Open iToim app
Спорт | 5 мин уншина

Лигийн шилдэг тоглогч Т.Хангал: Аавынхаа үргэлжлэл болж, багийнхаа амжилтыг ахиулж чадсан

Лигийн шилдэг тоглогч Т.Хангал: Аавынхаа үргэлжлэл болж, багийнхаа амжилтыг ахиулж чадсан
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 14
Волейболын үндэсний дээд лигийн “Натур Мед Ноён” багийн тоглогч Т.Хангалтай ярилцлаа. Тэрээр багийн хамтаар 2021 оны Үндэсний дээд лигийн аварга болж, “Шилдгийн шилдэг тэгш тоглогч”-оор тодорсон юм.
-Анх хэдэн настайгаасаа энэ спортыг сонирхож, хичээллэхээр болсон бэ. Гэр бүлээрээ спортын хүмүүс учир энэ нь ч бас их нөлөөлсөн үү?
-Тэгэлгүй яах вэ. Манай аав, ээж, авга ах, эгч бүгд волейболын тамирчин, мастер хүмүүс. Харин манай өвөө Монгол Улсын хөнгөн атлетикийн гавьяат багш Д.Ринчен. Иймд ер нь багаасаа л бөмбөгтэй их ойр өссөн. Миний гурван настай үеийн волейбол тоглож байх үеийн зураг байдаг. Тэр зургаас харвал ер нь гурван настайгаасаа л тоглож эхэлсэн юм болов уу гэж боддог. Баянгол дүүргийн 47 дугаар сургуульд гуравдугаар ангид суралцаж байхдаа спортын мастер Б.Баттулга багшид шавиар орж, анх энэ спортын сууриа тавиулж байсан даа.
-Тэмцээнд оролцоод, спортоор хичээллээд явахад гэрийнхэн нь маш их дэмждэг үү?
-Үнэхээр их дэмжиж, бат ар тал минь болж чаддаг. Анхны тэмцээний үеэр ч ээжийн сэтгэл нь догдолж дэмжихээр ирж, ундаа жимс гээд миний дуртай зүйлсийг авч ирсэн зогсож байсан. Ингээд удмаа үргэлжлүүлээд тамирчны замналаар явж байгаад их баяртай байдаг болов уу. Миний хамгийн дуртай тод санадаг тэмцээн бол 2014 оны мини волейболын тэмцээний үеэрх тэмцээн. Тэр үед улсын аваргад анх удаагаа оролцож, багийн хамт алтан медаль авсан. Мөн тэмцээний өсөх ирээдүйтэй шилдэг тамирчнаар тодорч байлаа. Хамгийн анхны тэмцээн, анхны алтан медаль учир их баярлаж догдолж явсан даа.
-“Натур Мед Ноён” клубт тоглоод хэр удаж байна. Аавынхаа хариуцдаг клубт тоглож байгаа нь хэр санагддаг вэ?
-“Натур Мед Ноён” клуб 1998 онд анх “Ноён” нэртэйгээр байгуулагдаж байсан юм. Харамсалтай нь тодорхой шалтгаанаар 2013 онд клуб үйл ажиллагаагаа түр завсарласан. Харин “Натур Мед” сэргээн засах төв байгуулагдаж, “Ноён” клубийг ивээн тэтгэхээр болсноор дахин үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж, 2020 оноос лигт эргэн ирсэн.
“Ноён” клуб анх үүсгэн байгуулагдах үед манай аав тоглогч нь болсон. Тамирчны замналын дараа ч дасгалжуулагчаар клубтээ үлдсэн. Нэг ёсондоо аавын минь бүхий л амьдралаа зориулсан үнэ, цэнтэй клуб юм. Иймд багаасаа л энэ клубт харьяалагдаж тоглох мөрөөдөлтэй болсон. Ингээд энэ мөрөөдлөө биелүүлж тоглож байгаадаа баяртай явдаг.
-Р.Тамираа дасгалжуулагч багийн тоглогчдод хамгийн их захиж, зөвлөдөг зүйл юу вэ?
-Аав тоглогчдод хандаж “Энэ бол та бүгдийн дуртай, хайртай спорт. Дуртай зүйлээ хийж байгаа учир хожсон ч хожигдсон ч хамаагүй жаргаж тоглоорой” гэж их захидаг. Бид ч энэ зарчмыг баримталж бие биедээ уур уцааргүй, алдааг нь засч хамтдаа тоглоцгоодог.
undefined
-Энэ удаагийн лиг их сонирхолтой явагдаж дууслаа. Таны хувьд лигийн онцлог болоод бусад багуудын тухайд хэр өрсөлдөөнтэй болж өнгөрсөн гэж дүгнэж байгаа вэ?
-Волейболын үндэсний дээд лиг 2011 оноос хойш завсарлаж, 2019 онд эргэн ирсэн. Гэвч өнгөрсөн жил цар тахлын шалтгаалж цуцлагдаж, энэ жил дахин зохион байгуулагдлаа. Цар тахлын дараах хамгийн анхны зохион байгуулагдсан заалны спорт болсон учир хүмүүс их хүлээлт, тэмцээн үзэх хүслээр цангасан нь харагдсан. Лигийн тэмцээн ч их сонирхолтой боллоо. Өрсөлдөгчдийн тухайд гэвэл өмнөх удаагийн аваргууд болох Хасу Мегаватт, Хос бар, Дархан 60, Эрчим гээд л олон жигд хүч тэнцүү багууд байлаа. Бид энэ бүх баг дээрээ анализ хийж, тактик боловсруулан тоглосон. Манай бүрэлдэхүүний хувьд ч мөн ялгаагүй мундаг тоглогчид бий.
-Тоглолтын үеэр хэрхэн багаа дэмжиж, хувь нэмэр оруулахыг эрмэлздэг вэ?
-Баг дунд лидер гэж бий. Миний хувьд багийн хоёр лидерийн нэг нь гэж явна байх. Багийн лидер хүн гэдэг тоглолт нь унасан үед багийнхнаа сэргээх, эрч хүч нь болох ёстой байдаг. Миний хувьд багийнхаа ингэж л дэмжихийг хүсдэг. Мөн манай баг тамирчид тоглолтын үед хэн нэг нь алдаа гаргавал алдааг нь тэр даруй засч, тоглолт дууссаны дараа ярилцаж бие биенээ дэмжиж өгдөг.
-Финалын тоглолтын үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Финалын эхний тоглолтын өмнө манай багийн залуус заал руу орох мөчид маш олон хүн багийн нэрийг хэлж, уухайлж дэмжиж өгч байсан гэсэн. Манайхан ч ихэд гайхаж бас бага зэрэг сандарсан.  Би нэлээд хойно орсон учир үүнийг сонсож чадаагүй. Гэхдээ залуусаасаа сонсоход маш дотно, бахархалтай санагдсан. Финалын тоглолт ч гэлтгүй бүхий л үед бид тайван байж, сэтгэл хөдлөлөө дарж чаддаг. Үүний тулд багаараа иогоор хичээллэж, дасгалууд хийдэг.
-“Натур Мед Ноён” клуб анх удаагаа аваргын цомог хүртлээ. Таны хувьд энэ аваргын цом хэр үнэ цэнтэй санагдаж байна?
-Мэдээж маш үнэ цэнтэй байлгүй яахав. Үүнээс гадна манай аавын хувьд надаас ч илүү үнэ цэнтэй байсан болов уу. Өмнө клубтээ тоглож, дасгалжуулж байсан ч мөнгө, хүрэл медаль авч аваргын цомгүй үлддэг байсан. Харин энэ олон жилийн дараа баг нь аварга болж, миний хувьд тамирчин, тоглогчийн үүднээс үүнд нь хувь нэмэр оруулж чадсандаа баяртай байна.
Үндэсний дээд лиг гэдэг Монголд болж байгаа волейболын хамгийн том тэмцээн юм. Энэ томоохон тэмцээнд түрүүлж, мөн шилдэг тоглогчоор шалгарсан явдал нь цаашдаа олон хүмүүсийн надад итгэл итгэл, хүлээлтийг бий болгосон байх. Энэ хүлээлтийг давуулах үүднээс бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж байгаа.
-Ярилцлагаа хувь хүний талаас нь илүү тодруулж, үргэлжлүүлцгээе. Сэтгэл судлалаар суралцдаг гэхээр их сонирхолтой байна. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Аавтайгаа ярилцсаны үндсэн сонгохоор болсон. Хүн дуртай зүйлээ хийвэл жаргалтай амьдардаг. Харин миний хувьд дуртай зүйл минь спорт, волейбол. Энэ мэргэжил сэтгэл судлал бас холбогдоно. Учир нь тамирчин хүний хувьд сэтгэл зүй гэдэг бэлтгэл, техникээс гадна их чухал. Үүнийг сайн тооцож, өөрийгөө удирдаж сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Энэ үйл явц надад мэдрэгддэг учир илүү холбож, судлахаар болсон. Цаашдаа сэтгэл зүйч мэргэжлээр гүнзгийрүүлж суралцах болно.
-Тэгвэл одоо мэргэжлээрээ яг суралцаад явахад хэр санагдаж байна?
-Суралцахад маш сонирхолтой, уйдах завгүй мэргэжил юм билээ. Манай МУИС-ийн сэтгэл судлалын танхим судлаач бэлтгэдэг. Миний хувьд дан ганц волейбол гэлтгүй спортын бусад төрлүүд дээр очиж судалгаа хийж байна. Энэ бүхэн их сонирхолтой сайхан санагддаг.
-Үлгэр дуурайлал авдаг хүн бий юу. Мөн өөрөө ямар тамирчин байхыг эрмэлзэж явдаг вэ?
-Би аавынхаа өмнөх тоглолтыг үзэж үлгэр дуурайлал авдаг. Мөн авга ах, “Хосбар” багийн тамирчин Р.Хангай, багийнхаа ахлагч М.Цэрэнбаатар ах нараасаа үлгэр дуурайлал авдаг даа.
Харин миний хувьд гэвэл бусад дүү нартаа зөв үлгэр дуурайл үзүүлэх хүмүүжил, ёс зүйтэй тамирчин байхыг эрмэлздэг.
-Волейболын спортыг олон залуус хичээллэн, сонирхох болжээ. Та анхлан суралцаж байгаа хүүхэд багачуудад зөвлөгөө өгнө үү. Юунд сайн анхаарах хэрэгтэй вэ?
-Хүнд маш зөв төлөвшил олгодог сайхан спорт. Үүнд тууштай байдал, бэлтгэл сургуулилт чухал. Тиймээс бэлтгэл сургуулилтаа сайн хийгээрэй, бүү шантраарай гэж хэлмээр байна. Тэгвэл сайн тамирчин болно.
-Цаашдын зорилгоосоо хуваалцана уу?
-Цаашдаа бэлтгэл сургуулилтаа хийж, шигшээ багийн түвшинд тоглох зорилготой байна. Мөн боломж гарвал гадаадын лигт тоглож, туршлага хуримтлуулах бодолтой байна.
undefined
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн