Open iToim app
Засгийн газар | 9 мин уншина

Н.Энхтайван: Монгол Улс гадаад худалдааны гол түнш орнуудаасаа хараат байна

Н.Энхтайван: Монгол Улс гадаад худалдааны гол түнш орнуудаасаа хараат байна
Нийтэлсэн 2021 оны 1 сарын 15
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар тавьсан асуулгын хариуг сонсож, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван: Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2020 онд 12.8 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 7.5 тэрбум ам.доллар, импорт 5.3 тэрбум ам.доллар боллоо. Ингэснээр Монгол Улсын худалдааны тэнцэл 2020 онд 2.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Цар тахалтай үед гадаад худалдааны тэнцэл эерэг гарахад Засгийн газраас хөрш орнуудтай худалдааг хэвийн явуулахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнчлэн эрдэс баялгийн экспорт нөлөөлсөн. Монгол Улсын гадаад худалдаа ДНБ-ний 126 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байна. Гэхдээ гадаад худалдааны нээлттэй, чөлөөт бодлого нь эдийн засгийн бусад салбаруудтай харьцуулахад уул уурхайн салбарт хөгжлийн илүү өргөн боломжийг нээж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн бусад салбаруудын нийт экспортод эзлэх хувийн жин чамлалттай байна. 2019 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 83.7 хувийг олборлох үйлдвэрийн түүхий эд, 1.3 хувийг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, 5.7 хувийг нэхмэл, сүлжмэл эдлэл тус тус эзэлж байна гэх мэдээллийг өгсөн юм.
Харин тэрээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн тавьсан таван асуултад дараах тайлбарыг өглөө.
Монгол экспорт-экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар: Засгийн газрын 2016 оны экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2018 оны 278 дугаар тогтоолоор Монгол экспорт хөтөлбөр болгон шинэчлэн баталсан. Уг хөтөлбөрийг 2018-2020, 2021-2022 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, дараах гурван үндсэн зорилтын хүрээнд 36 ажил, арга хэмжээг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
1. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, татвар болон хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх
2. Уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортыг төрөлжүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих
3. Худалдааг хөнгөвчлөх, гадаад зах зээлийг тэлж, экспортыг нэмэгдүүлэх
Хөтөлбөрийг ГХЯ, ХХААХҮЯ, СЯ, ГЕГ хамтран хэрэгжүүлж, экспортыг дэмжих зөвлөлийг Гадаад харилцааны сайд ахлан ажиллаж байна. 2019 оны байдлаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 823 сая ам.доллар буюу нийт экспортын 10.8 хувийг эзэлж байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ сүүлийн 5 жилд 40 хувь орчим өссөн. Уул уурхайн бүс бүтээгдэхүүний экспортод ноос ноолуур, нэхмэл эдлэл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн зонхилж байна. 2019 оны мах махан бүтээгдэхүүний экспортыг 2016 онтой харьцуулахад нийт хэмжээ 6.3 дахин, үнийн дүнгийн хувьд 7.5 дахин өссөн нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн зарим ажлаас танилцуулбал:
-ЖДҮ-ийн үйлчилгээг дэмжих хуулийг 2019 онд баталлаа
-Женевт төвтэй Олон улсын худалдааны төвийн дэмжлэгтэйгээр Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг баримт бичгийг 2019 онд боловсрууллаа. Уг баримт бичигт малын гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор ноолуур, сарлаг, тэмээний ноос, арьс шир, мах, сүүн бүтээгдэхүүн, үйлчилгээний салбар, түүний дотор мэдээлэл харилцаа холбооны технологи, аялал жуулчлал, байгалийн нөөцийн салбарт сэргээгдэх эрчим хүч, эрдсийн боловсруулалтыг экспорт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хөгжүүлэх нөөц боломжтойг тодорхой болгосон
-Экспортлогчдод банкны зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, зээлийн батлан даалт гаргаж өгөх зэрэг санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг бий болгох ажлыг  Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй экспортыг дэмжих төслийн хүрээнд эхлүүлээд байна.
-Монгол Улсад олон улсын хуурай боомт байгуулах эрх зүйн үндэсийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ийн хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орлоо. Хуурай боомтыг хөгжүүлэх, салбар дундын ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж, боомтуудын өнөөгийн хүчин чадал, нөхцөл байдлыг олон улсын хуурай боомтын шалгуураар үнэлэх, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, энэ үндсэн дээр бүтээн байгуулалт, худалдааг хөнгөвчлөх зэрэг холбогдох салбарын хөгжлийн бодлоготой уялдуулах зорилго тавин ажиллаж байна
-Гадаад худалдааны нэгдсэн санг ашиглалтад оруулж, экспорт болон импорттой холбоотой бүх төрлийн мэдээллийг цахим хуудаст байршууллаа
-Гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээ бий болгох ажлыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ГЕГ болон холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлж байна
-Европын холбооны зах зээлд гарахаар зорьж буй мал амьтан, ургамлын орц гаралтай 18 нэр төрлийн бүтээгдэхүүний жагсаалтыг Европын комиссод хүргүүлж, эдгээр бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлийн стандартад нийцүүлэх зорилгоор эрүүл ахуй, хорио цээрийн асуудлыг хэлэлцэх Монгол Улс-Европын холбооны хамтын ажиллагааны бүтэц бий болгохоор тохиролцоод байна
-Экспортын кластерыг бий болгох, хөгжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай эхлүүллээ. Энэ эхлэлийг бататгаж үндэсний кластерын сүлжээ байгуулах, шинээр бий болж байгаа экспортын кластеруудыг дэмжих орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна
-Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, үр ашгийг судлах хамтарсан судалгааны ажлыг 2020 оны есдүгээр сараас эхлүүллээ
-Монгол Улс 2017 онд нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хангаж ажиллах, салбар дундын зохицуулалт хийх, үндсэн үүргийг хэрэгжүүлэх худалдааг хөнгөвчлөх үндэсний хороог байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлан ажиллаж байна
Монгол экспорт хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 1.5 тэрбум төгрөг, үүнээс 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргах шаардлагатай байгаа гэсэн тооцоо гарсан ч өнөөг хүртэл тус хөтөлбөрийг төсөвгүй хэрэгжүүлж байгааг энэ дашрамд дурдъя.
Гадаад худалдааг дэмжих, хөнгөвчлөх чиглэлээр: Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт 2017 онд нэгдэн орсон. Уг хэлэлцээр нь далайд гарцгүй, худалдааны өртөг, ялангуяа дамжин өнгөрөх тээврийн зардал өндөртэй улс орнуудын хувьд хил, гаалийн үйлчилгээг сайжруулах, дамжин өнгөрөх барааг түргэн шуурхай нэвтрүүлэх, түүнтэй холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, худалдааны зардлыг бууруулахад өндөр ач холбогдолтой. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороог 2017 онд байгуулж, худалдааг хөнгөвчлөн үндэсний хөтөч зураг, үндэсний хорооны стратеги төлөвлөгөөг батлан ажиллаж байна.
Монгол Улс Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрт нэгдэн орох ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр болон энэхүү Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрийг хамтад нь хэрэгжүүлснээр Монгол Улсад худалдааны зардал 30 хувиар буурна гэж тооцож байгаа.
Худалдааг хөнгөвчлөх зорилгоор худалдааны үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж болон бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, ил тод нийтлэх гадаад худалдааны нэгдсэн санг 2020 оны арванхоёрдугаар сард хэрэглээнд нэвтрүүллээ.
Эрсдэлийн үнэлгээний аргачлалд тулгуурлан импортын 5000 гаруй нэр төрлийн барааг хилийн хяналт шалгалтаас чөлөөлж, импорт, экспортын гэрчилгээ олгох хугацааг 3-5 хоногоор буурууллаа. Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд цахим нэг цонхны системийг байгуулах төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Мөн тус төслийн хүрээнд Алтанбулаг, Бичигт, Замын-Үүд боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Гаалийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор гааль, бизнесийн түншлэл уулзалтыг жил бүр зохион байгуулж байна.
Экспортын бүтээгдэхүүний төвлөрлийг индекс болон худалдааны гэрээ хэлэлцээрийн ач холбогдол, хамгаалалтын хэмжүүр зэрэг үзүүлэлтүүд сүүлийн 10 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар: Манай эрдэмтдийн судалгаагаар Монгол Улс НҮБ-ын гишүүн 193 улсын дотор экспортын барааны төвлөрлийн индексээр 55 дугаар байрт, импортын барааны төвлөрлийн индексээр 33 дугаар байрт, экспортын зах зээлийн төвлөрлийн үзүүлэлтээр 9 дүгээр байрт, импортын зах зээлийн төвлөрлийн үзүүлэлтээр 29 дүгээр байрт жагсаж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр үзүүлэлтээр Монгол Улс гадаад худалдааны гол түнш улсууд, мөн гол нэрийн бүтээгдэхүүнээс хараат байдалд байгаа юм.
Монгол Улс 1994 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсноор бусад 164 гишүүн улстай тэгш эрхтэй худалдаа хийх, гадаад зах зээлд хөнгөлөлттэй буюу үндэсний нэн тааламжтай болон үндэсний нөхцөл эдлэх, олон талт худалдааны тогтолцоонд хамтын шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж бүрдсэн. Монгол Улс гадаад худалдааны бодлогодоо худалдааны олон талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд үл ялгаварлах, олон улсын худалдааг либералчлах, хөгжил болон өрсөлдөөнийг дэмжих зарчмыг баримталж байна. Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны эрх зүйн орчин нь нэг талаас гишүүн улсад хатуу үүрэг хүлээлгэх боловч үндэсний хэмжээнд зах зээлээ хамгаалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, хөгжиж буй орнуудад нэн тулгамдсан эдийн засгийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн хэт алдагдлыг бууруулах боломжийг олгодог. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамнаас хамгаалалтын арга хэмжээний тухай журмыг боловсруулж, Засгийн газрыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Уг журам батлагдсанаар дотоодын үйлдвэрлэлд импортын барааны хэт их нийлүүлэлтээс шалтгаалан ноцтой хохирол учирсан, эсвэл учруулж болох аюул бий болсон тохиолдолд тухайн импортын бараанд тариф болон тарифын тоон хязгаар тогтоож, дотоодын үйлдвэрлэлийг 10 хүртэлх жилийн хугацаанд хамгаалж, дэмжих орчин бүрдэх юм.
Япон улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр, Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн талаар: Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс-Япон улс хоорондын хэлэлцээр 2016 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хоёр орны худалдааны эргэлт 2019 оны байдлаар 601 сая ам.долларт хүрч, хэлэлцээр байгуулахаас өмнөх 2015 онтой харьцуулахад 2 дахин өссөн дүнтэй байна. Манай улсаас тус улсад экспортолж буй барааны дийлэнх хувийг ноос, ноолуур болон мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал, гоо сайхны бүтээгдэхүүн эзэлж байна. МҮХАҮТ-аас тус хэлэлцээрийн хүрээнд 2019 онд 569, 2020 онд 313 гарал үүслийн гэрчилгээг олгосноор манай ААН-үүд гаалийн татварын хөнгөлөлт эдэлжээ. Үүнээс 70 гаруй ААН-ийн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн Японы зах зээл рүү тогтмол гарч байна.
Монгол Улс 2005 оноос хойш Европын холбооны хөнгөлөлтийг ерөнхий систем “GSP+”-д хамрагдаж 7200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах боломж бүрдсэн. 2019 онд 50 ААН, 49.4 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн бол 2020 оны эхний есөн сарын байдлаар 48 ААН, 29.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байна. Одоогоор 75 ААН уг хөнгөлөлтийн системд хамрагдахаар бүртгүүлсэн. Уг хөнгөлөлтийг хүрээнд Европын холбооны дэмжлэгтэйгээр мал, амьтны гаралтай орц найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганын тос, сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн эдлэл, арьс ширэн эдлэл зэрэг дөрвөн кластер бүтээгдэхүүнийг Германы Берлин хотод байгуулсан мэдээлэл, худалдааг дэмжих төвөөр дамжуулан Европын хэрэглэгчдэд хүргэх ажлыг эхлүүлээд байна.
Шинээр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай үзэл баримтлал, Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах  хамтарсан судалгааг хийж гүйцэтгэсэн. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааг 2020 оны есдүгээр сард эхлүүлээд байна. Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт 2020 онд нэгдэж, хэлэлцээрийн 7 дахь гишүүн болсон нь манай улсад анхны бүс нутгийн худалдааны хэлэлцээр боллоо. Манай улс уг хэлэлцээрийн хүрээнд БНХАУ, Энэтхэг, БНСУ зэрэг зургаан улстай нийт 10677 нэр төрлийн бараанд 5-100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх юм. Тухайлбал, БНХАУ-ын нүүрсний импортын татвар 2 дахин буурсан нь Монгол Улсын экспортлогчдод томоохон боломж олгосон. Хэлэлцээр 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.  
Далайд гарцгүй, хөгжиж буй улсын хувьд гадаад худалдаа нь дотоодын үйлдвэрлэл, хэрэглээг зах зээл, үйлдвэрлэгчтэй холбох замаар эдийн засгийг бүхэлд нь хөдөлгөж буй чухал салбар юм. Дээр дурдсанчлан гадаад худалдааны бодлогын үндэс бүрдсэн. Харин бодлогын зохицуулалт, хэрэгжүүлэх тогтолцоог хангах тал дээр анхаарах асуудлууд байгаа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд худалдааны бодлогын чиг үүрэг хариуцсан бүтэц зургаан удаагийн өөрчлөлтөд орсон. Бүтцийн өөрчлөлт нь бодлогын залгамж чанар, уялдаа холбоо, хүний нөөцийн мэргэшсэн байдалд таагүй нөлөө үзүүлсэн. Түүнчлэн дотоодын зах зээл, үйлдвэрлэлийг хамгаалж, хөгжүүлэх зорилгоор тарифын болон тарифын бус зохицуулалтыг оновчтой хэрэгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн үнэмлэхүй болон харьцангуй давуу тал дээр тулгуурласан экспортын үйлдвэрлэлийг дэмжих, экспортлогч ААН-г хөгжүүлэх бүтэц, санхүүжилтийн механизмыг бий болгох, мөн гадаад зах зээлд таатай нөхцөл, орчныг бүрдүүлэх чиглэлээр нэгдсэн уялдаатай, оновчтой зохицуулалтыг хийх шаардлага байгаа. Энэ нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг үндэслэн Засгийн газраас Монгол Улсын худалдааны бодлогын баримт бичиг болон Гадаад худалдааны зохицуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж байгааг мэдээлье. Эдгээр бодлогын баримт бичиг болон хуулийн зохицуулалт нь худалдааны салбарын харилцааг олон салбарын хуулиар хэсэгчлэн зохицуулж ирсэн байдлыг засах, худалдааг зохицуулах төрийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг хуульчлан баталгаажуулах, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийг тодорхой, мөн уялдаатай болгох болон худалдааны бодлогыг улс орны урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэхэд чиглэнэ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн