Эми Жой Касселберри Кудди нь нийгмийн сэтгэл судлаач зохиолч, илтгэгч хүчирхэг эмэгтэй юм. Тэрээр хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл хөдлөл, эрх мэдэл, бусдын зан авирын хэв маяг, гормоны төвшинд нийгмийн өдөөлтөөс үзүүлэх үр нөлөөний судалгаа зэргээрээ танигдсан нэгэн.
Харвардын Бизнесийн Сургуулийн Бизнесийн Удирдлагын профессор Куддигийн “TEDGlobal”-д тавьсан илтгэлийг 40 сая хүн үзэж “TED” илтгэлүүдийн хамгийн их үзэлттэй илтгэлийн хоёрт эрэмблэгдсэн юм. Тэрхүү илтгэлийг “ITOIM” та бүхэнд хүргэж байна.
Би та нарт нарийн техник шаардахгүй нэгэн үнэгүй арга зааж өгье. Та зөвхөн хоёрхон минутын турш байрлалаа өөрчлөхөд хангалттай. Гэхдээ би яагаад гэдгийг хэлэхээсээ өмнө та бүхнийг бие болон хөдөлгөөнөө анзаарахыг хүсье. Та нарын хэд нь өөрийгөө хумиж жижигхэн болгож байна вэ. Магадгүй бөгтийж, хөлөө зөрүүлж, нэг хөлөөрөө нөгөөгөө ороодог. Заримдаа бид гараа урдаа авч, заримдаа гар алдалдаг. Таныг яг одоо ямар хөдөлгөөн хийж байгаагаа анзаараасай гэж би хүсч байна. Удахгүй үүний чинь талаар ярих болно. Хэрвээ энэ бяцхан залийг сурчихвал таны амьдралын цаашдын өрнөлийг мэдэгдэхүйц өөрчилнө гэж би найдаж байна.
Биеийн хэл нь биднийг үнэхээр гайхшруулдаг. Ялангуяа бусдын биеийн хэл их сонирхол татдаг. Та нар мэднэ дээ.Эв хавгүй харилцаа, инээмсэглэл, зэвүүцэм харц, эв муутайгаар эсвэл зүгээр л гар барих ч байж болно. Үггүй харилцаа буюу биеийн хэл эсвэл нийгмийн шинжлэх ухаанчдын хэлдгээр үггүй илэрхийлэл нь нэг төрлийн хэл, тиймээс бидний хоорондын холбоо гэсэн үг. Тэгэхээр таны биеийн хэл надад юу гэж байна вэ, минийх танд юу гэж бодож байна вэ гэдгийг шууд харуулдаг.
Нийгмийн ухааны эрдэмтэд бидний болон бусад хүмүүсийн биеийн хэл ямар сэтгэгдэл төрүүлдэг тухай маш их судалгаа хийсэн. Бид биеийн хэлэн дээр үндэслэн хоромхон зуур дүгнэлт хийдэг. Тэдгээр нь амьдралын нэн чухал үр дүнг урьдчилан хэлж чаддаг. Жишээ нь, хэнийг ажилд авах эсвэл дэвшүүлэх, хэнийг болзоонд урих гэдэг нь биеийн хэлээс хамаардаг.
Тухайлбал, Тафтс Их Сургуулийн судлаач Налини Амбади хүмүүс эмч өвчтөн хоёрын харилцааг харуулсан 30 секундын дуу авиагүй бичлэгийг үзээд эмчийн хандлагын талаар дүгнэлт хийсэн. Тэгээд тэр эмчийг өвчтөн нь шүүхэд өгөх эсэхийг зөв таамагласан. Энэ нь эмчийн чадвараас хамааралгүй байсан ба харин эмч бидэнд хэр таалагдсан, харилцаа нь ямар байсан нь илүү чухал. Илүү сонирхолтой нь, Принстон Их Сургуулийн судлаач Алекс Тодоров нэр дэвшигчдийн нэг секундын царайны илрэлээр АНУ-ын сенатын болон мужийн захирагчийн сонгуулийн үр дүнг 70 хувийн оновчтой таамагладгийг, тэр байтугай цахим ертөнцөд сэтгэл хөдлөлийн тэмдэгтүүдийг сайн ашиглаж чадвал илүү үнэ цэнэтэй хэлэлцээр хийдгийг тус тус харуулсан. Мэдээж буруу ашигладаг бол энэ тийм ч сайхан санаа биш. Тиймээс үггүй илэрхийллийн тухай ярихад, бид бусдыг хэрхэн дүгнэдэг, биднийг бусад хүмүүс хэрхэн дүгнэдэг, мөн үр дагаврын тухай боддог.
Гэвч бидний энэ илэрхийллийн нөлөөлдөг өөр нэг хүлээн авагчийг буюу өөрсдийгөө мартдаг. Бидэнд өөрсдөд маань ч гэсэн биеийн хэл, оюун ухаан, мэдрэмж, бие махбодь нөлөөлдөг.
Би бол сэтгэл судлаач, өрөөсгөл хандлагыг судалдаг. Мөн нэр хүндтэй бизнесийн сургуульд багшилдаг. Тиймээс би эрх мэдлийн тухай сонирхох нь гарцаагүй байсан. Ялангуяа эрх мэдэл болон давамгайллын биеийн хэлийг их сонирхох болсон. Эрх мэдэл, давамгайллын биеийн хэл гэж юу болохыг одоо тайлбарлая.
Амьтны ертөнцөд энэ нь гараа сунгах, биеэ чөлөөлөх үйлдэл. Өөрийгөө том болгон сунгаж, илүү их орон зайг дүүргэж, нээлттэй болгодог. Хүн өөрийгөө тухайн мөчид хүчирхэгээр мэдрэх үедээ энэхүү хөдөлгөөнийг хийдэг. Яг л тэмцээнд ялалт байгуулсны дараа хүмүүс гараа дээш алдлан өргөдөг шиг.
Энэ бахархал гэдэг хөдөлгөөнийг Жессика Трэйси сайн судалсан. Түүний олж мэдсэнээр, хараатай болон төрөлхийн хараагүй хүмүүс бүгд биеийн хүчний тэмцээнд ялахдаа үүнийг хийдэг байна. Тэдгээр хүмүүс барианд орж ялалтад хүрэхдээ урд нь харж байсан эсэхээс үл хамааран хоёр гараа V хэлбэртэй болгож, эрүүгээ дээш өргөх энэхүү үйлдлийг хийдэг.
Харин бид хүчгүй мэдрэмж төрсөн үедээ яг эсрэгээр нь үйлддэг. Бид хаалт үүсгэж биеэ ороон өөрсдийгөө жижиг болгодог. Дэргэдэх хүнтэйгээ хүрэлцэхийг ч хүсдэггүй. Хүн болон амьтад яг адилхан үйлдэл хийдэг.
Хүч чадлын тухайд бид юу хийдэг вэ гэвэл бид нэг нэгнийхээ биеийн хэлийг нөхдөг. Хэн нэгэн бидэнд маш хүчирхэг санагдвал бид жижиг болдог. Энэ үйлдлийг хичээл дээр ажиглахад би хэд хэдэн зүйлсийг анзаарсан.
Магистрын оюутнууд бүх л төрлийн хүчирхэг хөдөлгөөнүүд харуулдаг болохыг анзаарсан. Зарим нь ангид орж ирээд шууд ангийн голд хичээл ч эхлээгүй байхад суудлаа эзэлдэг. Бүх зайг эзлэхийг хүссэн мэт. Ерөнхийдөө нэлээд ханхайж суудаг гэсэн үг. Хичээлдээ оролцохдоо гараа байдгаараа дээш өргөдөг. Харин зарим хүмүүс үүний эсрэгээр нурж унах гэж байгаа юм шиг л орж ирнэ.Тэдний өөртөө итгэлгүй байдал тэдний нүүр, биен дээр нь бичээстэй. Тэд сандал дээр суугаад биеэ хумиж, бас гараа өргөхдөө тэрүүхэн тэндээ өргөдөг.
Энэ бүхнээс би хэдэн зүйл анзаарсан. Нэг нь тийм ч гайхмаар биш. Хүйсийн ялгаатай хамааралтай. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэй өөртөө итгэл муутай байдаг. Эртнээс хойш эмэгтэйчүүд хүч муутай мэт байсан. Тиймээс энэ тийм ч гайхмаар биш.
Харин нөгөө нь биеийн хэл оюутнуудын хичээлийн идэвхтэй холбоотой байсан юм. Энэ Бизнесийн удирдлагын магистрын ангид маш чухал. Учир нь тэдний дүнгийн тэн хагасыг хичээлийн идэвхээр тооцдог. Бизнесийн сургуулиуд хүйсийн дүнгийн зөрүүтэй байдалтай тулгарсан. Тэрхүү сургуульд яг ижилхэн чадвартай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг авдаг ч, дараа нь тэд дүнгээрээ ялгарч эхэлдэг. Зарим нэг талаараа хичээлийн идэвхтэй холбоотой санагдана. Ингээд би ингэж бодсон юм. Хүмүүс хичээлд оролцож буй мэт дүр исгэх нь тэдний идэвхийг үнэхээр нэмэгдүүлэх болов уу гэж.
Би өөрийн гол хамтрагч болох Беркелейн Их Сургуулийн судлаач Дэна Карнитай хамт зорилгодоо хүртлээ дүр исгэж болох эсэхийг мэдэхийг хүссэн. Хэсэг хугацаанд ямар нэг зүйл хийх нь эцэст нь биеэ авч явах байдалд нөлөөлж илүү хүчирхэг мэдрэмжийг өөрт нь төхүүлэх болов уу гэдгийг судалж эхэлсэн.
Биеийн хэл бусад хүмүүс биднийг хэрхэн ойлгож хүлээж авдгийг захирдаг гэж бид мэднэ. Маш олон нотолгоо байдаг. Гэхдээ бидний гол асуулт: "Биеийн хэл нь бид өөрсдийгөө ойлгож хүлээж авах байдалд нөлөөлөх үү?" гэдэг байсан юм.
Зарим нэг нотолгоо бий. Жишээ нь, бид аз жаргалтай байхдаа инээмсэглэдэг. Гэхдээ бид үзгээ амандаа зуугаад хүчээр инээхэд аз жаргалтай мэдрэмж бас төрдөг. Аль аль талаасаа нөлөөлнө. Хүчирхэг байх тухайд мөн адил. Тиймээс хүчирхэг санагдсан үедээ таны биеийн хэл ташаагаа хажуудаа авах гэх мэтээр харагдах магадлалтай. Гэхдээ нөгөөтэйгүүр өөрийгөө хүчирхэг гэж бодоход жинхэнээсээ хүчирхэг болох талтай.
Хоёр дахь асуулт нь бидний бодол үйл хөдлөлийг өөрчилдөг юм чинь, үйл хөдлөл бодлыг бас өөрчилж чадах уу гэдэг асуулт байв. Хүч чадлын тухайд бодол гэдэг нь юуг хэлээд байна вэ? Миний хэлж байгаа бодол, мэдрэмжүүд болон бусад тэдгээрийг бий болгодог бие махбодийн бодит зүйл бол миний хувьд дааврууд байсан юм.
Хүчтэй болон хүчгүй хүмүүсийн бодол санаа юугаараа ялгаатай вэ. Хүчирхэг хүмүүс илүү нүүрэмгий, өөртөө итгэлтэй, эерэг бодолтой байдаг нь тийм ч их гайхах зүйл биш. Тэд аз сорьсон тоглоомонд хүртэл хожно гэдэгтээ итгэж, илүү цар хүрээтэй сэтгэдэг. Тиймээс хүчтэй, хүчгүй хүний хооронд маш их ялгаа бий.
Биеийн онцлогийн хувьд ч гэсэн хоёр гол даавар ялгардаг: тестостерон буюу ноёрхлын даавар, кортизол буюу стрессийн даавар. Хүчирхэг, амжилттай удирдагчид тестостероны хэмжээ өндөр, кортизолын хэмжээ бага байдаг. Хүч чадал гэхээр зөвхөн тестостерон хүмүүсийн санаанд ордог. Учир нь энэ даавар давамгайллыг илэрхийлдэг. Хүч чадал нь мөн стресст үзүүлдэг хариу үйлдэлтэй холбоотой. Тэгэхээр та хүчирхэг удирдагчийг өндөр тестостеронтой, стресст өртөмтгий байгаасай гэж хүсч байна уу? Үгүй л болов уу. Та илүү хүчирхэг, нүүрэмгий, ноёрхогч бөгөөд стресст өртөмтгий, идэвхгүй хүнийг хүсэхгүй байх. Бидний мэдэхээр бичний төрөлд толгойлогч нь ямар нэг үүрэг хүлээж авдаг шиг, хэн нэг хүн төстэй үүрэг хэдхэн хоногт хүлээж авах бол түүний тестостерон мэдэгдэхүйц нэмэгдэж, кортизол нь буурсан байдаг. Ингээд бид хүний бие бодлыг нь бий болгодог гэсэн нотолгоотой болсон.
Хэн нэгний хүлээх үүргийн өөрчлөлт нь бодол санаанд нөлөөлдөг. Харин үүрэг нь маш багаар өөрчлөгдөхөд яах бол? Түрүүн та бүхнээр хийлгэсэн хоёр минутын багахан туршилт шиг хоёрхон минут л та гараа ташаандаа авах эсвэл, гараа алдлан суух зэрэг нь таныг хүчирхэг богодог гэвэл ямар вэ?
Бид яг үүнийг туршиж үзсэн юм. Хүмүүсийг туршилтын өрөөнд авчраад багахан туршилт хийсэн. Хоёр минутын турш тэдгээр хүмүүсийг өрөөнд байлгахад нэг хэсэг нь хүчирхэг байрлал авч байсан бол нөгөө хэсэг нь сул дорой байрлалтай байсан юм.
Бидний олж мэдсэн зүйл юу байсныг хэлье.
Тестостероны хувьд, анх ирэхдээ байсан хэмжээнээс хүчирхэг байрлал авсан нь 20 хувиар нэмэгдсэн бол хүчгүйгийнх нь 10 хувиар буурсан. Харин кортизолын тухайд, хүчирхэг хүмүүсийнх 25 хувиар буурч, хүчгүй хүмүүсийнх 15 хувиар нэмэгдсэн.
Хоёрхон минутын дотор л энэхүү дааврын өөрчлөлт гарч тархи хүнийг нэг бол нүүрэмгий, өөртөө итгэлтэй, чөлөөтэй болгож, эсвэл стресст өртөмтгий, сэтгэл санаагаар унамтгай болгож байсан.
Тиймээс биеийн хэл нь бидний бодол, мэдрэмжийг удирддаг. Зөвхөн бусдад ч биш, бидэнд бас хамаатай. Мөн бие маань бодолд нөлөөлнө.
Харин дараагийн асуулт бол мэдээж хэдэн минут байрлал авах нь амьдралд ач холбогдолтой өөрчлөлт хийж чадах уу? Сая хийсэн туршилтаас хүмүүс өөрөө өөрсдийгөө бэлтгэж болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Бодитоор ашиглах газрын хамгийн түгээмэлд тооцогдох нөхцөлийг бид ажлын ярилцлага гэж харсан.
Энэ бол таны бусад хүмүүстэй хэрхэн ярилцах тухай биш. Харин таныг өөртэйгээ ярилцахыг хэлж байна. Ажлын ярилцлаганд орохын өмнө та iPhone эсвэл Андройд утас руугаа ширтээд эсвэл юуг ч орхихгүйг хэчнээн тэмдэглэлээ дахин дахин эргүүлж суухын орон угаалгын өрөөнд эсвэл ганцаараа байж болох ямар нэг газар гараа алдлах, хоёр гараа ташаандаа авах зэрэг өөртөө итгэлтэй, хүчирхэг байрлалыг хоёр минутын турш аваарай. Үүнийг хий, өөртөө ердөө хоёр минутыг л зарцуул.
Би хүмүүст хэлэхдээ, "Бидний бие бодлыг, харин бодол бидний биеэ авч явах байдлыг өөрчилнө. Энэ нь эцэстээ үр дүнг өөрчлөх хүчтэй" гэдэг. Харин тэд хариуд нь, "Нэг л хуурамч санагдаад байна. Жүжиглэх хэрэг үү. Би зорьсондоо хүрсэн хэрнээ залилагч шиг баймааргүй байна. Би мэхлэгч байхыг хүсэхгүй байна" гэж хэлдэг.
Тэдний энэ хариулт надад их ойр санагдсан юм. Би та бүхэнд залилагч шиг байж өөрийгөө тэнд байх ёсгүй мэт бодох талаар нэгэн түүх яръя.
Би 19 настайдаа маш хүнд осолд орсон юм. Машинаасаа шидэгдэж хэд хэд өнхөрч, машинаас шидэгдсэн учир тархины гэмтлийн сэхээний тасагт сэрсэн. Намайг сургуулиас минь ч гаргалаа. Миний IQ хоёр стандарт хэлбэлзлээр буурч надад маш хүндээр туссан. Намайг ухаантай, авьяаслаг гэж тодорхойлдог байсан учир би IQ-гаа сайн мэдэж байсан юм. Сургуулиасаа гарсан ч буцаж орохыг хичээсээр байсан. Тэгэхэд хүмүүс надад “Чи сургуулиа төгсөж чадахгүй ээ. Чамд өөр хийх зүйл зөндөө олдоно, гэхдээ сургууль л биш” гэж байсан. Харин би тэмцсээр байсан. Хувь хүнийхээ гол чадварыг буюу миний хувьд ухаантай байх чадвараа алдаж, юу ч үгүй үлдэхээс илүү өөрөөр ямар ч зүйл хүчгүй байх мэдрэмж төрүүлж чадахгүй. Би ямар ч хүчгүй болсон байсан. Би тэмцээд л, тэгэж байж надад аз дайрсан. Тэгээд ажилласны дүнд дахин аз таарсан. Эцэст нь би сургуулиа төгсөж чадсан. Гэхдээ би үеийнхнээсээ дөрвөн жил илүү зарцуулсан.
Тэгээд би өөрийн хайртай удирдагч Сюзан Фискег намайг авахыг ятгаж чадсанаар Принстон Их Сургуульд элссэн. Тэр үед би өөрийгөө тэнд байх ёсгүй мэт бодож байсан. Би бол мэхлэгч байсан. Принстоны эхний жилийн илтгэлийн өмнөх шөнө байсан юм. Яг нэг илтгэлийг 20 минутын турш 20 хүнд тавьдаг маш хэцүү илтгэл. Энэ зүйл миний хуурамч байдлыг маргааш илчлэх вий гэхээс айсандаа би түүн рүү залгаад "Би болилоо" гэсэн. Харин тэр надад "Чи болихгүй ээ. Учир нь би чам дээр бооцоо тавьсан. Чи үлдэнэ. Харин үлдэхийн тулд ингэх хэрэгтэй. Чи жүжиглэ. Чамайг хий гэсэн бүх илтгэлийг тавь. Зүгээр л хийгээд бай. Хэчнээн их айж хөшсөн ч хамаагүй. Хэрээс хэтэрсэн санагдсан ч хамаагүй. Хөөх би үүнийг чадаж байна шүү дээ. Би ийм болчихлоо. Би үнэхээр чадаж байна" гэж бодох хүртлээ хий гэсэн юм. Би ийм л арга хэрэглэсэн. Нортуэстерн Их Сургуулийн магистрт таван жил багшилж, дараа нь Харвард руу шилжсэн. Одоо бодохоо больсон ч өмнө нь ямагт, "Би энд байх ёсгүй шүү дээ" гэж боддог байлаа.
Харвардад очсон эхний жилийн сүүлд бүтэн семистрийн турш дуугараагүй нэг оюутанд би
"Чи хичээлд оролцохгүй бол муу авах нь байна" гэж хэлсэн юм. Түүнийг миний ажлын өрөөнд орж ирэхэд тэр бүр сэтгэлээр унасан байсан ба “Би энд байх ёсгүй” гэж надад хэлсэн. Тэгэхэд би ойлгосон. Тэр мөчид хоёр зүйл болсон. Нэг нь, би тэгэхэд нөгөө бодлоосоо салсан байсан. Харин түүнийг тэгж хэлэхэд надад дахин бодогдсон юм. Хоёр дах нь, "Тэр энд байх ёстой" гэж бодсон. Тэр дүр эсгээд хийж чадна. Тэгээд би "Тэгэлгүй яахав дээ! Чи энд байх ёстой! Маргааш чи жүжиглээд ч хамаагүй өөрийгөө хүч чадалтай болгох хэрэгтэй" гэсэн. “Чи ангид ороод хамгийн шилдэг сэтгэгдэл хэлэх болно” гэж би түүнд хэлсэн юм. Яасан гээч, тэр хамгийн шилдгийг нь хэлсэн. Оюутнууд эргэж хараад, “Бурхан минь, түүнийг энд байсныг анзаарсангүй” гэцгээж байсан.
Хэдэн сарын дараа тэр над дээр ирэхэд тэр чадах хүртлээ жүжиглээд зогсоогүй, тэр тийм хүн болтлоо жүжиглэсэн байсан. Тэр их өөрчлөгдсөн. Тэгэхээр та нар ч бас чадах хүртлээ жүжиглэх биш, тийм хүн болтлоо дүр эсгээрэй. Өөртөө уусгаж тийм хүн болтлоо хангалттай их хичээгээрэй..
Миний сүүлийн та нарт хэлэх зүйл бол "Бяцхан заль том өөрчлөлт хийж чадна."
Тиймээс ердөө хоёр минут л үүнийг хийгээл үз. Танд таалагдах болно. Хамгийн сайн үр дүн үзүүлэхээр тархиа удирд.
Тестостероноо ихэсгэж, кортизолоо бууруул. Тэр байдлаас "Би өөрийгөө харуулж чадсангүй дээ" гэх биш, харин оронд нь "Би өөрийгөө хэн гэдгээ хэлээд, бас харуулмаар байна" гэж өөртөө хэлээрэй. Тиймээс би таныг хүчирхэг байрлалыг авч үзээд, дараа нь үүнийгээ бусадтай хуваалцаасай гэж хүсч байна. Энэ маш энгийн. Бусдад өг, бусадтай хуваалц. Учир нь энэ арга хамгийн хэрэг болдог хүмүүс нь эх үүсвэргүй, техникгүй, нийгэмд эзлэх байр суурьгүй, хүчгүй хүмүүс байдаг. Тэд үүнийг ганцаараа байхдаа ашиглана. Тэдэнд ганцаараа хоёр минут байхад л хангалттай. Энэ нь тэдний амьдралыг мэдэгдэхүйц өөрчилж чадна.