“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийг угтан Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, Гавж Д.Чойжамц түмэн олондоо мэндчилгээ дэвшүүлж, гахай жилийн өнгө зурхайн зурлагад хэрхэн буусныг айлдлаа.
Хамба Д.Чойжамц “Цагаан сар бол монгол түмний түүхийг сануулсан сайхан баяр. Энэ жилийн зурхайгаар гарч буй гахай жилд ард түмэндээ хэд хэдэн зүйлийг анхааруулж хэлье. Шим ертөнц буюу хүн талаасаа авч үзэхэд ахмадуудад ээлтэй, залууст дунд хэмжээнд байна. Гэхдээ сайн тал руугаа хандана. Нялхаст жоохон тааруу гэж зурхайд буусан байна. Нялхас гэдэг нь насаар нялх хүүхдийг хэлдэг. Нөгөө талаас бодлогоггүй, аливааг өөрийн толгойгоор боддоггүй, бусдыг даган дуурайж, юунд ч хамаагүй гараа дүрчих гээд байдаг нэгнийг нялхас хэлдэг. Эдгээр хүмүүс энэ жил өөрийн бодолтой, үнэн зөвийг магадлаж амьдрах нь зүйтэй.
Цаг агаарын хувьд бороо хур элбэгтэй ч мөндрөөс болгоомжил гэсэн байгаа юм. Засаг төрийн хувьд дээд талаараа хямралтай. Хямрал гэдэг нь эв зохицол алдах тал руугаа хандахыг хэлж байгаа юм. Зөрчил тэмцлийг эв зохицлоор шийдэх учиртай.
Урвуулагч хэмээгч гахай жил гэдгийн “урвуулагч” гэдэг нь ёгт нэр байгаа юм. Тухайлбал, муу зүйлийг сайнд урвуулж болохыг илэрхийлнэ. Иймд бид амьдралаа сайн сайхан руу нь хөтөлж, муу муухай зүйлийг хаяж гээвэл бидний амьдрал сайхан болох учиртай” хэмээв.
Сүүлд нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Шороон гахай жилийн ямар онцлогтой жил болох төлөв бууж байна вэ. Жил нь орж байгаа хүмүүс юунд анхаарч, ямар засал ном хийлгэх вэ?
-Хиймэр сүлд сайтай, биеэ зөв авч явдаг хүнд өвчин, зовлон бага тулгарна. Бие эрүүл, хийморь, сүлд сайтай хүний жил орох, мэнгэ голлох засварыг заавал хийх нь онц чухал биш. Ялангуяа залуу хүн. Заавал шинийн 15-ны дотор засал номоо хийлгэдэг нь сэтгэлдээ дархлаа суулгаж байгаа хэрэг. Заслаа хийлгэсэн учраас энэ жил сайхан явна гэдэг сэтгэлдээ бэхлэлт хийж байгаа гэсэн үг.
-Битүүний өдрийг хэрхэн билэгдэж, тэмдэглэх вэ. Тухайн өдөр юуг эрхэмлэх учиртай байдаг вэ?
-Одон гарагийн зурхайгаар жилийн хамгийн сүүлийн өдөр болох битүүнийг сайхан тэмдэглэх учиртай. Битүүний өдрийг жилийн хамгийн сүүлчийн өдөр гэж тооцож байгаа учраас үдэж буй жилдээ эрүүл энх, амьдрал минь хөгжиж дэвшсэн жил боллоо гэж билэгтэй сайхан тэмдэглэх учиртай. Бидний бие усны хөөс шиг. Багахан халтирч гишгэхэд л яваад өгдөг. Ийм биетэй улс бүтэн жилийн турш эрүүл саруул, амьд сэрүүн явсан жилээ үдэж, үр хүүхэд гэр бүлтэйгээ жаргалтай сайхан тэмдэглэдэг уламжлалтай юм. Нар жаргаснаас хойш идээ битүүлгээ засна. Шинэ гарсан жилдээ хэрүүл уруултай байхгүйг билэгдэж, цагаалдаг. Идээ битүүлгээ зөрүүлнэ.
Харин шинийн нэгний өглөө нар ургахаас өмнө тухайн жилийнхээ эхний өдрийг угтан авдаг. Өвгөд хөгшдөө хүндэтгэж, үеийнхэнтэйгээ найрсаж, хүүхэд багачуудынхаа гарыг цайлгаж, энхрийлэн хайрладаг учиртай. Энэ өдрүүдэд бие, хэл, сэтгэл гурваа цэгнэх ёстой. Хэл тунамал байж, билэг дэмбэрэлтэй үг хэлэх учиртай. Шинийн нэгний өглөөний байдлаар тухайн жилийнхээ өнгийг билэгддэг ард түмэн учраас тухайн өдөр үг хэл, биеэ цэгнэх нь чухал
-Сүүлийн үед Цагаан сарыг үгүйсгэх боллоо. Монголчууд тэмдэглэх ёсгүй гэх болсон. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Сайн судалж, танин мэдээгүй, сүржин үедээ явж байгаа юм уу гэж бодож байгаа. 1937 онд нударга хуу татдаг, хувьсгалч хүн болж, нэг л их европжсон соёлтой хүн болдог ч юм уу эсвэл өөр ямар нэгэн үзэл суртлын Монголд дэлгэрүүлэх гэсэн санаа агуулдаг юм уу. Янз бүрийн үзэл бодол дэлгэрч байгаа. Монголчууд цөөхүүлээ. Агуу их хөгжил дэвшилтэй ертөнцийн дунд амьдарч, тусгаар тогтнолоо хамгаалахад гарцаагүй Монголын түүх, уламжилж ирсэн ёс заншил, түүх хэрэгтэй. Бид түүх, ёс заншлаасаа салахгүй байхад бидэнд алдах алдаа байхгүй.
Та бүхэндээ урт насалж, удаан жаргалтай, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн сайн сайхан байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлж байна.