлэх ухаан болон эмч нарын энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх ажил улам замхарч байна. Хэрэв нэг реппер, олны танил хүний ярианаас болж энэ асуудал нийгмийг хамарсан хэлэлцүүлэг болж өрнөөгүй байсан бол үүний цаана олон жил дарагдсан хүнд асуудлууд ил болохгүй хэвээр байх байсан” гэсэн юм.