Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын цол, Гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Шагнал хүртсэн хүмүүсийг танилцуулъя.
Үеийн үед монголын ард түмний аман хишгийг тэтгэж, буянт малынхаа шимийг арвижуулж, өв соёлыг өвлөхийн сацуу баяжуулан урамжлуулж, мал аж ахуйн үр өгөөжийг дээшлүүлж, дэлгэрүүлж, хөдөлмөр алдрыг мандуулж яваа Ховд аймгийн Дарви сумын Булаг сумын малчин Р.Цэрэндоржид нийт малчин түмнийхээ төлөөлөл болгон Хөдөлмөрийн баатар цол хүртээж, алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Тэрээр шагнал авсны дараа үг хэллээ.
Р.Цэрэндорж: Хөдөлмөрийн минь үнэлж энэхүү цолыг хүртээж байгаад баярлалаа. Хань ижил, үр хүүхэд, аав ээждээ, ард түмэндээ баярлалаа. Би мэдээ орох цагаасаа өдий хүртэл мал маллан амьдарч байна. Мал маллахын хамгийн сайхан нь төлөө хүлээж аваад төл мал нь эхийгээ дагаад л хаврын булаг шанд дэлгэрч, яргуй цэцэглэх нь хамгийн сайхан байдаг. Ховд аймгийн Дарви сум таван Хөдөлмөрийн баатартай би зургаа дахь нь болж байна. Миний ард түмэн өшөө хичээгээд, ажилч хичээнгүй байвал хүрэхгүй газар үгүй билээ.
Эрдэм ухаан, мэдлэг боловсролыг хөхүүлэн дэмжсэн цагт улс орон хөгжин дэвшдэг жамтай. Ард түмнээ соёл гэгээрүүлэх их үйлсэд манлайлан зүтгэж ёс заншил, өв уламжлал, философи, улс төрийн шинжлэх ухааны салбарт олон арван бүтээл туурвиж, үе үеийн төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачдыг сурган бэлтгэж, улс орны хөгжил дэвшилд оруулсан гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, фиолософийн ухааны доктор, профессор Б. Даш-Ёндонд Ардын багш цол олголоо.
Тэрээр шагнал авсныхаа дараа үг хэллээ.
Б.Даш-Ёндон: Монгол хүн, монгол төр багшийг дээдэлж буйн илрэл нь энэхүү шагнал юм. Үүний нэг нь болсондоо би их баяртай байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны бүх салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс ард түмнийхээ багш нь байдаг. Баярлалаа. Та бүхэн минь эрүүл энх байж, эрдэм номоо хичээж сайн хүн болоорой.
Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин хайр хүндэтгэлийг нь хүлээсэн олон арван уран бүтээлийн зохиогч, түгээн дэлгэрүүлэгч, соён гэгээрүүлэгч, орчин үеийн дуу хөгжмийн урлагийн гол төлөөлөл, Чингис хаан хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайханд рок попын урлагийг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн Ардын жүжигчин цол олгож байна.
Тэрээр рок попын салбарт төрсөн анхны Ардын жүжигчин бөгөөд шагналаа авсны дараа сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Д.Жаргалсайхан: Монголын ард түмэнд эрх чөлөө, тусгаар тогтнол авчирсан 100 жилийн босгон дээр энэ алдар хүндийг хүртэж байгаадаа баяртай байна. 100 жилийн өмнө Д.Сүхбаатар үндэсний соёл урлагаа хөгжүүлэх нь бидний үүрэг гэж хэлсэн байдаг. Энэ утгаараа сүүлийн 100 жил соёл урлаг хөгжлөө. Тэр дунд рок попын урлаг 50 жилийн ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Энэ өдөр намайг Ардын жүжигчин цолоор шагнасан явдал нь рок поп хөгжмийг төрийн хэмжээнд үнэлж байгаагийн нотолгоо юм.
Намайг дэмжиж ирсэн эрхэм сонсогчиддоо талархаж байна. Сонсогчид, шүтэн бишрэгчгүйгээр ямар дуучин, хөгжимчин байх вэ. Та бүгдийг хүчээр бид өдий зэрэгтэй яваа гэдгээ ойлгож та бүхний төлөө ядарснаа, зүдэрснээ умартан дуулж, тайзан дээрээ амьдрах олон жил урд минь байгаасай гэж залбирч явдаг юм. Рок попын бүх уран бүтээлчдийн өмнөөс талархснааа илэрхийлье. Рок попын ертөнц анх Монголд үүсэж байхдаа нэг паз автобусанд багтдаг байсан бол одоо дөрөв, таван галт тэргэнд ч багтахгүй шахам өнөр бүл болсон. Рок поп хөгжим бусад урлагийн салбартаа нөлөөлж чадаж, тэдний хөгжихөд тулгуур болж байгаа суурь урлагийн нэг болсонд баяртай байна.
Монгол хүн хөх тэнгэрийн мандал сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын иргэнийг сансрын нислэгт оролцохтой холбогдсон ажлын бэлтгэл явцыг зохион байгуулах, сурталчлах асуудал эрхэлсэн комиссыг амжилттай удирдан зохион байгуулсан Г.Адьяаг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.
Бүх цаг үед хамгийн их хүндэтгэл, талархлыг хүлээж, улс эх орныхаа ирээдүй, ард түмний эрүүл мэндийн манаа, сурган хүмүүжүүлэх их үйлсэд цаг наргүй сэтгэл зүтгэл гарган хөдөлмөрлөж байдаг, ялангуяа цар тахлын хүнд нөхцөлд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа эмч, багш нарын төлөөлөл болсон ЭХЭМҮТ-д тасралтгүй 32 жил эх баригч эмчээр ажиллаж байгаа Б.Буянаад Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр сургуулийн ахмад багш, 90 насны ойг шүргэж байгаа азай буурал Х.Хатирад Гавьяат багш цол олголоо.
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болсон Б.Буянаа нь Монгол Улсын гурав дахь сая иргэний ойрын чацуутныг эх барьж авсан бөгөөд сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Буянаа: Монгол эх үрсийнхээ төлөө зүтгэж яваадаа баярлаж байна. Эх үрс минь, ард түмэн минь эрүүл байвал баярлаж явдаг. Би 32 жилийн турш ЭХЭМҮТ-д ажиллахдаа 15 мянга гаруй хүүхэд эх барьж авсан. Миний хөдөлмөрийг үнэлсэн төр засагтаа маш их баярлалаа.
Ард түмнийхээ хүнсний хэрэгцээг дотооддоо хангахын зэрэгцээ, органик хүнс экспортлогч болон томоохон зорилт тавиад байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд улс орны үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг болох хүнсний аюулгүй байдал, хүн ардыг эрүүл аюулгүй хүнсээр хангах нөр их үйлсэд ажил хөдөлмөрөөрөө манлайлан оролцож байгаа газар тариалангийн салбарын төлөөлөл Х.Даваахүүд Гавьяат механикжуулагч, Н.Бадралхүүд Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор шагнаж байна.
Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэл,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
“Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн тооцооны ахлах инженер Чойжилсүрэнгийн Баасанхүү,
“Багануур” хувьцаат компанийн Багануур уурхайн машинист Дагиймаагийн Мөнхжаргал,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Тагнуулын Ерөнхий газрын Газрын дэд дарга, дэд хурандаа Батмөнхийн Батбаяр,
Хилийн цэргийн 0132 дугаар ангийн харуулын дарга, ахлах ахлагч Ганболдын Ганхүү,
Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Ротын ахлагч, сургагч ахлагч Гомбын Содбаяр,
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Толгойт” өртөөний машинист Цэндийн Эрдэнэцэцэг,
“Модун групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захирал Должидын Батбаяр,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
Нийслэлийн Онцгой байдлын аврах ангийн аврагч Гомбын Отгонбаяр,
Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа Баатарын Чойжилсүрэн нарыг тус тус шагналаа.